Жазз дуучин Н.Наранбаатарын анхны бие даасан "Миний захидал" цомог худалдаанд гарлаа. Германы жазз хөгжимчин Мартин Зенкер болон мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн энэ цомгоо дуучин залуу Европын стандартаар "шүүлгэж" сонсогчиддоо хүргэж байгаа гэнэ. Энэ цомгийн дуу бичлэг, хөгжмийн найруулга нь бүгд олон улсын зэрэглэлд нийцэж буйгаараа онцлогтой.
Наагий энэ удаагийн цомгийн баяраа арванхоёрдугаар сарын 9-ний 12.00 цагт "Hi fi records"-т хийх бөгөөд энэ үеэр сонсогчиддоо олон гэнэтийн бэлэг барихаа амалсан. Тэдгээрээс нэгийг нь задалбал, хайртай дотны хүндээ зориулан чин сэтгэлийн захидал бичээд түүнийгээ цомгийн баяр дээр олны хүртээл болгосон эхний 10 хүнийг Наагий тэр үдэш "Artystry" ресторанд болох баяртаа урих гэнэ. Үдэш 19.00 цагт болох эл цэнгүүнд түүний уран бүтээлийг дэмждэг хүмүүс болон найз нөхөд нь уригджээ.