“Удирдаач хүн баруун гартаа дохиураа барьдаг. Дохиургүй бол удирдаач гэдэггүй. Манай аав зүүн гартаа дохиураа барьдаг байсан. Аав минь удирдаач хүн дохиураа яаж барих ёстойг надад зааж, зөвлөдөг байлаа” хэмээн Улсын филармонийн ерөнхий удирдаач Намсрайжавын Бүтэнбаяр ярьж байжээ. Харин тэр нэгэн өдөр гурван том оркестрыг нэгтгэн бэлтгэл хийлгэж байхдаа Н.Бүтэнбаяр гуай зүүн гараараа дохисон. Учир нь яг энэ үед цус харвалт болж баруун гараа даахаа больсон байжээ. Гэсэн ч долдугаар сарын 7-ний нэгдсэн бэлтгэл, тоглож байсан бүтээл, өөдөөс нь хараад сууж байгаа олон хөгжимчнөө хүндэтгэн хамаг хүчээ дайчлан зүүн гараараа дохисоор зохиолоо дуусгасан гэнэ.
Улсын баяр наадмын уухай намжсаны дараахан Улсын филармонийн туслах найруулагч Б.Эрдэнэ-Оюун фэйсбүүк хуудсандаа “Наадам ч өндөрлөлөө. Одоо бид дуугарах ёстой боллоо. Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концертын бэлтгэлийн үеэр урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр гуай цус харваад, одоо эмнэлэгт ухаангүй байна” хэмээн бичсэн. Сэтгэл сэртхийлгэм таагүй мэдээ, Улсын филармони гэдэг том айлыг бий болгон, нуруундаа үүрч яваа урлагийн төлөө цохилох зүрхтэй нэгэн гэр бүлийн төдийгүй тэднийг хүндэлдэг монголчуудын хувьд аймшигтай мэдээ байсан. Хэрэгтэй тариа нь олдохгүй байгааг мэдсэн дуучид, энгийн хүмүүс хүртэл байгаа бүхнээ бариад эмнэлэг дээр очиж байсан тухай өчигдөр Н.Бүтэнбаярын гэргий Д.Наранцацрал ярьсан. Нөхөр нь олон хоногийн дараа ухаан орсон ч ярьж, хөдөлж чадахгүй байгаа болохоор түүнд амаргүй байгаа. Эмчилгээ хийх боломжтой эсэхийг судалж, эмнэлгүүд рүү шинжилгээний бичгээ явуулсаар нэлээд хугацаа алджээ. Азаар саяхан БНХАУ-ын эмнэлгээс Н.Бүтэнбаяр гуайг эмчлэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Маш яаралтай 150 сая төгрөг хэрэгтэй байгаа ч энгийн л ажил алба хашдаг хүмүүст ийм мөнгө олох амаргүй.
Тиймдээ ч өчигдөр Улсын филармонийн удирдлага болон уран бүтээлчид, Н.Бүтэнбаярын гэр бүлийнхэн хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж ард түмнээсээ тусламж хүслээ.
Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжав гуай найман настайдаа, түүний гэргий 13 настайдаа урлагт хөл тавьж, бидний мэдэх Монголын сонгодог урлагийн түүхийг тодоор бичилцэж явсан. Түүний зохиосон “Халуун элгэн нутаг” дууг монголчууд Төрийн дууллынхаа хэмжээнд хүндэтгэж, чин сэтгэлээсээ дуулдаг. Аавынхаа гаргасан замаар уран бүтээлийн галыг нь таслалгүй залгамжлуулсан хүү нь Н.Бүтэнбаяр. Түүнийг 2010 онд Л.Бетховений есдүгээр симфонийг тоглуулчихаад “30 жилийн өмнө аавынхаа тоглуулсан концертыг дахин нэг тоглолоо” хэмээн ярьж суусныг санаж байна.
Н.Бүтэнбаяр гуай Үндэсний их баяр наадмаар монголчуудаа бүтэн баярлуулахын тулд бүхнээ зориулсан. Гурван том оркестрын хөгжимчдийн дунд, акустикгүй орчинд ажиллах амаргүй байж таарна.
Монголын сонгодог урлагийн нэгэн тулгуур болсон түүний эмчилгээнд 150 сая төгрөг хэрэгтэй. Төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэлийн үеэр цус харваж, эмнэлэгт хүргэгдсэн түүнд Төрөөс яагаад эмчилгээний зардал өгч болдоггүй юм бэ. Аймаг, сумын ой тэмдэглэж хэдэн тэрбумаар, даншиг наадам хийж хагас тэрбумаар наадаж чаддаг хэрнээ биднийг баярлуулсан гавьяатангаа хөл дээр нь босгочихож болохгүй гэж үү.
Эмчилгээний зардлын мөнгө яаралтай хэрэгтэй байгаа тул Улсын филармонийнхан “Өнө мөнхийн эгшиглэн” хандивын аян эхлүүлээд байгаа юм. Н.Бүтэнбаяр гуай дөрвөн ч удаа ийм нэртэй тоглолт хийж байсан. Өнө мөнхийн үргэлжлэлтэй Монголын урлагийн домог болсон гэр бүл, авьяаслаг удирдаач, багшдаа туслахыг хүсвэл дорх дансанд хандив хийгээрэй.
Хандивын данс: Голомт банк 1205107738 (төгрөгийн)
3009352457 (валютын)
Хаан банк 5007201193( төгрөгийн )
Хүлээн авагч: Бүтэнбаяр Одгэрэл
Харилцах утас: 89895525, 99097379, 89902395, 89012104