УДБЭТ-ын хамт олон Ази, Европ, Америк тивийн уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Вердийн үдэш” сонгодог тоглолтыг Италийн ЭСЯ-тай хамтран энэ сарын 17-нд зохион байгуулах болсноо сэтгүүлчдэд мэдээллээ. Тус театрын урилгаар Италийн Парма хотын Режио театрын удирдаач Сержио Пеллегрини хүрэлцэн ирж, энэхүү тоглолтыг удирдах юм. Манай үзэгчид дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээл “Травиата”, “Трубадур”, “Риголетто”, “Аида”, “Отелло” дуурьтай эртнээс танилцсан бол энэ удаа тус театрын тайзнаа тоглож байгаагүй бусад бүтээлийн дээжээс танилцах боломжтой ажээ. Италийн Парма хотын театрын удирдаач Сержио Пеллегрини эл тоглолтын талаар "Өнөөдөр дуурийн театрын дуучидтай анхны сургуулилт хийлээ. Дуучдыг сонсоход сайхан хоолойтой, бэлтгэл сайтай, авьяаслаг дуучид байна. Тоглолтод Ж.Вердийн бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэсэн, олон сайхан бүтээл эгшиглэсэн сонгодог үдэш байх болно" гэмээв. Түүнчлэн Ардын жүжигчин, УДБЭТ-ын уран сайхны удирдагч А.Дашпэлжээ "Алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн уран бүтээл манай театрын урын санд нэлээд хувийг эзэлдэг. Дэлхийн дуурийн урлагт тэр дундаа хоёр дуурьт Монголын тухай дурссан нь бий. Тухайлбал, Дж.Пуччини “Турандут” дуурьт Тогоон төмөр хааны тухай, Ж.Верди Аттила хааны тухай дурдсан. Энэ тоглолтод “Аттила” дуурийн удиртгал хөгжим, ари шинээр эгшиглэх гэж буйгаараа онцлогтой. Нэгэн орой Ж.Вердийн бтээлүүдийг дуулаад өнгөрөх биш цаашид хоёр улс, театрын хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй өргөжнө гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. Тоглолтод УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ А.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, СТА Р.Доржхорол, Ч.Энхтайван, Э.Анхбаяр, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-Очир, дуучин Б.Батжаргал, С.Бат-Эрдэнэ нараас гадна симфони найрал хөгжим, найрал дуучид оролцоно.