Үзэгчийн хоног тоолон хүлээж, шимтэн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг аль хэдийнэ болсон “Авьяаслаг монголчууд-2016” шоу өчигдөр өндөрлөж, 100 сая төгрөгийн эзэн, ялагчаар О.Энх-Эрдэнэ шалгарсан билээ.
Эл шоуны турш түүнтэй хамгийн эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж, зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн иргэдийн хүндлэлийг хүлээсэн оролцогч бол яахын аргагүй Б.Шижирбат.
График анимешн, бүжиг хоёрыг хослуулснаараа онцлог басхүү өвөрмөц түүний хоёр дахь үзүүлбэрийг өдгөө дэлхийн 100 гаруй сая хүн үзээд буй.
Түүгээр ч үл барам дэлхийн алдарт “Mashable” сайт онцолсон нь Б.Шижирбат яах аргагүй дэлхийд танигдсаных нь илрэл.
Мөн Нидерландын Бокстел-оос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюсер Sammy Renders (Sam Feldt) өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулж Б.Шижирбатад хамтран ажиллах санал тавьсан юм.
Өдгөө цахим ертөнцөд Б.Шижирбат түрүүлэх учиртай байсан хэмээх маргаан, шүүмжлэл хамгийн хүчтэй өрнөж буй.
Харин Б.Шижирбат өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулж “Сайн уу, Юуны өмнө намайг дэмжиж, орилж, хашгичиж, миний өмнөөс уйлж сандарч, нэгжээ дуустал санал илгээсэн, арын ажилд минь тусласан бүх хүнд талархсанаа илэрхийлмээр байна.
Бүжгийн тэмцээнд анх орж байхдаа л байнга хоёрдугаар байрт ордог байсан.
Тиймдээ ч сурчихсан гэх нь юу юм бэ, сэтгэл санаагаар унаж, гутарсан юм байхгүй. Хоёрдугаар байр тэр үеэс л намайг болон хамтлагийг маань чангалсаар ирсэн. Цаашид хийе гэж бодож, санасан ажил үйлс их байгаа. Би тэмцээнд ганцаараа ялагдаагүй учраас сэтгэлээр унаагүй ээ.
“Авьяаслаг монголчууд-2016” шоунд оролцсоноор өөрийгөө жинхэнэ утгаараа нээж, илрүүлж, дайчилж чадсан гэж бодож байгаа.
Хэрвээ ороогүй байсан бол надад LED дэлгэц ашиглан уран бүтээл хийх боломж хаана ч гарах байсан юм бэ.
Хугацаа их ордог энэхүү бүтээлүүдээ хийхдээ хийсэн судалгаа, орж ирсэн шинэ санаанууд, богино хугацаанд хэрхэн хурдан ажиллах вэ гээд их зүйл сурлаа.
Хагас шигшээ тоглолтод оролцохдоо долоо хоногийнхоо 4,5 дахьд нь видеогоо бэлэн болгоод өрсөлдөж байсан. Харин шигшээд өрсөлдөх өдрийн хоёр цаг гэхэд видеогоо арай гэж дуусгаад тайзан дээр хэд хэдэн удаа бэлдэж амжсан даа.
Монгол телевизийн хамт олондоо үнэхээр их баярлалаа. Ийм сайхан тэмцээн зохиож, олон хүний авьяасыг нээж, хөгжүүлж чадсанд нь.
Мөн “Авьяаслаг монголчууд-2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэдээ дахин баяр хүргэе. Та бүхэндээ баярлалаа” хэмээлээ.