Сонсох бүрт дурсамж “сэдрээж”, өнгөрсөн цаг рүү “аялуулдаг” дуунууд бий. Тэдэн дундаас сонсох бүрт сэтгэл догдлуулж, гэгэлгэн мэдрэмж төрүүлдэг, Шинэ жилийн баяраар сонсолгүй өнгөрч боломгүй хоёр дууны “төрсөн” түүхийг энд өгүүлэх гэж байна.
Төсөөлөө ч үгүй амжилт
1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин залуусын дундаас байгуулагдаж, улмаар 1993 оноос өнөөдрийн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ туурвиж буй “Хурд” хамтлагийг мэдэхгүй хүн Монголд үгүй биз ээ. Тус хамтлагийн 2000 онд сонсогчдын хүртээл болгосон “Шинэ жил” дууны “мэндэлсэн түүх ч бас сонирхолтой.
Тус хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Отгонбаяр эл дууныхаа талаар “Шинэ жилийн баяраар үзэгчдэд дуулах шинэ уран бүтээлтэй болъё гэж бид хоорондоо ярилцаж байлаа. Гэтэл олигтой ая санаанд орж ирдэггүй ээ. Ярилцсанаас нэлээд хэд хоногийн дараа сургуулилалтаа тараад харихаар явж байв. Машины бензин ч дуусах дөхөж. Ингээд шатахуун түгээгүүрийн гадаа зогсож байтал гэнэт нэг ая “ороод” ирсэн. Нөгөөдөхөө тэмдэглэж аваад, хэд дахин аялаад үзлээ. Боломжийн байна шүү. Тэгээд шүлгийн эрэлд гарсан. Ингээд яруу найрагч Х.Чилаажавт санал тавилаа. Тухайн үед Х.Чилаажавтай хамтран хэд хэдэн дуу бүтээчихсэн байсан учраас түүнд найдчихсан юм. Хэд хэдэн хувилбар байснаас одоо дуулж буйгаа сонгосон нь энэ. Түүний бичсэн шүлгийн ганц нэг үгийг өөрчилсөн л дөө. Гэхдээ агуулга алдагдаагүй. Энэ дууг ийм хит болно гэж төсөөлөө ч үгүй” хэмээн дурсав. “Хурд хамтлагийнхан эл дууныхаа клипийг “Эс Ти” студиэр бүтээлгэжээ. ХБНГУ-ын Берлин хотод очиж, тэндхийн томоохон цэцэрлэгт хүрээлэнд клипний зургаа авахуулсан гэнэ. Анх “төрсөн”-өөсөө хойш олны аманд “хүлхэгдэж” буй эл дууг “Хурд” хамтлагийнхан “Мянган жилд ганц” цомогтоо багтаасан байдаг.
Олны хүчээр “мэндэлсэн” дуу
16-хан насны цог золбоогоор гэрэлтсэн тэрсхэн дөрвөн охин 1995 оны хавар буюу дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын ЭСЯ, Энх тайван найрамдлын нийгэмлэг, Залуучуудын соёлын ордноос хамтран зохион байгуулсан англи дуу дуулаачдын уралдаанд оролцохоор “Эмоушн” хамтлагаа байгуулсан гэдэг. Хөгжим бүжгийн коллежийн оюутан тэд “Монголын эстрад урлагт байр суурьтай хамтлаг болно” хэмээн өөрсдөдөө амлаж байсан тухайгаа дурсдаг. Шинэ жилийн баяр дөхөхөөр богино долгионы радио, телевизийн сувгуудаар байнга эгшиглэдэг нэг дуу тус хамтлагийнх. Энэ бол “Шинэ жилийн дуу.
“Шинэ жилийн дуу”- ны аяыг “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Б.Чинбат, шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар нар зохиожээ. Шинэ жилийн баярын хит энэ дууныхаа тухай “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай “Хамтлаг, дуучин бүр л Шинэ жилийн баярын тухай сайхан уран бүтээлтэй болохсон гэсэн хүсэлтэй байдаг байх. Бидэнд ч тийм хүсэл байлаа. Энэ хүслийг маань продюсер Б.Чинбат дэмжиж уг дууны аяыг зохиож өгсөн. Ш.Гүрбазар ах ч дууны үгийг маш энгийн атлаа сонирхолтойгоор бичсэн. Аливаа зүйлийн тохироо бүрдэнэ гэж ярьдаг даа. Энэ дуу яг л тэгж бүтсэн юм. Дууныхаа хоолойны бичлэгийг хийлгэхэд их хөгжилтэй байж билээ. “Сонор” студид, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог ах бичлэгийг нь хийж өгсөн юм. Энэ дууны дундуур “Шинэ жилийн мэнд хүргэе” гэдэг өгүүлбэрийг нэлээд олон гадаад хэлээр хэлдэг шүү дээ. Тэрийг дандаа өөр өөр хүмүүсээр хэлүүлсэн. Жишээлбэл, германаар манай ээж, францаар 105.5 радиогийн хөтлөгч залуу гэхчлэн” хэмээв. Эл дууны хүмүүст хүрсэн бас нэг хөшүүрэг нь клип. Сонирхолтой, маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр бүтсэн тус клипийг “Лемон” студийн хамт олон бүтээжээ. “Херо” энтертайнмент болон “Юнител” групп хамтран “Монгол тулгатны 100 дуу” хэмээх хуучны болон орчин цагийн, сэтгэлд хоногшсон дуунуудыг сэргээх зорилгтой төсөл өнгөрсөн 2014 оноос хэрэгжүүлсэн. Уг шилдэг 100 дууны жагсаалтад энэхүү “Шинэ жилийн дуу” ч багтжээ.