Монголын хүүхдийн уран зохиолын түүхэнд тодоор тэмдэглэгдэх нэгэн чухал үйл явдал өнгөрсөн баасан гаригт болсон нь Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Төрийн соёрхол хүртсэн явдал байв. Монголын хүүхдийн зохиолчдоос тэрбээр ийм хүндтэй шагнал хүртсэн анхдагч нь болов.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд шагнал гардуулахдаа “Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Хүүхдийг сайн хүн болгохын тулд оюун ухааныг нь хөгжүүлэх хэрэгтэй. Хүний оюун ухаан хүүхэд ахуйдаа төлөвшдөг. Үүнд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулдаг хүн бол хүүхдийн зохиолч юм” гэв. Ж.Дашдондог гуайтай утсаар холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Танд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Шагнал авах болсноо дуулаад хэрхэн хүлээж авсан бэ?
-Миний зохиолыг шимтэн уншдаг үе үеийн хүүхэд багачууддаа баярлалаа. Хүүхдийн утга зохиолыг төр үнэлсэнд чин сэтгэлээсээ баярлаж байна. Би хүүхэд багачуудад зориулан 100 гаруй ном хэвлүүлсэн. “Аав, ээж, би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө”, “Гурван марал” зэрэг бүтээлээрээ энэ сайхан, хүндтэй шагналыг авлаа.
Ерөнхийлөгчийн зарлигт “Дэлхийн хүүхдийн утга зохиолын санд Дорнын сэтгэлгээ, сувдан сондор адил үлгэрийн цомог нээж, хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг үнэлэв” гэж бичсэн байна лээ. Маш их баярлаж байна.
-Уран бүтээлч хүнээс сүүлийн үеийн бүтээл, туурвилынх нь талаар асуухгүй өнгөрч боломгүй. Багачууддаа ямар бэлэг барих гэж байна вэ?
-Хамгийн сүүлд цэцэрлэгийн багачуудад зориулж “Чихрийн цаасан дээр бичсэн үлгэрүүд” номоо хэвлүүлсэн. Чихрийн цаасны жижигхэн зайд өргөн агуулга бүхий үлгэр багтаан бичсэн, их өвөрмөц бүтээл. Цаашид ч олон бүтээлээр бэлэг барина.