Ирэх арваннэгдүгээр сарын 21-нд Австралийн Куйнслэндийн Орчин Үеийн Урлагийн Галерейд болох Ази, номхон далайн орнуудын VIII триеннал арга хэмжээд оролцох уран бүтээлчдийн нэг болох Б.Номин “Pollock Krasner” сангаас 20 мянган ам.долларын тэтгэлэг хүртэхээр болжээ. 1985 онд байгуулагдсан тус сан нь абстракт зураач Ли Краснерийн дүрслэх урлагийн аюулгүй байдал болоод хөгжилд зориулаарай хэмээн үлдээсэн 23 сая ам.долларыг зохих ёсоор зарцуулах зорилгоор анх байгуулагджээ. “Pollock Krasner” сан шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах ёслол зохион байгуулахаас гадна ирээдүйтэй, чадварлаг зураачдад тэтгэлэг олгодог. Байгуулагдсанаас гурван жилийн дараа буюу 1988 онд 300 гаруй үнэ цэнэтэй бөгөөд санхүүгийн дэмжлэг шаардлагатай уран бүтээлчдэд 1.5 сая ам.долларын тэтгэлэг өгсөн байдаг. Тэтгэлэг хүсэгчид http://www.pkf.org/ цахим хуудсанд нэвтэрч маягт бөглөж, хүсэлт гаргадаг бөгөөд тэтгэлэг хүсэгчдээс хамгийн ирээдүйтэй, чадварлаг уран бүтээлчдийн тус сангийн удирдлага шалгаруулж тодруулдаг байна. “Pollock Krasner” сангаас тэтгэлэг хүртсэн анхны монгол зураач Б.Номин болж буй.