Үсчин, гоо засалч, хумс, дизайн урлалын улсын аварга шалгаруулах 23 дахь их наадам өчигдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадам Монголын үсчин гоо засалчдын холбооны 20 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог аж. Тус холбооны тэргүүн Ц.Цогзолмаа “Энэ удаа 200 гаруй үсчин, гоо засалч 24 төрөлд өрсөлдлөө. Урьд нь ийм олон төрөлтэй зохион байгуулж, тийм олон хүн оролцож байгаагүй. Мөн энэ хүрээнд анх удаа үс, хиймэл хумс зэргээр үндэсний хэв маягийг шингээсэн бүтээл урлах уралдаан зарлаж, үзэсгэлэн гаргасан” гэв.
Тус наадмын шүүгч, “Хос шагай” салоны мастер үсчин Н.Алтаншагай “Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол үсчид энэ онд хэд хэдэн шагнал авч, бидний дэлхийд өрсөлдөх гарц нээгдсэн болоод ч тэр үү, уг наадамд маш олон үсчин оролцож, их өрсөлдөөнтэй, олон улсын түвшинд болж байна. Мөн энэ жил шинэ, залуу үеийнхэн олон оролцож байгаагаараа онцлог” гэв.
Хоёр ажилбартай төрлийн гоо сайханчдын ангилалд “Онно” салоны Болорчимэг, Г.Марал нар, эмэгтэй техникийн ангилалд “Ариун” салоны Ш.Эрдэнэбагана, Л.Нямдаваа гран при шагнал хүртэж, шилдэг аймгаар Хөвсгөл, дүүргээр Сүхбаатар, сургуулиар Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн баг тэргүүллээ. Зарим шүүлтэд будлиан гарсан тул 24 төрөлд шалгарсан үсчин, гоо засалчдын нэрийг бүгдийг энд бичсэнгүй.