Оросын алдарт зохиолч Александр Гельманы “Цэцэрлэгт учирсан хоёр” зохиолоос сэдэвлэсэн “Нүдээ аниад төсөөл” киноны өнгөрсөн ням гаригаас үзэгчдэд хүрч эхэллээ. Эл киноны продюсероор Төрийн шагналт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, зохиолч, найруулагчаар Г.Ган-Очир, зураглаачаар А.Ханхүү ажиллажээ. Харин гол дүрийг УДЭТ-ын залуу жүжигчин О.Дөлгөөн, Э.Тодгэрэл нар бүтээсэн байна. Эл киноныхоо нээлтийн ёслолын үеэр Г.Ган-Очир "Оросын энэхүү сонгодог зохиол яг одоо, энэ цаг үед үнэхээр хэрэгтэй санагдсан. Амьдралын ямар ч зорилгогүй, утга учиргүй яваа залуус олон бий. Амьдралын сайхан нь юунд байдгийг мэдрэхгүй яваа залууст асуулт болгон хүргэхээр энэ киногоо бүтээлээ. Уламжлалт арга барил болон хэв шинж, хуулах, дуурайх арга барилаас зугатаасан. Түүнчлэн киноны дуунуудаа ч сонгодог жаазаас, олон үндэстний ардын дуунуудаас, дан хөгжмийн зохиол бичдэг гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлээс оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр худалдан авч ашигласан" гэв. Төрийн шагналт, найруулагч, Н.Наранбаатар "Анх удаа киноны продюсероор ажиллалаа. Продюсер гэдэг чинь хөрөнгө санхүүг “босгох”, зураг авах объект олох гэхчлэн кино зураг авах бүхий л бололцоогоор хангах үүрэгтэй. Түүнчлэн киноныхоо маркетинг ч хийнэ. Уг нь энэ бүгд надаас их хол ажил л даа. Гэхдээ яах вэ хийж үзье, найзынхаа уран бүтээлийг дэмжье. Сайхан гэгээлэг бүтээлийг хүргэе гэсэн бодол санааг нь хэрэгжүүлье гэж бодсон" гэлээ. Төсөөллийн ертөнцөөр аялахыг хүсвэл "Нүдээ аниад төсөөл" уран сайхны киног үзээрэй.