Нюанс... Энэ бол попера урсгалын жинхэнэ илэрхийлэл. Өнгө, аяс хэмээн орчуулагддаг гадаад үгийг монголчуудад танилцуулж, өөрсдөө нэртэйгээ хамт өсөж, өнөөдрийн төрхөө олсон “Нюанс” хамтлагийнхан өнөөдөр, маргааш 15 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. М.Амарсанаа, Д.Өнөрбаатар, М.Боргилчулуун, Д.Дуйнхоржав нарын хамтран бий болгосон “Нюанс”-ын түүхийг сөхөж үзье.
Урсгалаараа...
Тэдний хэн ч хамтлаг байгуулах тухай төлөвлөж, гишүүн хайж яваагүй. Харин урсгалаара нэгдчихсэн юм билээ. Дуурь бүжгийн эрдмийн театрт ажилладаг дөрвөн залуу хамт олныхоо шинэ жилийн баярт бэлэг барихаар 2001 оны арванхоёрдугаар сарын эхний өдрөөс л бэлтгэжээ. Шинэ жилийн холбогдолтой монгол дуунуудын цоморлиг, ДБЭТ-ын уран бүтээлч, ажилтнуудад зориулсан нөхөрсөг элэглэл тэдний анхны уран бүтээл. “2001 оны арванхоёрдугаар сарын 17-нд анхны “уран бүтээлээ” ягаан театрынхандаа танилцуулснаас хойш л хамтран дуулж болох юм гэсэн бодол төрсөн” хэмээн тус хамтлагийн гишүүн М.Амарсанаа ярьсан. Нэг тенор, гурван аргил хоолойтой залуу хамтлагтаа ямар нэр өгөх талаар нэлээд хэлэлцэж эцэст нь “Амьдрал ч, уран бүтээл ч өөрийн гэсэн нюанстай байх учиртай. Хөгжмийн тодотголтой уран бүтээлд энэ нь бүр ч тод илэрхийлэгддэг” хэмээн дүгнээд энэ нэрийг сонгожээ.
“Нюанс” хамтлаг поператай нас чацуу
Мэргэжлийн дуучид бүх төрлөөр дуулдаг байх ёстой гэж тэд үзсэн учраас тэд хип хопоор үглэж, рок дуучидтай хоршиж, “Мөнгө аз жаргалын түлхүүр ээ...” хэмээн манаргаж явсан. Харин одоо бол “Нюанс” хамтлаг гэдэг нэрийг попера гэдэг тодотгол байнга дагадаг болсон. Энэ нь ч учиртай. Сонгодог дууг поп хэлбэрээр, поп дууг сонгодог өнгө аясаар дуулдаг попера урсгал бий болсон түүх нь 2001 оноос эхтэй. Төслийн дагуу байгуулагдсан “Amici forever” хамтлаг бол попера урсгалын анхдагч. Дараа нь “IL Divo” хамтлаг байгуулагдсан. Тэдэнтэй “Нюанс” нас чацуу ч анхнаасаа попера урсгалаар дуулж байгаагүй. Хамтлагийн ахлагч Д.Өнөрбаатар, М.Амарсанаа нар нэг нутгийнх төдийгүй, хамтдаа СУИС-д элсэж орсон үй зайгүй андууд. Тэд хамтдаа төгөлдөр хуурын ард суувал янз бүрийн “туршилт” хийж үзэх нь цөөнгүй. Дуурийн ари, мэргэжлийн дуучдад зориулсан романсыг арай хөнгөн хэлбэрт оруулан дуулж үзэж байсан ч түүнийгээ юу гэдгийг нь тухайн үед тодорхойлж чадаагүй гэдэг.
Гэхдээ л тэд алдаж оносоор Монголын рок, поп, сонгодог урлагийн тогоонд дөрвөн жил “чанагдчихав”. Хийлч Дээгий тэдэнд “ Яг та нарынх шиг хэв маягаар дуулдаг залуус байдаг юм билээ. Тэдний цомог надад байгаа шүү. Хүсвэл авч сонсоорой” гэж хэлсэн нь тохиолдлын зүйл биш байв. 2005 онд ОХУ-д болсон олон улсын арга хэмжээнд оролцох үеэрээ “Нюанс” хамтлагийнхан дэлгүүрээс тэдний цомгийг олж, худалдан авчээ. Улмаар 2006 оны гуравдугаар сард UB Palace-ын “Royal” танхимын нээлтэд оролцохдоо Мэрай Керигийн дуулж амилуулсан “Hero”-г попера маягаар дуулж сонирхуулжээ. Тухайн тоглолтыг зөвхөн урлагийнхан үзэж, сонирхсон төдийгүй “Та нар чинь юу дуулчихав аа” гэж гайхаж байсан гэдэг. Ийнхүү 2006 оноос хойших тэдний уран бүтээл попера гэсэн тодотголтой болж, өдийг хүртэл “Нюанс попера”, “Аморе”зэрэг цомгуудыг сонсогчдын хүртээл болгоод амжжээ.
Аргил хоолойн суурьтай, тенор хоолойн “чимэгтэй”
Энэ хамтлагийг М.Амарсанаа, Д.Өнөрбаатар, М.Боргилчулуун гэсэн баритон хоолойтнууд болон тенор хоолойтой дуучин Х.Энхтайван нар хамтран байгуулжээ. 2003 оноос Х.Энхтайван хамтлагаа орхиж түүнээс хойш 2009 он хүртэл аргил хоолойтнууд дангаараа уран бүтээл туурвисан байна. Гэсэн ч монголд харьцангуй түгээмэл байдаг аргил хоолой нь дээшээ ч, доошоо ч дуугардаг онцлогтой аж. Мөн нас ахих тусам энэ хоолой улам сайжирдаг гэх.
Тенор хоолойд зориулсан сонгодог ариг ч, басс хоолойд зориулсан хэсгийг баритонууд дуулдаг байв. Харин 2009 онд СУИС-ийн төгсөх дамжааны оюутнуудын шалгалтад өөрсдийнх нь хэлснээр “Унтах дээр нь унтаж, үзэхийг нь үзэж байгаад” Д.Дуйнхоржавыг сонгосон юм билээ. Хамтлагийнхаа ганц нарийн хоолойтой бага дүүдээ ах нар халамжтай гэж жигтэйхэн юм билээ.
Өнөр бүл
“Нюанс” хэмээх өрх айлын гишүүд энэ дөрвөн хүнээр тогтохгүй. Дашрамд “Нюанс” хамтлагийн бүх л тоглолтын тасалбарыг түгээх үүрэг Амраагийн гэргий Одончимэгт ногддог аж. Тэр ч бас ажлаа хийгээд л явна. Амраа гурав, Өнөрөө хоёр, Боргио, Дуйнхор нар тус бүр нэг хүүхэдтэй, гэргийн хамт амьдардаг. Тэгэхээр энэ өрх айлын гишүүний тоо 15 болж байгаа юм.
Даруухан залуус
Их урлагийн театрын босгыг давж орсон цагаасаа л алдар цуутай дуучдаас суралцаж, хүмүүжсэн учраас тэд даруухан зантай болжээ. Дуурь эхэлсэн үед чанга ярихгүй, чимээ гаргаж алхахгүй байхаас эхэлдэг театрын соёл тэднийг ийм болгосон. Тиймээс өдгөө ч энэ хэвээрээ. Хослолоор гоёж, хоолойгоороо гайхуулахаас өөр чимэг тэдэнд үгүй. Ахмадуудынхаа нөмөр нөөлөг, зөвлөгөөг дагаж өдий зэрэгтэй дуучин болсноороо тэд бахархана. Мөн ДБЭТ-ын хамтлаг учраас байр, тайз, хөгжим, хөгжимчид гээд бүх зүйлээрээ хангуулж “эрхэлдэг” завшаандаа ч талархаж байсан.
Наймаачин
Нэр: М.Амарсанаа
Төрсөн өдөр: 1973.12.14
Хообий: Марк, тэмдэг цуглуулах
Дуртай дуу: “Алтаргана”
Дуртай хоол: Амттай хоол
Багш: Ардын жүжигчин А.Загдсүрэн
Төрсөн нутаг: Дорнод аймаг
Амраагийн аав нь Дорнодын театрт насаараа ажилласан дуучин хүн. Тэр ч бүү хэл Цэргийн ансамблийн “жаран хар”-ын нэг байжээ. Тиймээс урлагийн гэр бүлд өсөж, хүмүүжсэн Амраа хүү багаасаа л дуу, хөгжимд дуртай болсон байна. Алла Пугачева, Майкл Жексон, “Модерн токинг” хамтлагийн дууг пянзаар сонсдог байсан Амраа Дорнодын хүүхдийн “Солонго” чуулгын гишүүн байв. 1984 онд чуулгаараа Улаанбаатар хотод тоглолт хийж, М.Амарсанаа Цэдэнбал Филатовад өөрийн гараар цэцэг өгч байжээ.
Дунд сургуулиа дүүргээд аймгийнхаа театрт хоёр жил ажиллаж байгаад амьдралын эрхээл “гахай” үүрэн хойш, урагш хилийн дээс алхан панз үсэргэх болжээ. Аз болж 1996 онд аймагт нь СУИС-ийн хоёр багш ирж, 70 гаруй хүүхдээс шалгаруулж Д.Өнөрбаатар, М.Амарсанаа нарыг сонгожээ. Гэхдээ нэг хүүхэд элсүүлэх даалгавартай ирсэн учраас “тунасан” хоёртой уулзаж, учир байдлыг нь сонсжээ. Амраа “Би заавал дуучин болох ёстой хүн” гэж тайлбарлаж. Хариуд нь багш нар “Чи наймаа хийдэг бас эхнэр хүүхэдтэй хүн тэрийгээ хийвэл дээргүй юү” гэхэд “Үгүй би дуучин л болно” гэж гүрийсээр багш нар хуралдаж хоёуланг нь тэнцүүлжээ. Хотод хамаатан садангүй учраас оюутан болсон эхний жилүүд нэлээд хүнд байсан гэдэг. Автобусанд “туулайчилж”, эсвэл хоёр зээрдээрээ таваргасаар таван жилийг ардаа орхиж, “Солонгост очиж ажиллаж, амьдралаа дээшлүүл” гэсэн хамаатнуудынхаа зөвлөгөөг сөрөн байж сонгодог урлагт үнэнч үлдсэн цөөн дуучны нэг нь тэр.
Агын буриад залуу өдгөө хүсэл мөрөөдлийнхөө хугасыг биелүүлэн яваадаа сэтгэл хангалуун байгаа. Цаашид ч илүү ихийг амжуулна хэмээн зорьж явна.
Lucky man
Нэр: Д.Өнөрбаатар
Төрсөн өдөр: 1979.04.24
Хообий: Шүлэг бичиж, ая зохиох
Дуртай дуу: Сайн дуулсан бүх дуу
Дуртай хоол: Будаатай хуурга
Багш: Ардын жүжигчин Д.Жамъянжав
Төрсөн нутаг: Дорнод аймаг
Найман жилийн өмнө “Green card” хожиж АНУ-д гэр бүлээрээ амьдрах болсон Д.Өнөрбаатар угаасаа азтай залуу. Зургадугаар ангид байхдаа гэнэтхэн дуулдаг, бүжиглэдэг болж, сүүлдээ яруу найраг, хөгжим сонирхон сургуулийнхаа “урлагийн мастер” болжээ. “Нюанс” хамтлагийн сүлд дуу “Бид нэг хүсэлтэй”-гээс эхлээд олон дууг нь тэр зохиожээ. Гэсэн ч энэ авьяасаа олонд зарлан, онгироод байдаггүй юм билээ. Сүүлийн үед найрагчийн бэхийн үзүүрээс эх орон, эцэг эхийн тухай мөртүүд хөврөх болжээ. “Хамтлагийнхнаасаа хол байх хэцүү, үргэлж санадаг” гэж ярих ч жилдээ нэг удаа тоглолтынхоо үеэр эх орондоо чөлөөтэй ирээд буцчихдаг л аз залуу даа, Өнөрөө.
Тэрбээр АНУ-д Laney коллежийн хэлний бэлтгэлд сурч8 media communication чиглэлээр суралцжээ. Сурахын зэрэгцээ Angelo’s зоогийн газарт ажилладаг гэсэн. Өнөрөө хамтлагийнхнаа гадаад харилцааг хариуцаж байгаа. АНУ-д амьдардаг монголчуудад зориулан аялан тоглолт хийх боломжтойг энэ удаа онцлон ярьж байгаа ч “Поперад хил хязгаар байхгүй учраас цаашид гадныханд ч тоглох боломжтой” хэмээн ярив.
Байт сурын дэд мастер
Нэр: М.Боргилчулуун
Төрсөн өдөр: 1980.01.12
Хообий: Хөл бөмбөг үзэх дуртай. Байт сураар хичээллэдэг.
Дуртай дуу: Хамгийн сүүлд сонссон дуугаа л өдөржин аялдаг.
Дуртай хоол: Эрүүл хоолонд дуртай болсон
Багш: Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж
Төрсөн нутаг: Улаанбаатар хот
Хамтлагийнхан болон ДБЭТ-ын уран бүтээлчдийн дундаас спортод авьяастай цөөн хүний нэг нь М.Боргилчулуун. Дунд сургуулиа дүүргээд л 1997 онд дагалдан дуучнаар шалгуулж, театрын босгыг алхсан юм билээ. Хожим нь Зууны манлай дуурийн дуучин, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж агсны отгон шавь болжээ. Багаасаа байт сурын спортоор хичээллэж, дэд мастер болсон байна. Тэрбээр улс, хотын хэмжээний тэмцээнүүдэд байнга оролцдог байсан ба сүүлийн гурван жил л амжаагүй гэнэ. Харин ирэх хавраас бэлтгэлээ эхэлнэ гэсэн шүү.
Дунд сургуулийн сурагч байхдаа Хүүхдийн ордонд зохион байгуулагдсан дууны уралдаанд оролцож нэгдүгээр шатнаасаа хасагдсан нь түүнд хүнд цохилт болжээ. Гэхдээ дээд өнгөөр дуулбал сайн гэсэн ойлголттой байсан балчир хүү “Хүний заяа” гэдэг том дуу сонгосноос бүдэрсэн юм билээ. Анхны бүтэлгүйтэл нь түүнд ирээдүйн амжилтад хүрэх тэмүүлэл бий болгожээ. Тэгээд л 1997 оны аравдугаар сарын 1-нд ДБЭТ-ын тайзнаа “Учиртай гурван толгой” дуурийн олны хэсэгт дуулж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн аж.
Отгон хүү
Нэр: Д.Дуйнхоржав
Төрсөн өдөр: 1986.09.18
Хообий: Үндэсний бөх, хурдан морины уралдаан үзэх
Дуртай дуу: “Эрдэнэ засгийн унага”
Дуртай хоол: Их хоол, айраг
Багш: Соёлын тэргүүний ажилтан Г.Гэрэлбаатар
Төрсөн нутаг: Дундговь аймаг
М.Амарсанаа, Д.Өнөрбаатар нарын шалгуурт тэнцэн 2009 онд “Нюанс” хамтлагийн гишүүн болсон Д.Дуйнхоржав бага байхдаа гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат шиг дуучин болохыг мөрөөддөг байжээ. Төгсөх дамжааны оюутнуудаас шалгаруулан хамтлагийн гишүүнээ болгох тухай дуулаад дотроо битүүхэн горьдлого тээж байснаа нуусангүй. Одоо бол тэр мэргэжлийнхээ ур чадварыг ахиулан хилийн дээс алхан сурах хүсэлтэй. Түүнчлэн “Чингис хаан” дуурийн Тэмүжин, Жамуха ариг дуулах мөрөөдөлтэй. Дуу хуурын нутагт төрж өссөн бөх, айраг, хурдан морьд нугасгүй. Амраа ах түүнийг “ Манай хүн тоглолт эхлэх гэж байхад л бөх хараад зогсчихдог хүн дээ” хэмээн “цаашлуулж” байсан.