“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын дипломат ажилтанд өнгөрсөн сарын 22-нд зодуулсан билээ. Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд болсон хэрэг явдлын талаар мэдээлэл өглөө.
С.Амармандах өдгөө хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд саяхан ухаан орж, олон нийтэд мэдээлэл өгөх тэнхэлтэй болжээ.
Тэрбээр “Хэвлэл мэдээлэл, фэйсбүүкээр миний төдийгүй гэр бүлийн маань нэр хүндэд халдсан гүтгэлэг гарч байгаад харамсаж байна.
“Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээний үеэр болсон энэ хэрэгт Нийслэлийн засаг дарга С.Батболд, ИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг буруутгахаа болихыг ард түмэндээ хандан уриалж байна. Би 23 дугаар дунд сургуулийг төгсөж, Орос хүмүүжлээр хүмүүжсэн.
Манай аав С.Сүхбаатар, өвөө Сэвжид нар ч ОХУ-д сурсан. Тиймээс Оросын ард түмнийг хүндэлж явдаг.
Хас тэмдгийг монголчууд бид үеийн үед шүтэж ирсэн байдаг. Хас хээ бол Монголын язгуур, өв соёл. Энэ хээгээр би үргэлж бахархах болно. Монголын их хаадууд бүгдээрээ хас тэмдгийг шүтэж ирсэн. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн суудал дээр хас хээ байдаг. Мөн есөн хөлт цагаан туган дээр хас хээ байдаг.
Би хүлээн авалтын үеэр гадаадын зочид уригдсаныг нь мэдээгүй, элдэв ёслогоо хийгээгүй. Бас бусдын өмнө очиж элдэв үг хэлээгүй.
Намайг зодсон хүнийг би танихгүй. Очиж мэндлээ ч үгүй. Харин гарч явах үед гэнэтийн халдлага болсонд нь харамсч байна.
Намайг харанхуй өрөө рүү чирч оруулаагүй. Тийм зүйл огт болоогүй. Урлаг соёлын хүн гэдэг утгаар нь уруул ам нь сэтэрсэн, тархи толгойноос нь цус гоожсон байсан тул тусгаарлаж, гэрэлтэй өрөөнд оруулсан юм байна лээ.
Би таван хоногийн турш ухаангүй байлаа.
Намайг хурдан эрүүл болж, эдгээсэй гэж хүсч байгаа монгол түмэндээ баярлалаа. Энэ хугацаанд бүх зүйлийг нарийн мэдэж амжсангүй. Ойрын 2, 3 хоног нэлээд сураг ажиг тавилаа. Энэ хэргээс болж Монгол, Орос улсын ах дүүгийн найрамдалт харилцаа сэвтэх учиргүй.
Ганцхан хүнээс болж аугаа Орос гүрний ард түмэн муу хэлэгдэх ёсгүй. Оросын ард түмэн Монгол Улсын хөгжилд их хувь нэмэр оруулсан шүү дээ.
Эхний таван хоног би ухаангүй байсан. Арав гаруй хоног ухаан маань орон гаран байлаа.
Монгол Улсын хөгжилд Оросын ард түмэн асар их гүйцэтгэсэн гэж би боддог.
Эмнэлгээс гарах арай болоогүй. Хэзээ гарахыг нь би өөрөө хэлж мэдэхгүй байна. Эмч нар мэднэ.
Намайг зодсон хүнтэй эр хүн шиг уулзахад бэлэн байна. Би орос хэлтэй шүү дээ. Тэр хүн эр хүн шиг хүрч ирээд уучлалт гуйвал, уучилна” хэмээлээ.
Бичлэгний эх сурвалж: TV5 телевизийн фэйсбүүк хуудас