Монгол Улсын соёлын элчээр АНУ-ын Калифорнийн их сургуулийн багш, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэгийг томиллоо.
Тэрбээр 1995-2002 онд СУИС, Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилж байсан. 2009 онд АНУ-ын Калифорнийн их сургуульд “Нүүдлийн их хүрээ хийдийн Монголын хожуу үеийн Буддын шашны урлаг” сэдвээр докторын зэрэг хамгаалж эдүгээ тус сургуульд багшилж байна.
Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр идэвх зүтгэлтэй ажиллаж буй Ц.Уранчимэг 2015 онд “Mongolia Initiative” хөтөлбөрийг боловсруулж Калифорнийн их сургуулийн “Монгол судлалын төв”-ийн үйл ажиллагааг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Мөн 2002 оноос хойш Монголын орчин үеийн урлаг, соёлыг сурталчлах, үзэсгэлэн гаргах, монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг хилийн чанадад санаачлан амжилттай зохион байгуулж ирсэн байна.
Ц.Уранчимэг Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа эх орноо гадаадад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулж монгол судлалыг хөгжүүлэхээс гадна дэлхийн бусад улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад Харилцааны Яамтай хамтран ажиллана.