“Guys” хамтлаг өнгөрсөн сарын 30-нд БНСУ-д зохион байгуулсан 24 дэх удаагийн “Соёл, урлагийн наадам”-аас “Олон улсын од” шагнал хүртжээ. Тус хамтлагийнхан ирэх онд тохиох 20 жилийн ойн босгон дээрээ олон улсын түвшинд үнэлэгдсэн, тэр дундаа Ази тивийг соёл урлагаар тэргүүлэгч Солонгос улсын наадмаас шагнал авсан тухайгаа өнөөдөр мэдээллээ. Тус наадмыг 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд энэ жилийн наадмын үеэр гадаадын уран бүтээлчдэд “Олон улсын од” шагнал олгосноороо онцлог байсан аж. Энэ жилийн наадмаас “Guys” хамтлагаас гадна АНУ, Хятад, Япон, Малайз улсын уран бүтээлчид энэхүү шагналын эзэн болсон байна. Энэхүү “Олон улсын од” шагналыг олгохдоо мэргэжлийн судалгааны байгууллагын үнэлгээнд үндэслэн, хийж буй уран бүтээлийн чанар, үзэгч, сонсогчдын үнэлгээг харгалзан үздэг байна.
Тус хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулсан цоо шинэхэн уран бүтээлүүдийнхээ дээжээс үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Тодруулбал, өнөөдөр 22.00 цагаас “Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулъя” гэх уриатай “Одтой өдөр” дууныхаа клипийг цахим хуудсаараа дамжуулан “цацах” гэнэ.
Дуучин, жүжигчин Д.Лхагва: Бидний хүртсэн анхны шагнал энэ
-БНСУ-ын “Соёл урлагийн наадам”-ын зүгээс бидэнд санал тавьсаны дагуу уран бүтээл, материалаа илгээсэн. 19 жилийн хөдөлмөр, уран бүтээлийг минь үнэлсэнд баяртай байна. Бид бүх уран бүтээлээ өөрсдөө зохиодог, найруулдаг. Уг шагналыг хүртэх хамгийн том хөшүүрэг энэ байсан болов уу. Үүнээс гадна биднийг мэргэжлийн жүжигчид учраас их үнэлсэн. Энэ шагналыг зөвхөн дуучдад биш, жүжигчин, загвар зохион бүтээгч гэхчлэн салбар бүрийн уран бүтээлчдэд олгодог юм билээ.
Дуучин, жүжигчин А.Төгсбаяр: “Одтой өдөр” хэмээх дуугаа өнөөдөр "цацна"
-Бид хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард “Хүмүүс ээ” хэмээх дуугаа сонсогчдодоо хүргэсэн. Манай хамтлаг уран бүтээлүүдээ “Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулъя” гэсэн уриатайгаар хийдэг. Уран бүтээлээрээ дамжуулж хүмүүст эерэг хандлага, гэгээлэг зүйлс мэдрүүрэхийг хүсдэг. “Одтой өдөр” дуундаа бие биедээ тус дэмтэй байж, баяр баясгалан бэлэглэхийг уриалж буй. Дууны клипийг “Cross animation” студийн уран бүтээлчид бүтээсэн.
Дуучин, жүжигчин Х.Бат-Ундрал: 20 жилийн ойн хөтөлбөрөө дэлгэнэ
-Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, дэлгэцийн урлагт 19 жил уран бүтээлээ туурвиж буй бид ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 20 жилийн ойн бэлгүүдээ задалж эхэлнэ. Ойн хүрээнд хийх ажлын цогц хөтөлбөр гарсан. Тодруулбал, ирэх 2017 оны нэгдүгээр сарын 1-нд “Боловсрол” телевизээр манай хамтлагийн түүхийг өгүүлэх баримтат киног үзэгчдэдээ хүргэнэ.
Дуучин, жүжигчин М.Мягмар: Солонгосын олон ангит киноны дууг дуулна
-“Соёл урлагийн наадам”-аас шагнал хүртсэний дараа тус улсын студи, продакшнуудаас хамтран ажиллах саналууд ирж байна. Эхний ээлжинд бид залуучуудын сэдэвтэй солонгосын олон ангит киноны дууг дуулахаар болсон. Биднийг дуучнаас гадна жүжигчид болохоор их олзуурхаж байна. Бидний шагнал хүртсэн 24 дэх удаагийн “Солонгосын соёл, урлагийн наадам”-ын тусгай сурвалжлагыг энэ сарын 15-нд Солонгосын КВS телевизээр гаргах бөгөөд энэхүү суваг нь дэлхийн 76 оронд шууд цацагддаг.