Монголын Урчуудын эвлэлийн галерейн хаалгаар ороход энд тэндээ сэмэрч урагдсан муутуу цаасан дээр элдэв өнгийн будгаар сараачаад, жаазалсан байв. Муутууны дээр “Монгол Улсын үндсэн хууль” гэж бичжээ. Үүнийг зураач П.Ганбат орчин үеийн урлагийн бүтээлийн хөгжил, өнгө төрхийг харуулах, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой “Контемпорари арт” үзэсгэлэнд дэлгэсэн юм. Эл үзэсгэлэнд “Шинэ урлаг” нэгдэл 21 уран бүтээлчийн 19 баримал, видео, фото арт, инстоляц, уран зургийг энэ сарын 8-нд олны хүртээл болгожээ.
Зураач П.Ганбат “Үндсэн хуульд заасан “Монгол хүн амьд явах эрхтэй” гэдэг үг хүн бүрт тэгш байх ёстой. Гэтэл иргэд хуулийн ялгаатай үйлчлэлийг хувь тавилан мэт ойлгож, эвлэрэх болов. Хэн нэгэнд хууль үйлчлэхгүй бол бусдад нь тод харагдаж, хаа сайгүй дагана. Тиймээс тэгш эрхийн төлөөх хүслээ бүтээлээрээ илэрхийллээ” гэв.
Үзэсгэлэнгээс эсгий, нум сум, шагайгаар урласан бүтээлүүдийг сонирхох боломжтой. Мөн залуу уран бүтээлчид орчин үеийн урлагаар дамжуулан нийгмийн хар барааныг этгээд, өвөрмөцөөр харуулахыг зорьсон байна. Тухайлбал, толгойгоо гудайлган, өвдгөө тулан зогсож буй эрийг зэвэрсэн төмрөөр бүтээжээ. Тэд агуулгын өргөн хүрээнд тодорхой арга барил, дүрслэл, шаардах техник, технологид баригдалгүйгээр чөлөөтэй сэтгэсэн нь уг үзэсгэлэнгийн онцлог байлаа. Уран бүтээлүүд энэ сарын 14 хүртэл олны хүртээл болно.