Ц.ЭНХТҮВШИН
МЗЭ-ийн гишүүн, зохиолч
Шилмүүст модны мөчрүүдийг нэг нэгээр нь түүж их цасанд дүрээд буцаагаад зүүчихсэн мэт модод тэр чигээрээ цасан цагаан бүрхүүлээр хучигджээ. Дүн өвлөөр хүйт дааж моддын мөчир байтугай шилмүүс нэг бүр нь цан татан угаасаа л ийм цасан цагаан байсан шиг санагдана. Их хотын утаа униарт сааралтан байгаа гудамжны дунд ийм цагаахан бас ариухан зүйл ганц ч болов байгаа нь яамай даа гэмээр санагдана. Хүүхэд байхдаа уншиж байсан “хөрөнгөтний хотын бугшмал сүүдэртэй саарал гудамж”-аар зорчиж буй юм шиг сэтгэгдэл төрж,” яаж ийм аймшигт утаанаас салах вэ?” хэмээн төрийн төлөө оготно боож үхэхийн үлгэр гэгчийн адилаар элдвийг бодон явсныг нь мэдсэн юм шиг моддын энэ цагаахан мөчир сэтгэл хөдөлгөв. Яагаад ч юм бэ, дэргэдээс нь холдмооргүй санагдана. Цасны ширхэг бүр хэзээ ч дахин давтагдашгүй байдаг гэдэг шиг мөчир бүрийг бүрхсэн хүүрэг цан ч өөр өөр харагдана. Үүн лугаа хүмүүний амьдрал, хувь заяа ч янз бүр юм.
Удахгүй шинэ жилийн баяр болно. Болдог баяр болдгоороо л болоод өнгөрнө биз хэмээн бодовч шинэ жилийн баяр нэг л өөр, сайхан санагдана. Нэгэн оныг үдэж нөгөө оныг угтах энэ баяраар охиноо л баярлуулахсан гэж юу юунаас илүүтэй догдолно. Бусдын хүүхдийн авдаг бэлэг доторхитой адил тансаг амттан биш ч гэлээ өөрийнхөө хэрээр бэлдсэн жаахан бэлгэнд нь охин нь хэчнээн их баярлаж хөөрч догдолдог гээч. Охин нь ээжийгээ ямар ажил эрхэлдэг, хоногийнхоо хоолыг залгуулах гэж хэрхэн зүтгэдгийг зүүдлэх ч үгүй. За энэ бүхэн ч яамай.
-Ээж ээ багш надаас “Цасан охин болох уу” гэж асуусангүй. Намайг алгасаад Саруул, Сайханаа хоёроос асуусан. Би уг нь цасан охин болмоор л байна.
- Яахав дээ, охин минь дараа жил цасан охин болж болно шүү дээ гэж охиндоо хэлж байхдаа “Миний охиныг хувцас хунар муутай болохоор багш нь хэлээгүй л дээ” хэмээн Тэмүүлэн бодов.
-Ээж ээ, цасан охин болбол өвлийн өвөөгийн бэлэг өгдөг гэсэн. Их гоё бэлэг. Маш том ууттай. За яахав. Дараа заавал цасан охин болно оо. Нээрээ ч сая намайг цасан охин бол гэсэн бол бид хоёрт цасан охины даашинз авах мөнгө байхгүй байсан. Тийм ээ хэмээн ярих охиных нь дуу Тэмүүлэнгийн чихэнд сонсогдох шиг. Тэмүүлэн бодолд автан явсаар хотын төв гудамжинд орж ирэхэд айсуй баярын амьсгал аль эрт оржээ. Өнгө өнгийн чимэглэл зүүлттэй мөнгөлөг, ногоон гацуурууд гэрэл гэгээ цацруулна. Олны хөл хөдөлгөөн ч ихэсжээ. Тод өнгөтэй асар майхнууд энд тэндгүй эгнэцгээж, баярын хямдрал зарласан шүү гэх шиг зүсэн зүйлийн самбар хаа сайгүй өлгөсөн харагдана. Элдвийн эрээн мярааныг нүднийхээ үзүүрээр арчиж, хаа нэгтээ хаягдсан хуванцар сав, архи ундааны лонхыг эрэлхийлнэ. Овоохон хаягдал түүчихвэл охиндоо ядаж ганц уут жигнэмэг, хэдэн иштэй чихэр ч болов аваад харихсан гэхээс түүний нүд ийш тийш үсчсээр. Гялгар цаасан цонхтой, өндөр цагаан асрын үүдэнд хүмүүс олноор дугаарлажээ. Тэнд гоё ганган залуусаас эхлээд өмссөн зүүснээр гундуухан нэгэн ч зогсоно. Тэдний хажууханд “Цусаа өгсөн хүнд өвлийн өвгөний гоёмсог бэлэг өгнө” гэж бичсэн пайз байхыг Тэмүүлэн олж харлаа.
-Би ямар азтай юм бэ. Энд цусаа өгч охиндоо өвлийн өвгөний бэлэгтэй очъё хэмээн өөрийн эрхгүй дуу алдах Тэмүүлэнгийн тархинд “Над шиг ийм халтар амьтнаас тоож цус авах болов уу” гэсэн түгшүүрт бодол уралдан байх тэр агшинд тэрбээр дарааллын эцэст аль хэдийнэ зогссон байлаа. Асар дотроос гарч ирэх хүмүүс гоёмсог ууттай бэлэг тэвэрсээр гарцгаах нь нэг л сайхан. Бас зарим нь гар хоосон урамгүйхэн гарч ирнэ. “Яагаад чамд бэлэг өгсөнгүй вэ” гэлтэй биш дээ. Төд удалгүй Тэмүүлэнгийн ээлж болж дотогш орлоо. Гаднаас нь харснаас хамаагүй дулаахан, тохитой сайхан байр байв. Үс, зүс хамаг л зүйлдээ хаалт хийсэн, цасан цагаан нөмрөгтэй бүсгүй Тэмүүлэнг бүртгэж нэр, насыг нь бичсэний дараа “Та элэгний гепатит шар өвчнөөр өвчлөөгүй биз” хэмээн асуулаа.
-Үгүй, үгүй хэмээн хариулахад нь бүсгүй “Та тэр угаалтуурт очоод гараа маш сайн угаачихаад ир. Бид эхлээд танаас шинжилгээ авна гэв. Хэдийгээр Тэмүүлэн шар өвчнөөр өвдөж байгаагүй ч шинжилгээний хариу яаж гарах бол хэмээн түгшиж эхэллээ. Цоргоор гоожих халуун усанд гараа угаан, дахин дахин савандаж зогсохдоо Тэмүүлэн юу эсийг бодсон гэхэв. Угааж дууссаныхаа дараа гараа хараад “Би чинь ийм гартай бил үү?” гэж гайхах бахдах сэтгэл төрөв. Сүмбэн хуруут хэмээн ээжийнх нь өхөөрддөг байсан дурсагдав.
-За, та гараа угааж дууссан бол наашаа суугаад сайхан халуун цай уучих гэх сувилагч бүсгүйн дуунаар бүсгүй бодлоосоо салав. Өчигдрөөс хойш хэлэн дээрээ олигтой юм тавиагүй болоод тэр үү сувилагчийн өгсөн аяга цай, хоёр зүсэм бялууг идсэний дараа хамаг биенийх нь хүйтэн хөлс асгарч байв.
-Э.Тэмүүлэн байна уу? Та энд сууна уу? хэмээн жижиг дөрвөлжин шагайвчаар нүүр нь хагас харагдах нэгэн бүсгүй Тэмүүлэнг дуудав. Тэмүүлэн сандал дээр сууж, шагайвчаар гараа орууллаа. Эмнэлгийн ажилтан бүсгүй Тэмүүлэнгийн судас руу хоёр ч удаа хатгаснаа “Та чинь яасан айхтар нарийхан судастай юм бэ. Ер хатгагдахгүй юм. Арай гэж хатгагдсанаа хагарчихлаа” хэмээн хэлснээ өөр нэгэн ажилтандаа хандсанаа “Алив хө, чи гурвын зүү аваад өгөөч. Энэ хүний судас их нарийхан юм. Уг нь хатгасных авчихмаар байх юм…” гэж үглэнэ. Тэмүүлэнд тэр судас олдохгүй, олдсон ч хагарах чухал биш байлаа. -Яахав дээ дүү минь, яаж ийгээд хэдэн грамм цус өгчихмөөр байна. Эгч нь өвдөхгүй байна аа гэсээр сууна. Шинжилгээ авах төдийхөн цус аваад арай гэж олдсон өнөөх судас нь дахиад л хагарчихлаа. Шинжилгээний хариу нь ч удалгүй гардаг юм байна.
-Уг нь та дөрөвдүгээр бүлгийн цустай хүн юм байна шүү дээ. Их ховор цус шүү. Даанч эгч минь таны судас арай дэндүү эмзэг юм. Эмчилгээ хийлгэж, тамир тэнхээгээ сайжруулж байгаад дараа манай цусны төвд очиж цусаа өгөөрэй. Танд баярлалаа. Харин та одоо цаад тасалгаандаа орж халуун хоол идчихээд яваарай гэх сувилагч бүсгүйн үгтэй зэрэгцэн Тэмүүлэнгийн нүднээс асгарах нулимс хацрыг нь эсгэлээ.
-Эгч ээ, та яав аа? Зүгээр үү?
-Зүгээр ээ. Охиндоо л бэлэг авч чадсангүй.
-Та дараа дахин ирж болно шүү дээ.
-Тэр үед чинь шинэ жилийн баяр өнгөрчихсөн байна шүү дээ. Ингэж хэлэхдээ Тэмүүлэн өөрөөсөө үл ялиг ичих шиг болов. Асраас гарахдаа “За яахав. Бэлэггүй ч гэсэн өөрийгөө өвчин зовлонгүй эрүүл юм байна гэдгийг мэдээд авлаа” хэмээн бодсоор өөрийн эрлийг үргэлжлүүлэн ийш тийш нүд гүйлгэн эхэлтэл
-Эгч ээ, Тэмүүлэн гуай гэх дуулдав. Эргээд хартал цасан цагаан өмсгөлтэй бүсгүй “Охиндоо өгөөрэй” гэсээр томоос том ууттай бэлэг барьсаар тосон ирлээ.