Наадам, Цагаан сар бидний хувьд гайхалтай сайхан баяр гарцаагүй мөн. Монголоо гэсэн омогшил, улс үндэстнээ гэсэн бахархлыг чухамхүү тэр өдрүүдэд илүү мэдэрдэг. Гэхдээ л тэсгим хүйтнийг уяраасаар цан хүүрэг татуулан ирдэг өвлийн өвөөг тэсэн ядан хүлээдэг шиг тийм нэг нандин, бас нууцлаг, тэгээд гэгэлгэн хүсэл мөрөөдлийг Шинэ жилийн баяраар л мэдэрдгийг үгүйсгэх аргагүй. Тийм ээ, энэ бол дэлхий нийтийн баяр. Тэгээд том, жижиг, хар, шар, цагаан гэлтгүй бүх л хүнийг гэгэлзүүлдэг цэнгүүн. Чухамхүү энэ л баяраар ид шид биелдэг гэж хүүхэд нас итгэдэг. Тийм ч учраас шинэ жилийн шидэнд илбэдүүлж үзээгүй хүн үгүй биз ээ.
Жавар тачигнасан энэ өдрүүдэд биднийхээр бол Өвлийн өвөө бусдынхаар нь Дед мороз, Ноел, Санта Клаус, Баббо-Натале, Фазер Кристмас, Микулаш, Паккайне, Юльтумте, Йоулупукки гээд чухам хэн гэж нэрлэх нь хамаагүй ээ, шидэт таягаа барьсан өвлийн өвөө нар дэлхий ертөнцөөр аялан, Шинэ жилийн баярыг тунхаглан зарлаж байна. Тэр дундаас онцлон, олон улсын “Найрамдал” төвд зочилсон таван тивийн өвөөтэй уулзахаар өнгөрсөн бямба гаригт тус газрыг зорилоо.
Ойрын хэдэн өдөр “Найрамдал”-ынхан “оволзож” байна. Өдөр бүр 600 гаруй хүүхдэд гайхамшигт дурсамж тэрлэх гээд тун ч завгүй байгаа тэд энэ сарын 21-нээс шинэ жилийн сүлд модны наадмаа эхэлжээ. Жил бүр “Найрамдал”- ын харшийн наадамд оролцох багачуудыг цагдаагаар хамгаалуулан, тусгай автобусаар, хүндэтгэлтэйгээр хүргэн өгч, буцаадаг уламжлалтай. Энэ дагуу бид тус төвийг зорих автобусанд сууж, өвлийн өвөөтэй уулзаж, хүүхэд насандаа очих аялалд гарлаа.
“Найрамдал”-ын сүлд модны наадмын хамгийн гол шигтгээ нь таван тивийн өвөө байдаг. Үүн дээр өртөөчилсөн аяллууд, хүслийн онгоц хөөргөх, мөрөөдлөө буулган зурах, одон орныг дурандах, хамтдаа бүжиглэн наадах гээд олон сайхан хөтөлбөр энэ өдрүүдийг улам баяжуулан, багачуудыг хөгжөөдөг юм.
Бямба гариг онцгой өдөр байлаа. Ес эхэлчихсэн хэрнээ нар таатай ээгээд, салхи ч үгүй тун тогтуун байв. Ийм л өдөр нийслэлийн шилдэг сурагчид, дүүргүүдийн халамж үйлчилгээний төв болон Улаанбаатар хотын Захирагчийн урилгаар 650 хүүхэд энд зочилсон. Тэдний зардлыг НЗДТГ-аас даасанд тус хамт олон талархал илэрхийлснийг уламжилъя.
Өмнө нь олон жил эл зардлыг “Найрамдал”-ынхан гаргадаг байсныг мэдэх юм. Энэ жил буюу 2016 онд олон улсын “Найрамдал” төвд улсаас нэг ч төгрөг өгөөгүй юм байна. Гэсэн ч тэд чин сэтгэл, зүтгэлээрээ бүгдийг зохицуулан, сүлд модныхоо наадмыг сүрлэг сайхан тэмдэглэж буйг онцлон хэлэх нь зүйтэй болов уу.
“ГАЙХАМШИГТ ХОНХНЫ ЖИНГЭНЭЭ”
“Найрамдал”-ын харшийн наадмын гол баатрууд, соёлын арга хэмжээ болон тоглолтыг хот, хөдөөгөөс урлаг, спортын амжилтаараа шалгарсан шилдэг сурагчдын авьяас зүтгэлээр бүтээдгээрээ онцлогтой. Тэд том хэмжээний концерт, жүжигчилсэн тоглолтыг мэргэжлийнхнээс дутахгүй гаргадаг нь бахархалтай. Мэдээж, аливаа тоглолтын ноён нурууг найруулагч босгодог. Энэ утгаараа эл наадмыг сүүлийн 26 жил тасралтгүй найруулан, тоглуулсан УДЭТ-ын жүжигчин, тус төвийн дэд захирал, Соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбатад багачуудын өмнөөс талархъя.
2016 оныг үдэх харшийн сүлд модны наадмын тоглолтоо тэрбээр “Гайхамшигт хонхны жингэнээ” хэмээн нэрлэж, “Хараацай” театрын тайзнаа амилуулахдаа 90 гаруй сурагч, багачуудыг хамруулжээ. Тэрбээр “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн уянга-Борхойн дэг”, Өвөрхангайн “Болор-2”, Сэлэнгийн Түнхэл тосгоны “Эрдэнэс-5” болон Мандал сумын “Нарны домог” бүжгийн хамтлаг, Говьсүмбэр, Баянхонгор аймаг, нийслэлийн 50, 52, дөрөвдүгээр сургууль, ХБК, “Монгени”, “Бадмаараг” цогцолбор, КУДС-ийн лицей сургуулийн сурагчдад, Монголын хүүхдийн ордны багачууд, “X roses” уран нугаралтын төвийнхөнд баярласнаа илэрхийлье.
Бидэнтэй олон жил хамтран ажиллаж, “жүжигчдээ” бэлтгэсэн Ч.Эрдэнэцэцэг, н.Энхсайхан Б.Одонтуяа багш нартаа маш их баярладаг шүү. Та бүхний хүчээр Монголын олон хүүхдийн дурсамж хөглөгдөж, “Найрамдал”-ын Шинэ жилийн баяр улам өнгөтэй, амттай болсон” хэмээн онцоллоо.
“Гайхамшигт хонхны жингэнээ”-г энэ өдрийн эрхэмсэг зочдод толилуулахаар бэлтгэлээ базааж буй багачууд хөшигний ард бужигналдана. Нэгнийхээ нүүрийг будаж, хувцас гоёлоо янзалж, үгээ давтана. Таван тивийн төлөөлөл болсон өвөө нарт энэ жил 8-9 настай хөвгүүдийг сонгосон аж. Хэдэн жилийн өмнө “Найрамдал”-ын өвлийн өвгөний албыг хашиж байсан 4-6 настай багачууд өсөж, том болоод “тэтгэвэртээ” суусан учраас тэдний орыг залган шинэ үеийн “өвөө” нар түрэн гарсан нь энэ.
Дээл хувцсаа өмсөж, сахал, үсээ зүүгээд, нүүрээ будуулах тэдний хажуугаар хэдэнтээ гүйж өнгөрсөн салбадайн хувцастай хүү анхаарал татлаа. Хаа газрын Шинэ жилийн баярыг алиа салбадайгүй төсөөлөх аргагүй. Тэр тусмаа “Найрамдал”-ын сүлд модны наадмын хамгийн чухал холбоос нь салбадай байсаар ирсэн. Энэ жил эл хариуцлагатай албанд нийслэлийн дөрөвдүгээр сургуулийн сурагч Э.Гүнхүслэн томилогджээ. Тэрбээр “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгээр багачуудад хэдийнэ танигдсан “од” юм билээ.
“Би ер нь их хөгжилтэй хүүхэд л дээ. Тэр утгаараа дүр маань надад нэлээд зохисон байх. Би анх удаа алиалагч боллоо.Ер нь алиалагч бусдыг инээлгэдэг азтай хүн. Би багачуудыг инээлгээд, тэднээс дутахгүй аз жаргалыг мэдэрч байгаа. Намайг хараад хүүхдүүд инээж л байвал би үүргээ сайн биелүүллээ гэсэн үг дээ” хэмээсэн Э.Гүнхүслэн ёстой л “өрөмний өт” аж.
Түрүүнээс хойш үүгээр түүгээр холхиж, үсээ илж, амандаа дуу аялах Х.Тэлмүүн хүү нэг л танил санагдаад байлаа. Хаана харснаа санадаггүй ээ. Гэтэл мань хүү “Авьяаслаг монголчууд” анхдугаар шоунд оролцож, “Сайн байна уу, Улаанбаатар минь” гээд л хэвлүүхэн дуулж, хүмүүсийн сэтгэлд хоногшсон нэгэн байсныг Санта өвөө сануулаад өгөв. Алаг нүдээ эргүүлээд л айхтар сүрхий ярих нь яг л том хүн шиг хэрсүү юм гээч, энэ Тэлмүүн. Ирээдүйд дэлхийд танигдсан дуучин болох мөрөөдөлтэй тэрбээр Баянхонгор аймгийн хоёрдугаар сургуулийн 7в ангид сурдаг юм байна.
Өөрийг нь дэмжиж, ийм сайхан арга хэмжээнд ая дуугаа өргөх боломжоор хангаж, хичээлээс нь чөлөөлсөн Лхагвасүрэн багшдаа баярлаж байгаагаа уламжилсан тэрбээр “Найрамдал”-ын харшийн наадам бол Монголдоо хамгийн том нь, бас хамгийн гоё нь. Энд ирээд тав хонож, дөрвөн тоглолтод оролцохдоо олон найзтай боллоо. Бид их эв найртай байдаг” гэлээ.
ӨВЛИЙН ӨВӨӨ УЙЛДАГ ЮМ БИЛЭЭ
Тайзны арын ажил ерөнхийдөө жигдэрчээ. Гүнжийн даалгавраар олон орны үлгэрийн баатруудыг “Найрамдал”-ын сүлд модны наадамд урин залах даалгавартай шидтэн өвгөн хонхоо жингэнүүлэх мөч ойртсоор. Энэ тоглолтын хамгийн чухал имиж болсон таван “өвөөтэйгөө” нүүр тулан танилцлаа. Нүүрээ хамгийн түрүүнд энгэсэгдүүлэн, бэлтгэлээ хангасан Б.Дагвадорж Америк тивээс “ирсэн” Санта юм. Хоёр дахь жилдээ өвлийн өвгөн болж байгаа тэрбээр “Хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулдаг нь хамгийн гоё шүү дээ” хэмээн өөрийн “ажлыг” магтав. Нийслэлийн 50 дугаар сургуулийн 4е ангийн сурагч Б.Дагвадорж сайн дураараа найз нараа танилцуулж, тус бүрийнх нь онцлогийг надад хэлж өгсөн. Түүнд баярлалаа.
Африк тивийн “өвөөг” Э.Тэнгис гэдэг. Найман настай. “Манай Африк тив их халуун байдгаараа бусад газрын өвөөг бодвол би арай өөр” гэж ирээд л тун хэвлүүхэн тайлбарлах түүнд дүр нь их зохисон мэт. Эрээн даавуун даашинз, эсгий бойтогтой, тэгээд цасан цагаан үс, сахалтай энэ хөөрхөн “өвөө” үнэхээр хар тивийнх нь бололтой. Божгор бор, тэгээд бусад “өвөөгөөс” биеэр нэлээд жижиг болоод тэр үү илүү өхөөрдөм, эгдүүтэй юм.
Австрали тивийн өвөөгийн хувцас нь мөнх ногоон модыг санагдуулам аж. 50 дугаар сургуулийн 3д ангийн сурагч Л.Хишигцэрэн анх удаагаа ийм хүндтэй албанд томилогджээ. Намуухан дуутай түүний нүүрийг цагаанаар будаад, хацрыг нь үл ялиг улайлгасан харагдана. “Найрамдал”-д уригдсан өөр нэг “өвөөг” Х.Батболд гэдэг. Австрали “өвөөтэй” нэг ангийнх гэнэ. Түүнийг хаанаас нь ч харсан монгол өвлийн өвөө юм. Бусдаасаа илүү урт сахал нь сүртэй харагдуулж, тэнгэрийн өнгөтэй дээл нь дотно санагдуулна. Өвгөд маань ингээд тайзан дээр гарахад бэлэн болов.
Тайзны арыг нэг тойроод иртэл австрали өвөө маань учиргүй уйлж байх юм. “Яадаг билээ, өвлийн өвөө уйлдаг юм уу. Нүүрнийх нь будаг урсаад сүйд боллоо, яана аа” гэж аргадахад “мэргэжил” нэгтнүүд рүүгээ хяламхийн харснаа “Наадуул чинь намайг “сүнс” гээд байхаар уйлахгүй яадаг юм” гээд л гоморхов. Тэгтэл угийн сэргэлэн Б.Дагвадорж “сахлаа” буулгаж, нүдээ жоотийлгоод “Энэ монгол өвөө л тэгсэн юм. Түрүүнээс хойш л тэгээд байсан” гэж буруутныг шүүв.
Хөөрхий, нулимс нь зам татуулан урсах, гомдсон өвөөг тоглолтод оролцох дуучин хүү тайтгаруулан, нүүрнийх нь энгэсгийг янзалж байгаа нь дүүгээ аргадах ахаас ялгаа юун.
Энэ мэтээр элдвийн л “хөөрхөн” явдал тайзны ард өрнөлөө. Үүнээс ч илүү гоё нь тайзны урд, үзэгчдийн нүдэн дээр болно. Тэгэхээр уйлж, эрхэлж байх зав хаана байх билээ.
Өвөө, салбадай, гүнж, шидтэн, муур авхай, түүний туслах Василий гээд үлгэрийн баатрууд, үүн дээр урлагийн тоглолтын гол хүчин болсон бүжигчин, дуучин, нугараач хүүхдүүд хонх жингэнэж, хөгжим дуугарахыг хүлээх л үлдлээ. Тэгсэн ч гэсэн энэ зуурт нэгнийгээ шоолж, бусдыгаа хөгжөөхөө ч хүүхдүүд мартсангүй. Хүүхэд нас ийм бөлгөө.
ХОТЫН ДАРГА “ГИЖИГДҮҮЛЭВ”
Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй “Гайхамшигт хонхны жингэнээ” жүжигчилсэн тоглолт эхэллээ. Хүүхдүүдэд таалагдаж буй нь илт. Хоёр салбадай үүргээ “онц” биелүүлж, багачуудыг баярлуулж, баахан инээд хөөр бэлэглэсэн бол урлагийн тоглолт ёстой л бяц авав. Энэ баярт хүрэлцэн ирсэн нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид багачуудаас дутахгүй хөөрсөн харагдана.
Тоглолт өндөрлөх тийш хандаж, хамгийн их хүсэн хүлээдэг мөч ирлээ. Энэ бол таван тивийн өвлийн өвгөн сурлага, хүмүүжлээрээ шилдэг болсон хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг оргил үе юм. Хотын дарга тайзан гарч өвөө нартай хамт бэлэг гардуулж байснаа тэсгэлгүй инээд алдав. Жаахан Сантанууд өөрөөсөө том, өндөр хүүхдүүдэд бэлгийг нь өгөөд, хацар дээр нь үнсдэг энэ хэсэгт уярч, өхөөрдөхгүй хүн гардаггүй юм.
Хүүхдүүд хүртэл “Хүүе ээ, хөөрхөн юм бэ. Өвөө өлмийгөө өргөөд үнсэж байна шүү дээ” гээд л шуугилдав. Тэр дундаас хамгийн жижигхэн, африк “өвгөн” онцгой өхөөрдөм байсан. Бусад нь багачуудын нэг хацрыг үнсэж байсан бол өнөөх чинь харин хоёулан дээр нь үнсэх гээд л зүтгэв.
Тоглолт урд урьдын жилүүдийнхээс илүү далайцтай, энтертайнмент чиглэлттэй болсноороо өвөрмөц байсныг дурдах ёстой. Тэгж хичээсэн гэдгээ ч Б.Отгонбат захирал ярьсан. Өөрийгөө жаахан эвдэж, шинэлэг уур амьсгал оруулахыг хичээснийг үзэгчид маань мэдрээсэй хэмээн тэрбээр онцолсон.
Олон улсын “Найрамдал” төвийн маркетингийн менежер М.Нарангэрэл “Манай төв Шинэ жилийн харшийн сүлд модны наадмаа 37 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Бид уламжлал ёсоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж үйлчилгээний болон асрамжийн төвүүдийн 900 гаруй хүүхдийг харшийн наадамдаа хамруулах төлөвлөгөөнийхөө дагуу өнөөдөр 600 орчмыг нь хүлээн авч, баярлууллаа.
Баяртаа ирж амжаагүй үлдсэн хүүхдүүдийн бэлгийг албаны хүмүүсээр дамжуулан түгээх болно. Энэ жил бид орон нутгийн багачуудыг зочноор хамруулахыг зорьсон. Энэ дагуу хөдөөгийн хүүхдүүд олон ирсэн байна. Жил ирэх тусам манай харшийн шинэ жилийн наадам өргөжиж байна. “Хараацай” театр минь хангалттай том ч сүүлийн жилүүдэд зочдод маань хүрэлцэхгүй шинжтэй” хэмээлээ.
Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоос сэтгэгдлийг нь сонслоо.
-Та түрүүн сэтгэл тун хангалуун харагдсан. Ер нь хэзээ хамгийн сүүлд хүүхдийн багт наадам, Шинэ жилийн баярт оролцож, эрч хүчээр сэлбэгдэж байв?
-Ер нь ийм сайхан зүйл үзэлгүй нэлээд удсан байна шүү. Нийслэлийн халамж, үйлчилгээний төвийн хүүхдүүдтэйгээ ирж, хамтдаа баярласандаа сэтгэл хангалуун байна. “Найрамдал”-ын хэмээх нэртэй энэ тоглолт үнэхээр сайхан болж байна.
-Та багадаа шинэ жилийн баяраар ямар амьтан болж байв. Энэ баяртай холбоотой мартагдашгүй дурсамжаасаа хуваалцана уу.
-Би шинэ жилийн багт наадамд амьтан болж байгаагүй юм байна шүү. Урлагийн тийм авьяас надад байхгүй. Харин онц сурч өвлийн өвөөгөөс бэлэг авч байсан. Тэр их сайхан мөч байжээ. Тухайн үед нарийн нандин амттан шимтэн бага байсан болоод тэр үү өвлийн өвөөгийн бэлэг хамгийн гайхалтай нь байсан. Бас тэр үед уулнаас гацуур авчраад, чимдэг байлаа. Бүр тэсэн ядан хүлээнэ шүү дээ, гацуураа чимэх гээд.
-Хүүхдүүд маань үнэхээр авьяастай байгаа биз. Өөрийн үеийнхнийг одоогийн хүүхдүүдтэй харьцуулахад ямар санагдав?
-Манай хүүхдүүд их авьяастай, бас их нүүрэмгий болжээ. Сэтгэлгээ нь хүртэл их далайцтай болсон нь мэдрэгдэж байна. Мөн тэд үүрэг даалгавраа чин сэтгэлээсээ биелүүлж чадаж байгаа нь бахархалтай. Мэргэжлийн дуучин, жүжигчид шиг байна.
-“Найрамдал”-ын сүлд модны наадмын гол баатар нь өвөө нар байдаг. Та тэднийг хараад баахан инээсэн. Таныг “гижигдэж” чадав уу?
-Үнэхээр хөөрхөн “өвөө” нар байлаа. Дүрдээ итгээд бэлэг өгсөн хүүхдүүдийг үнсэх гээд зүтгэж байгаа нь өхөөрдмөөр юм. Инээхээс өөр аргагүй байлаа.
Ийнхүү “Найрамдал”-ынхан 2016 оноо үдэж байна. Ирэх жил уулзатлаа баяртай.