“Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” Улсын уралдаан 20 дахь жилдээ болж, шилдгүүдээ тодруулав. Энэ жил долоон ангилалд нийт 700 орчим уран бичигтэн өрсөлдлөө. Шагнал гардуулах ёслолд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Ганболд, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, “Монцамэ” агентлагийн захирал, Соёлыг гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг, “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа тэргүүтэй зочид оролцов. Өсвөр, залуу үеийн монгол бичгээ сурах сонирхлыг бадраах, үндэсний бичгээ төгс эзэмшигчдийг алдаршуулж, урамшуулах зорилгоор 2000 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа, Ерөнхий сайд 14 удаа хүрэлцэн ирж уралдааны шилдгүүдийн шагналыг гардуулж буй.
Тус уралдаанд бүх аймаг, сумд, есөн дүүргээс сайхан бичигтнүүд оролцсон бөгөөд Баянхонгор, Төв, Архангай аймгаас хамгийн олон хүн бүтээлээ ирүүлсэн байна. Оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн БГД-ийн иргэн, 90 настай С.Жигмэдсүрэн, хамгийн балчир нь нийслэлийн 60 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Тэмүүжин байв. “Монголын сайхан бичигтэн 2016” улсын уралдааныг нээж “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа үг хэлэв. Тэрбээр “Үндэсний хэл соёлоо хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд хувь нэмэр оруулж буй хүн бүхэнд талархал илэрхийлье. Бид мартаж болохгүй баян тансаг эх хэлнийхээ эзэд нь байх ёстой” хэмээв. Уралдааны шилдгийн шилдэг оролцогчоор Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Е.Анужин эзэлсэн бол тэргүүн байрын эзнээр Сүхбаатар аймгийн үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ө.Ундармаа, нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Энхзаяа, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Бадамцэцэг нар тодорч МУИС, МУБИС-д төрийн сангийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй болов.
Өнгөрсөн жилээс шинээр шалгаруулж буй, хамгийн олон оролцогчтой нэг төрөл нь “Сайхан бичигтэн анги” байв. Багш, сурагчдын хамтын хөдөлмөр зүтгэлийг тодорхойлдог энэ ангилалд өнөө жил 80 гаруй анги, хамт олон бүтээлээ ирүүлснээс Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” цогцолбор сургуулийн Б.Цэцэгмаа багштай 11-ын “Б” анги тэргүүн байрын эзэд болов. Уралдааны уран бичлэг төрөлд “Бичиг соёл боловсрол” төвийн уран бичээч Э.Анхбаяр, бүтээл төрөлд СУИС-ийн багш Ба.Шаравнямбуу, мэргэжлийн багш ангилалд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны ЕБС-ийн МХУЗ-ын багш А.Баянжаргал нар шилдгээр шалгарав. Ш.Лувсанвандан сангийн нэрэмжит шагналаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн багш, сурагчдын хамтарсан баг, ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөлийн технологийн багш Э. Буяндэлгэр, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналаар нийслэлийн нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Д. Батмөнх, Ч.Намчингийн нэрэмжит шагналаар Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Т.Лхагвабаатар, Б.Мөнх- Эрдэнэ нар тус тус шагнуулав. Энэ жил “Хүмүүн бичиг” сонины 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан эл сониныг бүтэн жил үнэ төлбөргүй захиалж унших эрхээр 20 оролцогчийг мөн шагнав.