Америкийн Холбооны мөрдөх товчоо Францын талд алдарт зураач П.Пикассогийн “La Coiffeuse” буюу “Үсчин” бүтээлийг хүлээлгэн өглөө. 15 сая ам.доллараар үнэлэгдэх тэрхүү бүтээлийг 2001 онд Францын Орчин үеийн урлагийн музейн Хадгалах хэлтсээс алдчихсан аж. Үүнээс хойш сураггүй байсан Пикассогийн “Үсчин”-ийг өнгөрсөн жил Америкийн гаалийн ажилтнууд илрүүлсэн юм байна.
Хамгийн сүүлд 1998 онд Мюнхений Үндэсний музейд дэлгэн, олны хүртээл болгосны дараа Парист авчраад, хоёр жилийн дараа алдсан уг бүтээлийг 37 ам.доллараар илгээсэн нэгэн илгээмж дотроос Нью-Йоркийн гаалийнхан илрүүлэн “саатуулжээ”. Ингээд шинжээчдэд илгээн шалгуулахад П.Пикассогийн зураг мөн гэдгийг баталсан байна. Илгээмжний эзэн нь “Хуулбар зураг байгаа юм. Зул сарын баярын бэлэг болгон найздаа илгээсэн” гэжээ.