“Байх уу, эсвэл байхгүй юу. Байх л шүү дээ. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, бусдын үгээр бусдад таалагдаж хулчийж явснаас байсан шиг байж, үгээ хэлж, үнэнийг илчилж зоригтой явсан нь илүү дээр. Байх уу, эсвэл байхгүй юу.
Даруу дөлгөөн хүн болох гэж, уур хилэнгээр өөдөөс минь чиглэсэн тэр л олон хурц сум, жадыг тэвчээд л явах уу.
Аль эсвэл болж бүтэхгүй энэ л олон худал хуурмагийн эсрэг зэвсэглэн, эсэргүүцлээ илэрхийлж төгсгөл болох уу...” Гамлетаар дамжуулж Шекспирийн тэртээ 1602 онд илгээсэн энэ зурвас технологийн хөгжлийг гэрлийн хурдаар хэмждэг, хүний язгуур эрх алдагдан, сайн муу, үнэн худлын дэнс сөрөг тал руугаа давамгайлсан, материаллаг зүйлст шунан дурлагчид олширсон өнөө цагт ч хүн байхын утга учраа ойлгоход биднийг чиглүүлсээр.
Шекспирийн мэндэлсний 450 жилийн ойд зориулж Английн “Глобус” театрынхан түүний үгийг дэлхий даяар түгээхээр, дэлхий дүүрэн үнэний тэмцэгч, Гамлетийг төрүүлэхээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23-нд 16 хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолтоо эхлүүлжээ.
Алдарт зохиолчийн мэндэлсэн өдөр нээлтээ хийсэн уг хөтөлбөрөө 2016 оны энэ өдөр дуусгах юм билээ. Өдгөө аль хэдийнэ 180 гаруй мянган км онгоцоор, галт тэргээр, усан онгоц, завь, автобус, машинаар аялж, 120 гаруй улсын 70 орчим мянган үзэгчид уг жүжгийг хүргэсэн юм.
Өнгөрсан сард Бангладешт, 5-9 хүртэл Бээжинд, уржигдар ДБЭТ-т тоглосон тэд 15- 20-нд БНСУ-д жүжгээ толилуулах гэнэ. Хэдий англиар хүргэх ч тоглолтоос гурав хоногийн өмнө л тасалбар дууссан нь монголчуудын урлагийн болоод хэлний боловсролын түвшинг илэрхийлэх аж.
Тус жүжиг зохиогчийн эрхтэй тул тоглолтын үеэр сурвалжлан, зураг авахыг зөвшөөрөөгүй. Гэхдээ бэлтгэлийн үеэр хэдэн минут үзэж, гэрэл зураг дарах боломж олгосон юм. Тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө бэлтгэл хийнэ гэсэн тэднийг жүжгийн аль нэг хэсгээс давтах болов уу гэтэл дээс эргүүлж, шивнэж, хашгирч, ийш тийш холхин этгээд сонин аашилж байсан.
Тайзтай танилцан, биеэ халааж буй нь энэ аж. Гамлетад тоглох Нигерийн жүжигчин Лади Емеруватай энэ үеэр цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Гэр бүлээсээ хол хоёр жилийг өнгөрөөх болсноо дуулаад хэрхэн хүлээж авсан бэ?
-Би Лондоны урлагийн их сургууль төгсөөд жил хагасын турш ажил хайж “Глобус” театрт орсон юм. Тэгэхээр энэ миний албан ёсны анхны ажил. Алдартай жүжгийн гол дүрд тоглоод зогсохгүй дэлхийгээр аялна гэдэг миний мөрөөдөл байлаа. Энэ бол амьдралд минь тохиолдсон хамгийн гайхалтай явдлуудын нэг.
-Энэ бүхэн дууссаны дараа “Глобус”-таа очиход уран бүтээлчийн хувьд хэр өөрчлөгдсөн байх бол?
-Энэ бөмбөрцөгт амьдарч буй олон янзын ёс заншил, түүхтэй хүмүүстэй уулзаж, ихийг ойлголоо. Энэ хугацаанд асар их мэдээлэл зай завсаргүй хуримтлуулж, боловсруулж байна.
Аялагчдын бараг 10 жил судлах зүйлийг хоёрхон онд үзэж туулна гэхээр үнэхээр гайхалтай. Төслөө дуусгачихаад л хэр өөрчлөгдсөнөө мэднэ дээ.
-Энэ төслийг хэрхэн санаачилсан юм бол?
-2012 онд “Глобус” театрт 37 орны уран бүтээлч хүрэлцэн ирж, Шекспирийн бүтээлийг өөрсдийн хэлээр тоглосон нь тун амжилттай болсон. Түүний дараа тухайн 37 улсад бид эх хэлээрээ тоглосон.
Энэ хөтөлбөр улам өргөжсөөр, найруулагч Доминик Дромгул “Шекспир ийм алдартай юм хойно яагаад дэлхий даяар түүний бүтээлийг тоглож болохгүй гэж” хэмээн шийдсэн юм билээ.
-Тэгвэл яагаад “Гамлет”-ийг тоглохоор сонгосон юм бэ?
-“Гамлет”-ийг бичсэнээс найман жилийн дараа Йемений эрэгт завин дээр тоглосноос хойш Европын өнцөг булан бүрт усан онгоцон дээр тоглож, олон нийтэд хүргэсэн гэдэг.
Өөр газруудад шинэ содон зүйл дуулгах нь Шекспирийн ажлын томоохон хэсэг байсан. Тиймээс бид үйл хэргийг нь үргэлжлүүлж байна.
-Энэ жүжигт тодорхой санаагүй, сул өнгөрөх үг, өгүүлбэр байдаггүй гэдэг. Анх тоглож байхдаа болон өдгөө энэ жүжгийн тухай ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Миний үзэл бодол өөрчлөгдөж, илүү баялаг болсон. Илүү гүн нэвтрэх тутам Шекспирийн гайхамшгийг шүтэн биширч байна. Зарим хүн “Драмын жүжигт дэндүү их дүгнэлт хийх дэмий” гэдэг нь хуучирсан үзэл гэж боддог.
Энэ зохиолын жижиг хэсгийг хүртэл сайтар зохион байгуулсан. Өөрөөсөө асууж болох бүхэн “Гамлет-“д багтсан. Хаана, ямар нийгэмд төрсөн, ямар нөхцөл байдалд орсон, хэн гэдгээс үл хамаарч, хүн бүрт “Гамлет”-ийн ямар нэгэн хэсэгтэй холбогдох шалтгаан заавал байдаг.
-Дүрийнхээ талаар юу хэлэх вэ?
-Энэ дүрд өөрөө тоглож буй учир тодорхойлж хэлмээргүй байна.
-Тэгвэл та Гамлеттай ижил нөхцөл байдалд орсон бол яах вэ?
-Үнэхээр хэцүү асуулт байна. Гамлет үнэхээр аз сорьсон нөхцөлд байсан. Хэрвээ би ханхүү байгаад, авга ах маань аавыг хөнөөж, эцгийн минь сүнс надад үүнийг хэлсэн бол би үнэн, эсэхийг нь олж мэднэ.
Тэгээд хэрвээ авга ахыг хороовол надад юу тохиолдох вэ гэдгийг эргэцүүлнэ. Хэн ч ийм хэцүү байдалд бүү ороосой.
-Дэлхийн 15 үндэсний театрт тоглосноос гадна жүжгээ далайн эрэг, онгоцны буудал, гудамжинд хүртэл толилуулсан юм билээ. Хамгийн сонирхолтой нь хаана байсан бэ?
-Номхон далайн Тувалу аралд очоод ертөнцөөс тасрах шиг санагдсан. Маш цөөхөн хүн амтай, жижигхэн арал. Бидний буусан онгоцны буудлын дөнгөж хажууд тайз зассан. Дэргэд нь бидний буудалласан зочид буудал байсан.
Тоглох хуваарийн дагуу манай нөгөө Гамлет оролцож, би үзэгчдийн суудалд суусан. Зуу зуун хүн тайз тойроод зогсчихсон, ноход тайзан дээр хэсүүчлээд, дэргэдүүр мотоцикльтой хүн яваад л үнэхээр галзуу, хөгжилтэй байсан шүү.
-Та нарыг ачаагаа алдсан гэж дуулсан. Өөр ямар бэрхшээл тулгарсан бэ. Өвдөх тохиолдол гарч байв уу?
-Нислэгийн дунд гурван долоо хоног орчим бидний ачаа саатсан. Тэр үед ямар ч хувцас, хэрэгсэлгүй тоглосон.
Араг ясыг чулуугаар орлуулж, сэлэмний оронд бильярдны цохиураар тулалдаж байхыг хүмүүс хараад эхэндээ гайхсан ч хамгийн чухал нь жүжиглэлт гэдгийг сүүлд нь ойлгосон байх.
Карибын тэнгис орчимд тоглоход манай хэдэн хүн чикунгунья вирус туссан нь бидэнд тохиолдсон хамгийн хүнд явдал.
Б.ДӨЛ