Үзэгчдийн хоног тоолон, шимтэн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг аль хэдийнэ болсон “Авьяаслаг монголчууд-2016” шоуны ялагч тодрох мөч өдөр өдрөөр ойртсоор.
Өдгөө хамгийн шилдэг найман оролцогч 100 сая төгрөгийн төлөө өрсөлдөхөөр шигшээд шалгараад байна.
Өвөрмөц хоолой, эгэл даруухан төрхөөрөө үзэгчдийн талархлыг хүлээж, Монголын төдийгүй гадны томоохон радио, сайтууд онцолж буй оролцогчдын нэг нь яах аргагүй О.Энх-Эрдэнэ.
“Тренд хүн” булан энэ удаа авьяаслаг залуу О.Энх-Эрдэнийг онцолж байна.
-Юуны өмнө шигшээд шалгарсанд баяр хүргэе. Хоёрдугаар шатны үзүүлбэрээ хэдий хугацаанд бэлдсэн бэ. Санасан хэмжээндээ үзүүлж чадсан уу. Хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Баярлалаа. Үзэгчдээс хамгийн их санал авсан учраас сэтгэл хангалуун байна. Мэдээж би боломжийнхоо хэрээр хичээсэн. Гэхдээ мэргэжлийн дуучин биш болохоор дуулалтын хувьд дутагдалтай зүйл байсныг үгүйсгэхгүй. Намайг дэмжсэн ээж аав, гэр бүлийнхэн, бүх хүнд маш их талархаж байна.
-Алдарт Элвис Прэслигийн "Don't be cruel" дууг дуулсан. Энэ дуу таны ур чадвар төдийгүй Энх-Эрдэнэ гэж хэн бэ гэдгийг хэдэн хувь нээсэн бэ?
-/инээв/. Энэ дуу дуучнаас их ур чадвар, мэдрэмж шаарддаг. Мөн дэлхийн хэмжээний алдартай дуучны “том” дууг чадах хэмжээгээрээ дуулахыг хичээсэн. Мэдээж тодорхой хэмжээгээр намайг нээсэн. Бүрэн хэмжээнд нээсэн гэвэл би өөртөө их эрдсэн болчих байх.
-Шигшээд шалгарах хоёр оролцогчийн нэрийг зарлахын өмнө догдолсон уу. Өөртөө хэр их итгэлтэй байсан бэ?
-Их догдолсон шүү. Цаг хугацаа ч явж өгдөггүй /инээв/. Мэдээж өөртөө итгэлтэй байсан, би. Өндөр амжилтад хүрэхэд өөртөө итгэх их чухал. Хамтдаа олон хоногийн турш өрсөлдсөн бусад оролцогч их хүчтэй байсан.
Хамтдаа байсаар байгаад ихэнхтэй нь найз, нөхөд болсон. Хэн нь ч шилдгээр шалгарахад гайхахааргүй шилдэг оролцогч, авьяастнууд өрсөлдсөн.
Хамгийн түрүүнд шигшээд шалгарснаа сонсоод магнайгаа хагартал баярлалаа. Сэтгэл хөдлөөд, тулгамдаад, үг хэл эвлэхгүй хэцүү юм билээ.
-Шигшээд өрсөлдөх найман оролцогчийн нэр тодорлоо. Тэднээс ялгарах, онцгойрох таны гол давуу тал юу вэ?
-Олон дуучин тэнцсэн байгаа. Бүгдээрээ л шилдгүүдийн дундаас шалгарсан. Хэн үзүүлбэртээ чин сэтгэлээсээ хандаж, уйгагүй хөдөлмөрлөсөн нь л түрүүлэх байх. Би дуу бүрийг сэтгэлээсээ дуулахыг хичээдэг.
-Энэ шоунд оролцохоосоо өмнө ямар нэгэн тэмцээн, уралдаанд оролцож байсан уу?
-Ийм томоохон хэмжээний тэмцээнд оролцож байгаагүй. Энэ миний анхны том тэмцээн, сорилт болж байна.
-Эхний шатанд дуулсан "Amarillo By Morning" дууг тань гадны томоохон сайтууд онцолж байна. Энэ нь танд бүр их урам, эрч хүч өгч байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Өмнөхөөсөө илүү их хичээх урам зориг авч байна. Хүмүүс ийм сайхнаар хүлээж авна, намайг ингэж үнэлнэ гэж төсөөлөөгүй.
Энэ хэрээр надад илүү их хариуцлага нэмэгдэж байна. Тиймээс намайг дэмжиж буй хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн төлөө бүр их хичээнэ ээ.
-Олон улсын тавцанд гарах, өрсөлдөх бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Боломж бүрдвэл өөрийгөө сорих бодол бий. Өмнөө хэдий чинээ том мөрөөдөл, зорилготой байна төдий чинээ өндөр амжилтад хүрдэг гэж боддог, би.
-Одоогоор та гаргах боломжтой нөөц, боломж, ур чадварынхаа хэчнээн хувийг ашиглаад байна гэж өөрийгөө дүгнэж байна вэ?
-Түрүүн хэлсэнчлэн би дуу бүхнээ сэтгэлээсээ дуулахыг хичээдэг. Тэгж дуулсан ур бүтээл л төгс болж, сонсогчдын сэтгэлд хүрдэг гэдэгт би итгэдэг.
Би хичээж, хөдөлмөрлөх тусам сайжрах байх. Хамгийн үнэнч, шударга үнэлгээ өгдөг шүүгчид нь сонсогчид шүү дээ.
- “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор хамгийн түрүүнд юу өөрчлөгдөж байна вэ? Ихэнх хүн таныг их дэмжиж, урам өгч байгаа нь анзаарагдаж байна. Энэ нь танд хэрхэн мэдрэгдэж байна вэ?
-Их сайхан мэдрэмж төрж байна. Урмын үг сонсох бүр улам их цэнэглэгддэг.
-Энэ шоунд оролцох шийдвэр гаргахад юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Ах маань хамгийн их нөлөөлсөн шүү. “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцохыг их ятгасан.
-Гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Дуртайяа хүлээж авсан. Гэрийнхэн маань намайг хамгийн их дэмжиж, тусалж байна.
-Дуулах үед ямар мэдрэмж төрдөг вэ? Ихэвчлэн ямар дуу дуулах дуртай вэ?
-Жазз, каунтри стилийн дуунд илүү дуртай. Дуулах үед үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрдөг.
Хэн нэгэнд хэлмээр байгаа үгээ бүгдийг нь хэлчихэж байгаа ч юм шиг, нэг их гүнзгий амьсгаа авсан ч юм шиг, өндөрт дүүлж буй мэт л санагддаг.
-Чөлөөт чагаараа ихэвчлэн юу хийдэг вэ?
-Хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглох, тэмцээн үзэх дуртай. Мэдээж миний амьдралыг дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Гитараа бариад дуулж суух сайхан шүү.
-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ. Дуугаараа бус өөр чиглэлээр сурах шийдвэр гаргахад хэцүү байсан уу?
-Одоогоос 3-4 жилийн өмнөөс жазз, каунтри стилээр дуулж эхэлсэн. Гэхдээ дуугаа бус өөр мэргэжил сонгоход хэцүү байгаагүй ээ. Багаасаа физикийн хичээлд дуртай, инженер болохыг мөрөөдсөн, би.
Авьяас чадвараа хөгжүүлээд л байвал ямар зугтаад явчихгүй, арилчихгүй юм чинь юун түрүүнд инженерийн мэргэжлээр суралцах нь зүйтэй гээд энэ шийдвэрийг гаргасан.
Одоо ШУТИС-д Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж байна. Нөгөө талаар Эрдэнэтэд амьдрах сонирхолтой хүүхдүүд ихэвчлэн энэ мэргэжлийг сонгодог. Би ч бас тэдний нэг.
-Өнөөгийн залуусын талаар ямар бодолтой явдаг вэ. Магтмаар, шүүмжилмээр зүйл байдаг уу?
-Аливаа зүйлийг дүгнэх надад их хэцүү санагддаг. Тэр тусмаа хүнийг дүгнэх бүр хэцүү. Ерөнхийдөө өнөөгийн залуус их хөдөлмөрч, шинийг санаачлагч, эрэл хайгуулч болж байгаа.
-О.Энх-Эрдэнийг ганцхан үгээр тодорхойлбол?
-Үргэлжлэл. Би аавынхаа, удмынхаа үргэлжлэл нь.
-Цаашдаа урлагийн төрлөөр дагнаж явах бодол бий юү?
-Боломж олдсон учраас алдахгүй, ашиглахыг хичээнэ ээ.
-Ирээдүйн зорилгоосоо хуваалцана уу?
-Дуучны хувьд Фрэнк Синатра шиг дэлхийн хэмжээний дуучин болохыг мөрөөддөг. Харин хувьд хүнийхээ хувьд сайн нөхөр, сайн аав, сайн хүн байхыг л хичээдэг.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.