Арлын Японы хэрэглэгчдийн дунд “Явуу” брэндээрээ хэдийнэ танигдаж эхэлсэн загвар зохион бүтээгч Б.Явууцагаан 2016 оны сүүлчээр Монгол эх орондоо загварын шоугаа анх удаа толилуулсан билээ. Загвар зохион бүтээгчийн хувьд тэр япон үндэстний томоохон өв соёлын нэг болох кимоног шинэчлэн, орчин үеийн загварын чиг хандлагад европ маягтайгаар нэвтрүүлж буйгаараа онцлогтой. Кимоногийн чамин тансаг материалыг, кубизмын эцэг гэгддэг Пикассогийн уран зургийн нарийн элементүүдтэй хослуулсан бүтээлүүдийг нь дээрх шоуны үеэр Японы кимоногийн үндэсний нийгэмлэгийн удирдлагууд ихэд үнэлэн, Токио хотод дэлгүүр нээж өгөхөөр болжээ.
“Кимоногийн нийгэмлэгийнхэн “Япончуудын үндэсний соёлыг гадаад ертөнцөд сурталчилж буй таны ажлыг дэмжихдээ бид баяртай байх болно” гэсэн. Токиод дэлгүүрээ нээхийг маш олон загвар зохион бүтээгч мөрөөддөг. Японд асар том зах зээл байдаг учраас энд дэлгүүрээ нээх нь дэлхийн брэндүүдийн хувьд нэр төрийн хэрэг. Тиймээс их баярлаж байгаа. Одоогоор Токиогийн яг хаана нь дэлгүүр нээх вэ гээд байршлуудыг судалж байна. Удахгүй дэлгүүрээ нээгээд, Монголынхоо брэндүүдийн бүтээгдэхүүнийг аваачиж худалдана” хэмээн Б.Явууцагаан ярилаа. Ирээдүйд Монголдоо үйлдвэр байгуулж, Япон зэрэг улс руу бүтээгдэхүүнээ экспортлох том зорилготой тэрбээр “Mongolia’s next top model” телевизийн шоуны эхний хэсгийг шүүхээр эх орондоо түр ирээд байгаа юм.