Адамыг бүтээсэн нь
Италийн сэргэн мандалтын үеийн зураач, барималч, зохиолч, өрнийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч Микеланжело Буонарротиг урлаг судлаачид болон сонирхогчид хүний бие махбодийн талаар өргөн мэдлэгтэй, түүндээ тулгуурлан “Давид”, “Адамыг бүтээсэн нь” гэх сод бүтээлүүдээ туурвисан хэмээн итгэж ирсэн.
Харин эрдэмтдийн саяхны судалгаа нь хэдэн зуун жилийн туршид итгэж ирсэн энэ таамаглалыг үгүйсгэж орхих нь тэр. Алдарт зураач Микеланжелог уран бүтээлдээ алтан харьцаа ашигладаг болохыг Португалын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд нотолжээ.
Систиний сүмийн тааз
Сарвуу тань шуутай, хурууны үенүүд тань хоорондоо жигд харьцаатай байдаг гэдгийг та мэдэх үү. Тиймээс л олон зуун жилийн турш төгс эр Давид, Адамыг урласан Микеланжелог бүтээлээ туурвихдаа хүний бие махбодийн талаарх гүн гүнзгий мэдлэгээ ашигладаг хэмээн судлаачид дүгнэдэг байж.
- Зургийн “Image Pro Plus” программын тусламжтай “Адамыг бүтээсэн нь” зургийн дүрслэлүүдийг нарийн хэмжжээ.
- Үүний үр дүнд эрдэмтэд бурхны гар Адамын гартай шүргэлцэх шахам байгаа хэсгээр алтан харьцааны үндсэн цэг байгааг тогтоосон аж.
- Эл нээлт Микеланжелогийн бүтээлүүд хүний биеийн харьцааны талаарх мэдлэг дээр бус математик дээр үндэсэлсэн болохыг батална.
Харин одоо бол Микеланжело угтаа “Адамыг бүтээсэн нь” зургаа бүтээхдээ математикийн аргыг ашигласан болохыг эрдэмтэд олж тогтоогоод байна. Зарим судлаачид Микеланжелогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох уг зургийг “Бурхны хамгийн сайн бүтээлүүдийн нэг бол хүний тархи” гэх мэт далд утга агуулж буй хэмээн үзэх нь бий.
Үүнтэй уялдуулан 1508-1512 онд зурсан Систиний сүмийн таазан дээрх зургуудыг ч тархины нугалааг илэрхийлдэг хэмээн тайлбарладаг. Гэхдээ саяхныг хүртэл түүнийг сод бүтээлийн мөн чанар нь пи тоонд оршиж буй гэдгийг албан ёсоор батлаагүй байсан юм.
Эрдэмтэд судалгаандаа “Image Pro Plus Software 6.0” программыг ашиглаж, “Адамыг бүтээсэн нь” зургийн дүрслэлүүдийг нарийн хэмжсэн аж. Ингээд эцэст нь бурхны хуруу болон түүнтэй шүргэлцэх шахам буй Адамын хуруу хоёрын завсраар зургийг зааглан, зураг бүхэлдээ алтан харьцаатай болохыг олж тогтоожээ.
Тэр ч байтугай уг нээлт дээрээ үндэслэн Систиний сүмийн таазан дээрх зургуудыг ч пи тоо ашиглан зурсан эсэхийг судалж, сүмийн таазан дээрх зарим зураг “Адамыг бүтээсэн нь” зурагтай алтан харьцаагаар холбогдож буйг баталсан байна.
Алтан харьцаа гэдэг тухайн зүйлийн урт богино хэмжээтэй хэсгүүдийн нэг нь нөгөөгөөс 1.618 орчим дахин урт, эсвэл богино байхыг хэлдэг. Судалгааны багийн ахлагч Дейвис де Кампос “Судалгааны маань үр дүн биднийг маш их гайхашруулсан.
Энэ судалгаа Микеланжелогийн уран бүтээлийн судалгааны чиг хандлагад шинэ шугам гаргасан гэж итгэж байна. Бурхны хуруу болон Адамын хурууны хооронд зааг гаргаад харвал энэ харьцаа бусад зурагтай ч холбогдож буйг хялбархан харж болно.
Бид Микеланжелог пи тоо бол хүний биеийн харьцааны үндэс гэдгийг мэддэг байсан гэж таамаглаж байгаа. Тиймдээ ч түүнийгээ зураг зурж, баримал хийхдээ ашиглан гайхалтай бүтээлүүд урлаж байжээ гэж үзэж байна” хэмээн судалгааны өгүүлэлдээ бичжээ.
АЛТАН ХАРЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ
Дан Броуны найруулсан “Да Винчигийн нууц” киног үзсэн бол профессор Лантон математик урлагийн бүтээл хоёр алтан харьцаагаар хэрхэн холбогддогийг санаж буй биз ээ. Харин та уг киног үзэж, зохиолыг нь уншаагүй бол гоо сайхны нууц болсон 1.618 гэгч шидэт тооны тухай товчхон танилцуулъя.
Эхний хоёр тооны нийлбэр нь дараалал дахь дараагийн тоог илэрхийлдэг жагсаалт бий. Уг жагсаалт 0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34... хэмээн цааш үргэлжилнэ. Харин уг дараалал дахь дурын хоёр тоог хооронд нь харьцуулбал ойролцоогоор 1.618 гардаг.
Жишээлбэл, 21-ийг дараалал дахь өмнөх тоо болох 13-т хуваавал 1.61538 гарна. Жагсаалтыг харахад сэтгэл татах юу ч үгүй байгаа биз. Гэхдээ энэ харьцаа наранцэцгээс эхлээд бидний эрхтэн, тэр ч байтугай Мона Лизагийн хараа булаам байдлын гол түлхүүр юм.
1.618 гэх тоо хүний биеийн харьцааны гол түлхүүр болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоогоод буй. Хан боргоцой жимсний хээ, наранцэцгийн цоморлиг гээд хэм нь 1.68 гэх пи тооноос зөрдөггүй байгалийн бүтээлүүдийн талаар эрдэмтэд хэдийнэ судалж, тогтоогоод байна.
О.УНДАРМАА