АСЕМ-ын зочдыг алмайруулсан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын Эстрад найрал хөгжмийн оркестрын ерөнхий удирдаач Б.Энхбаяртай ярилцлаа.
-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгаар сонин ихтэй л биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Чуулгын 84 дэх жилийн өвөл цагийн нээлт гээд долоо хоног бүр тоглолттой байна. Өмнө нь өвөл цагийн нээлтийн үеэр анги тус бүр бие даасан тоглолтоо үзэгчдэд хүргэдэг байлаа. Сүүлийн хэдэн жил энэ уламжлал завсарласан. Энэ жил уламжлалаа сэргээлээ. Энэ нь албад хоорондын уран бүтээлийн цагаан өрсөлдөөнийг хурцлахаас гадна дан шинэ уран бүтээлүүдээр тоглолт хийдэг учир маш том эрэл хайгуул болдог. Мөн тоглолтын тайз, найруулга гэх зэргээр бүтээлч ажлууд өрнөдөг. Энэ жилийн хувьд эхний гурван алба тоглолтоо хийчихсэн. Чамбай, гайхалтай шинэ бүтээлүүдээс бүрдсэн сайхан тоглолтууд болсон. Харин манай алба энэ сарын 25 буюу ирэх баасан гарагийн 19:00 цагт чуулгынхаа байранд бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.
Бид өмнө нь гадаадын уран бүтээлчдийн бүтээлүүдийг коверлож тоглодог байлаа. Харин энэ жил бид өөрсдийн брэнд уран бүтээлтэй болох зорилт тавьж, өөрийн орны уран бүтээлчдийн зохиолыг шинэчлэн найруулж тоглохоос гадна шинэ бүтээлүүд захиалж хийлгэсэн. Тоглолтын маань 90 орчим хувьд нь шинэ уран бүтээл тоглогдоно.
-Дан монгол уран бүтээлчдийн бүтээлээр тоглолт хийж байгаа тохиолдол бараг анхных байх шүү?
-Хөгжмийн зохиолчдын бие даасан тоглолтуудыг эс тооцоод, зөвхөн найрал хөгжмийн оркеструудын тоглолтыг авч үзвэл анхных байх.
Тэгэхээр найрал хөгжмийн оркеструуд яагаад гадаадын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдээр тоглолт хийдэг вэ гэдэг дээр бас багахан тайлбар хийх хэрэгтэй болов уу. Манайд найрал хөгжмийн оркеструудад зориулж бүтээл туурвидаг хөгжмийн зохиолч ховор байна. Мөн тухайн оркестрт зориулсан бүтээл туурвих болоод, туурвиулах захиалга өгөх боломж нь ч хомс. Учир нь, энд нөгөө л мөнгө санхүүгийн асуудал яригдана. Харин манай тоглолтонд зориулж бүтээлээ өгч байгаа хүмүүсийн хувьд сэтгэл л явж байгаа юм шүү дээ.
-Ная гаруй жилийн түүхтэй чуулгын хувьд шинэ бүтээл туурвих шаардлага гарахад гадны уран бүтээлчдийн царай харахааргүй нөөц бололцоо байгаа биз дээ?
-Тэр ч тийм шүү. Ирэх онд манай чуулгын 85 жилийн ой болно. Бид ойн баяраа угтаад “Баярын жагсаал”, “Манай цэргийн жавхаа” зэрэг брэнд болчихсон бүтээлүүдээрээ цомог гаргах бодолтой байна. Одоогоор шинэчилсэн найруулгууд хийгдэж байна.
-Зөвхөн танай чуулгын хөгжмийн зохиолчдын бүтээл нийт урын сангийн хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Манай оркестрын тухайд байнга бэлэн байх 50 зохиол гэж бий. Үүний 70-80 хувийг манай Отгончулуун бичиж хөрвүүлсэн. Гадаадын алдартай хөгжмийн зохиолуудын нот бидэнд бэлнээр олддоггүй. Тиймээс сонсож, нотлодог. Энэ бол хөгжим зохиосоноос ч илүү мэдрэмж, сонсгол шаарддаг том ажил.
Өмнө нь манайд Дамдинсүрэн гэж мундаг хүн байлаа. Жинхэнэ абсолютный сонсголтой гэж ярьдаг даа. Кино үзэж байгаад хөгжмийг нь нотлочихоод гардаг хүн Монголд тийм ч олон хүн байхгүй дээ. Манай найрал хөгжмийн урын сангийн дийлэнхийг энэ хүний зохиолууд эзэлдэг. Ийм гайхалтай хүмүүс манай хамт олон дунд байдаг учраас урын сан маань жилээс жилд баяжсаар л байна.
-Хөгжим гэдэг дэлхий нийтийн хэл хэдий ч хөгжмийн хэлийг ойлгодог хүн тэр бүр байдаггүй гэсэн нэг хаалт бидэнд бий. Бүхэл бүтэн цаг 30 минутын хөгжмийн тоглолтын үзэгчдийн суудлыг дүүргэнэ гэдэг бас л асуудал биз?
-Хүмүүс дан хөгжмийн тоглолтыг үзээгүй байхдаа л дүгнэлтээ хийчихдэг. Ойлгохгүй байх даа, сонирхолтой биш л болов уу гэж боддог. Харин үзсэнийхээ дараа бүгд ойлгосноо мэддэг.
Хөгжимчин хүн гэдэг өөрөө маш сайн үзэгч шүү дээ. Хөгжиж буй орнуудын хүүхдүүд дунд сургуулиа төгсөхдөө зайлшгүй нэг хөгжмийн зэмсэг эзэмшээд гардагийг бид бүгд л мэднэ. Тэд эргээд хөгжмийн тоглолтын үзэгч болдог. Тэгэхээр хөгжим сонсдог, ойлгодог үзэгчдийг бий болгож, ирээдүйн үзэгчдээ бэлтгэхийн тулд дунд сургуулийн хөгжмийн хичээлийг чанаржуулах шаардлага гарч ирж байгаа юм.Гэхдээ өнөөгийн хүүхдүүд харьцангуй хөгжмийн мэдлэгтэй болсон. Харин хөгжмийг сурталчлах тал дээр би ганцаараа бодоод, бодоод зөв шийдэл олж чадахгүй л байна.
-Танай эстрад найрал хөгжмийн оркестр АСЕМ-ын зочдод зориулж бүтэн 2 цагийн хөтөлбөр тоглосон. Монголоосоо халиад гадныханд хүртэл Монголын эстрад найрал хөгжмийн оркестроо сурталчилчихсан гэсэн үг биз дээ?
-АСЕМ-ын тоглолтонд бид их ач холбогдол өгч, сар гаруй хугацаанд бэлтгэл сургуулилт хийсэн. Би тоглолт эхлэхийн өмнө хөгжимчдөдөө “Бидний өөрсдийнхөө биш, Цэргийн дуу бүжгийн чуулгын биш, Монгол Улсын нэрийг гаргах цаг ирлээ” гэж хэлсэн. Бид дэлхийн мундагчуудаас авахуулаад “Хэнтийн өндөр уул”-наас эхлээд Монголын хөгжмийн сор болсон бүтээлүүдийг хоёр цаг гаруй тоглосон. Тэнд цугласан 2000 гаруй зочид хоолоо идэхээ мартаад, манай тоглолтыг үзсэн. Тоглолт дуусах агшинд төрийн тэргүүн маань ирж, надтай гар барьж, хөгжимчдийн дундуур явж, хамтдаа зураг авахуулж омогшсон. Бид ч үүргээ гүйцэтгэж чадлаа гэдэгтээ сэтгэл бүрэн ханасан.
-Хөгжмийн боловсролтой, дээд зэрэглэлийн үзэгчдийн өмнө та бүхэн шалгалтаа амжилттай өгчээ. Тэгвэл ирэх баасан гарагт энгийн хүмүүсийн өмнө шалгалт өгөх гэж байна. Тэднийг танхимаар нь байлдан дагуулахын тулд юу хийх вэ?
-Монголын үзэгчид урлагт хайртай. Тиймээс тэдний өмнө шалгалт өгөх хэцүү биш ээ. Бид тэдний өмнө сэтгэл зүрхээрээ тоглоно. Хийдэг ажлаа л хийнэ.
Магадгүй, тэр хүмүүс хөгжмийн тоглолт үзэж байгаагүй. “Хөгжмийн тоглолт уйтгартай” гэж боддог. Тэр бодлыг нь бид тоглолтоороо дамжуулан арилгадаг. Харин янз бүрийн арга хэмжээн дээр, таалагдаж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй хүмүүсийн өмнө тоглох л хэцүү. Харин энгийн үзэгчдийн сэтгэл хөдлөл нүдний харцнаас нь мэдрэгддэг. Нэг тоглолт үзсэн хүн дараагийн удаа заавал үздэг. Тиймээс, хэрэв та дан хөгжмийн тоглолт үзэж байгаагүй бол үзээрэй. Та ойлгох болно гэж зөвлөмөөр байна.