“Ланз” фильмийн уран бүтээлчид ээлжит киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Өмнө нь “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” гэх мэтчлэн инээдмийн, уянгын төрлөөр уран бүтээл туурвиж байсан бол энэ удаад адал явдалт төрөлд авьяасаа сорьсон аж. “Өвлийн тууж” киног Б.Тулгаа найруулж, гол дүрүүдэд Э.Мөнхтөр, Б.Хулан, Б.Батмэнд нар тогложээ. Сонирхуулахад тус киноны зохиолын Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын оч охин Б.Буяндэлгэр бичсэн аж. Тэрбээр “Яагаад ч юм цуврал аллагатай кино хийж үзэх юм сан гэж хүсдэг байлаа. Би зохиолын дүрүүдээ аль болох сонирхолтой байлгахыг хичээдэг. Муу хүн гэхээр л муу муухайгийн туйл, сайн хүн болгон гоё сайхны дээд байх албагүй. Муу хүний дотор ч сайн сайхан зүйл байдаг, сайн хүнээс ч цагаа тулахаар муу авир гардаг гэдгийг харуулахыг хүссэн. Одоохондоо манайд сэдэвтэй кино байхгүй. Уран бүтээлчдэд зориг хэрэгтэй. Тийм ч болохоор энэ сэдвээр зохиол бичиж, кино хийхээр зориглосон. Шүүмжлэлд өртөх нь мэдээж л дээ” хэмээв. “Өвлийн тууж” адал явдалт киног энэ сарын 16-нд кино театруудар гаргана.