Ардын жүжигчин С.Сарантуяа энэ сарын 11-нд “Зүрхнээс зүрхэнд” уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр бэлтгэлээ базааж буй. Тэрбээр энэ тухайгаа “УДЭТ-аас жил бүр урлагт хөл тавьсных нь тэгш ой тохиож буй, эсвэл тухайн жил уран бүтээлийн арвин олзтой байсан жүжигчний цэнгүүнийг хийж, тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил уран бүтээлийн гараагаа тавьсаны минь 40 жилийн ой тохиож байна. Эл цэнгүүндээ 40 жилийн турш тайз, дэлгэцэнд амилуулсан бүтээлүүдээсээ сорчилж үзэгчдэд хүргэнэ. Түүхэн, инээдмийн, уянгын гээд 10 жүжгийн хэсгээс тоглоно. Цэнгүүн “Хайр”, “Ээж” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Жүжигчин хүн ямар ч дүрийг эхлээд тархиараа бясалгаж, дараа нь зүрхээрээ мэдэрч бүтээх ёстой. Миний зүрхээрээ мэдэрч бүтээсэн дүр үзэгчдийн зүрхэнд хүрэх ёстой гэж би боддог. Тийм болохоор цэнгүүнээ ийн нэрлэлээ. Уран бүтээлийн цэнгүүнийхээ үеэр уран бүтээл, жүжиглэх арга барилын талаар бичсэн номоо мөн танилцуулна. Ном маань мөн “Зүрхнээс зүрхэнд” гэдэг нэртэй” гэв.