Хилэн ногоон зүлгэн дээр өнгө засан барьсан гэрийн гадна эсгий ширдэг дээр суух киргиз, настай эмэгтэй... Магадгүй тэрбээр хэн нэгнийг горьдлого тээн харуулдан суугаа ч байж мэднэ.
Эсвэл туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлж ч байх шиг. Ийн гүн бодолд дарагдан, урт холын бодол бэлчээх эмэгтэйн харц чухам юу өгүүлэх гэснийг мэдэх хүсэл эрхгүй төрсөн.
Энэ бол “Караван” арт галерейд дэлгэсэн “Монгол зураачид уран бүтээлийн эрэлд” үзэсгэлэнд багтсан, зураач Б.Мөнхбаатарын “Киргиз, настай эмэгтэй” хэмээх бүтээл байлаа.
Киргизстан улсын “Аль-Хаяат” галерейгаас өнгөрсөн зургадугаар сард олон улсын байгалийн судалбар зургийн аялал зохион байгуулсан билээ.
Якут, Буриад, Киргизстан, ОХУ, Тажикстан улсын зураач оролцсон уг аялалд манай улсаас Х.Содномцэрэн, Д.Булгантуяа, М.Ган-Очир, Б.Мөнхбаатар, Б.Мягмарлхам, Б.Баасансүрэн нарын уран бүтээлч эх орноо төлөөлсөн юм.
Тийм ч учраас мөнх цаст сарьдаг оргилууд, цэлмэг тэнгэр, гол мөрөн , жаргаж буй нар, ой мод, нуурын эрэг зэрэг байгаль ахуйг түлхүү харуулсан судалбар зургуудаас бүтсэн эл үзэсгэлэн Төв Ази, Монголын түүх, соёлын онцлог, ижил төстэй талуудыг тодруулан илэрхийлснээрээ онцлог болжээ.
Энд дан ганц байгалийн бодит дүр зургаас гадна ерөөс байгаль дэлхийгээс хүнд төрж болох тэр л мэдрэмжийг хийсвэрлэн үзүүлжээ.
Ж.СУВДМАА