Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа эдгээр өдрүүдэд түүний амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсээр байна. Тухайлбал, УДЭТ-ынхан “Жаргаагүй нар”, Улсын хүүхэлдэйн театрынхан “Монгол ардын суут” түүхэн, эмгэнэлт жүжгийг олны хүртээл болгоод буй. Түүнчлэн тун удахгүй зохиолч, судлаач П.Батхуягийн “Үйлийн гурван чулуу” хэмээх жүжиг ч олны мэлмийг мялаана. Тэгвэл их зохиолчийн тухай уран сайхны киног “Дээд гэгээн” пикчерсын уран бүтээлчид бүтээжээ. “Харанхуй хад” хэмээх Д.Нацагдорж зохиолчийн өгүүллэгээр нэрлэсэн эл киноны зохиолыг Б.Цогтбаяр бичин, найруулж, гол дүрд Г.Баярхүү, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар нар тоглосон байна. Эл киноныхоо тухай Монголын үндэсний кино академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаяр “Өнгөрсөн 2015 онын есдүгээр сард Төрийн шагналт Б.Балжинням багш минь өөд болсон. Түүний бүтээсэн “Саруул талын ерөөл”-өөс өөр их зохиолчийн тухай өгүүлсэн кино байхгүй. Би багшийнхаа дурсгалд зориулж эл киногоо бүтээхээр шийдсэн юм. Бүтэн жил гаруйн хугацаанд дуншиж байж киногоо олны хүртээл болгоход бэлэн боллоо. Эл кинонд түүнийг уран бүтээлч үүднээс бус, хүн гэдэг талаас нь үзүүлэхийг зорилоо. Тэр хүний дотоод ертөнцийн онцлогийг харуулна” хэмээв. “Харанхуй хад” киног энэ сарын 17-ноос кино театруудаар гаргана.