Лос-Анжелес хотноо ажиллаж, амьдардаг зураглаач Н.Анарын гэрэл зургууд Луврын музейд дэлгэгджээ. Тэрбээр гэрэл зурагчдын дунд зохион байгуулагддаг “Exposure Award” олон улсын уралдаанд амжилттай оролцож, дэлхийн хамгийн том, хамгийн олон үзэгчтэй музейд бүтээлээ тавих эрхээр шагнуулжээ.
“Exposure Award” уралдаанд оролцогчдын бүтээлийг цахим хуудсанд нээлттэй тавьж, үзэгчдээс санал авах байдлаар ялагчдыг тодруулдаг бөгөөд зөвхөн энэ жилийн уралдаанд оролцож буй бүтээлүүдийг таван сая гаруй хүн үзэж сонирхсон байна. 75000 ам.долларын шагналын сантай уралдааны “Body Collection” төрөлд Н.Анарын гэрэл зургууд шилдгээр шалгарчээ. Шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн өнгөрөгч долдугаар сарын 13-нд Парисын Луврын музейн танхимд гарчээ.