Дуучин Б.Амархүү Буриадын Улаан-Үд хотноо ирэх сард тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тэрбээр анх Буриадаас уран бүтээлээ эхэлж, ОХУ-ын “Народный артист” уралдаанд түрүүлснээр алдар хүндтэй болсон билээ.
Б.Амархүү найман жил “Премьер-министр” хамтлагийн гоцлол дуучнаар ажиллаж байгаад эх орондоо харьсан. Зуны амралтаа өнгөрөөхөөр Улаан-Үдэд ирээд байгаа дуучинтай “Буряад Унэн” сонины сурвалжлагч уулзан ярилцжээ.
-Буриадад анх удаагаа бие даасан концерт хийх гэж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?
-“Народный артист” уралдааны дараа би Улаан-Үдэд бараг ирээгүй. Энэ уралдаанд Буриадын найз нөхөд, үзэгчдийн дэмжлэгтэйгээр л түрүүлж чадсан гэдгээ мэддэг. Тийм болохоор Улаан-Үдэд заавал бие даасан тоглолт хийнэ гэж боддог, хүлээдэг байлаа.
Та нартайгаа уулзах цагийг тэсэж ядан хүлээж байна. Миний тоглолт балет бүжиг оролцсон шинэ төрлийн тоглолт болох юм. Концертийн эхний хэсэгт уянгын дуунууд дуулж, үзэгчдийг уярааж, хамтдаа дуулах төлөвлөгөөтэй байна.
Харин хоёрдугаар хэсэгт балетчидтай цуг бүжиглэн, дуулж эхлэнэ дээ. Ер нь бол монгол, орос, буриадаар дуулах болно.
-Премьер-министр” хамтлагийн дуунаас дуулах уу? Эсвэл зохиогчийн эрх гээд танд зөвшөөрөл өгдөггүй юу?
-Зөвшөөрөл авах асуудал байхгүй, дуулж болно. Гэхдээ би концертийн программаа боловсруулж дуусаагүй байна. Сонсохыг хүссэн дууныхаа нэрийг миний фэйсбүүк хуудсанд бичиж болно. Тэндээс л сонгоно. Тэгэхгүй бол 300 гаруй дуунаас 20-25 шилдэг дууг өөрөө сонгоно гэдэг хэцүү ажил.
-Хамгийн анх дуулж байсан дуугаа санаж байна уу?
-Улаан-Үдийн төмөр замчдын соёлын ордны тайзан дээр анх гарч байснаа одоо ч сайн санаж байна. Хоёрдугаар ангийн хүүхэд байлаа. Хасаг хувцастай дуулж байсан. Хүмүүс ази царайтай хасаг анх удаа харж байна гэлцээд л.
-Таныг продюсортойгоо ярилцаж байхыг санамсаргүй сонслоо. Тоглолтын үеэр өөр арга хэмжээ зохион байгуулах бололтой.
-Тиймээ, орлогынхоо тодорхой хувийг Байгаль нуурыг цэвэрлэх санд хандивлана. Монголд миний фэн клуб ажилладаг. Зургаан мянган гишүүнтэй. Би Буриадад бас тийм фэн клубтэй болох санаатай байгаа.
Гэхдээ фэн клуб гээд дандаа магтаад байдаг газар биш, харин залуу уран бүтээлчдэд тусалж, дэмждэг тийм клуб байгуулна. Жишээ нь, Монголд манай клубын гишүүд шинэ залууст ямар сургуульд элсэх, Улаанбаатарт хямд байр яаж олох зэрэг асуудалд нь тусалдаг.
-Таны амьдралд “Премьер-министр” хамтлаг ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Энэ хамтлагийн ачаар маш их танил, найз нөхөдтэй болж, асар их туршлага хуримтлуулсан. Найман жилийн дотор бид ОХУ-ыг хоёр тойрчихсон шүү дээ.
Хамт ажиллаж, байнга нэг нэгнээ дэмждэг байлаа. Гэтэл нэг өдөр л бүх юм дууссан. Мэдээж гунигтай, уйтгартай санагддаг.
-Таныг өөрийн гэсэн хөгжимчидтэй гэж дуулсан юм байна?
-Тэгэж хэлж болно. Манай хамтлагт 12 хүнтэй балетчид бий. Тэд Улаан-Үдийн тоглолтод оролцоно. Ер нь бол нийт 50 хүний бүрэлдхүүнтэй Буриадад ирнэ.
Гэхдээ манай балетчид Вера Брежнева, Дима Билан гэсэн дуучидтай ч мөн хамтран ажилладаг. Өөр уран бүтээлчидтэй хамтран ажиллуулахгүй бол тэд өсч дэвжихээ болино шүү дээ.
Шаардлагатай үед цуглараад л миний тоглолтод бэлтгэдэг. Монгол, Оросын 16 хөгжимчин ч байгаа.
-Хэдэн жилийн өмнө таны тоглосон кино Улаан-Үдэд гарсан. Кино урлагийн салбарт хэр хүч сорьж байна вэ?
-2009 онд Халхын голын дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ баярын хүрээнд би “Татар ажиллагаа” кинонд тоглосон. Дараа нь “Big Fish” киноны гол дүрд тоглоод л миний жүжигчний замнал дууссан.
-“Cosmopolitan” сэтгүүлээс таныг хэдэн жилийн өмнө дэлхийн хамгийн сайхан ганц бие залуусын чансаанд оруулсан байсан. Ингэхэд та гэр бүлтэй болсон уу?
-Залуу байхад ажиллаад л, алдар хүндтэй болохыг мөрөөддөг байлаа. Нас ахиад ирэхээр гэр бүлтэй болохыг хүсдэг юм байна. “Big Fish” киноны продюссор нь манай аав байсан.
Аав киноны гол дүрийн эмэгтэй жүжигчнийг голоод, өөр шинэ жүжигчин сонголоо гэж ярьж байсан юм.
Тэр нь загвар өмсөгч О.Ариунзул байсан. Кинонд бид хоёр хайрт хосууд болж тоглосон, амьдрал дээр ч мөн хос хэвээр үлдсэндээ их баярладаг. Саяхан миний төрсөн өдрөөр гэргий маань надад хүү төрүүлж өгсөн.
Хүмүүс биднийг зориуд төрсөн өдрөөрөө хүүхдээ төрүүлсэн гэж хардаад байгаа юм. Үнэндээ зургадугаар сарын 30-нд бид шорлог идээд сууж байтал, өвдөлт эхлээд эмнэлэг явах болсон. Төрөх эмнэлэгт тэр чигээрээ шорлог үнэртэж байсан гэнэ лээ.
Оросын нэг хэвлэлд Монголын хамгийн үзэсэгэлэнт 20 бүсгүйг шалгаруулахад О.Ариунзул түрүүлснийг сонсоод их баярласан. Өнгөрсөн жил манай хүн Сочигийн өвлийн олимпийн гол ивээн тэтгэгч Кока Колагийн нүүр царайгаар сонгогдож байсан.
-Таны цаашдын зорилт, төлөвлөгөө юу байна?
-Хамгийн ойрын ажил гэвэл есдүгээр сарын 22-нд Улаан-Үдэд хийх тоглолт. Дараа нь Монголын хэд хэдэн аймаг, Буриадын хотуудаар аялан тоглолт хийнэ. Харин 2016 онд Москвад концерт хийх төлөвлөгөөтэй.
Хийсэн бүтээсэндээ сэтгэл ханаад, зүгээр сууж болохгүй гэдгийг ойлгож байна. Оросын алдарт дуучин Иосиф Давыдович Кобзон “Дуучин хүн эхний 10-15 жилдээ үзэгчдийн сонсохыг хүсэж байгаа зүйлийг дуулах ёстой.
Харин дараа нь өөрийн хүссэнээ дуулж болно” гэж хэлсэн байдаг. Харин би энэ хоёр сонголтын яг дунд нь байгаа гэж боддог.
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ