Хүүхэд төрүүлснээс болж таргалж, гоо сайхны хувьд доройтдог гэсэн ойлголт өдгөө бараг л үгүй болжээ. Учир нь олны танил бүсгүйчүүдээс эхлээд жирийн ээжүүд ч төрснийхөө дараа идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, гоо сайхнаа хадгалж үлдэж байна. Тухайлбал “Sweetymotion” хамтлагийн гишүүн Г.Сүндэрмаа охиноо төрүүлээд удалгүй уран бүтээлээ хийж, хамтлагийнхаа бүсгүйчүүдтэй зураг авалтад орж байсан.
Тэрбээр өөрийнхөө хийдэг дасгалууд болон биеийн галбираа хадгалдаг нууцаа бүсгүйчүүдтэй хуваалцахаар шийдэж “Sundree’s fitness” группийг фэйсбүүкт нээжээ. Түүнчлэн дасгалуудынхаа дүрс бичлэгийг “Юнивишн”, “Скаймедиа”-гийн видео санд “Sundree’s secret” нэрээр байршуулаад буй. Өчигдөр 15.00 цагт түүнтэй холбогдож, энэ талаар тодрууллаа.
-Сүндрээг хүүхэдтэй болсон гэж хэлэхээргүй сайхан харагдаж байна. Үнэхээр атаархмаар дайчин бүсгүй юм аа. Өөрийнхөө туршлагыг бусад бүсгүйтэй хуваалцах санаа хэзээ анх төрсөн бэ?
-Сайн байна уу. Уншигчдадаа бас энэ өдрийн мэнд хүргэе. Би 14 настай байхаасаа бие бялдраа хөгжүүлэх зорилгоор гэртээ дасгал хийж эхэлсэн. Тухайн үед “Эмоушн” хамтлагийнхаа охидтой хамт амьдарч, уран бүтээлээ хийдэг байлаа. Эгч минь бидэнд Синди Кроуфордын дасгалын дүрс бичлэгийг бэлэглэж, түүнийг нь өглөө болгон бүгдээрээ дагаж хийдэг байсан нь бас сайхан дурсамж шүү. Өдий хүртэл гэртээ дасгал хийсээр л явна.
Жирэмсэн байхдаа ч гэсэн тохирох дасгалыг нь сонгон хийж байсан. Өнгөрсөн жил охиноо төрүүлчихээд гэртээ байж байхдаа энэ санааг олсон юм. Жаахан хүүхэдтэй ээжүүд фитнесс клубт тогтмол цагаар хичээллэх боломжгүй байдаг. Тиймээс өөр шигээ гэртээ байгаа ээжүүдэд ч бас дасгал хийх боломж олгох зорилгоор бичлэг хийж, түгээх хүсэл төрсөн юм.
-Хэдэн дасгал дүрсжүүлж заасан бэ?
- Анхан шатны дасгалын бичлэгүүдийг хийгээд байна. Гэдэс, гар мөр, өгзөг, хөл, бүтэн биеийн гэсэн дөрвөн цуврал дасгалыг дүрсжүүлж “Юнивишн”, “Скаймедиа”-гийн видео санд байршуулсан. Удахгүй төрсний дараа хийх дасгалуудаа оруулна.
-Таны хийж байгаа дасгалууд арай өөр харагдаад байгаа юм. Хаанаас энэ дасгалуудыг сурсан бэ?
-Би дасгалуудаа заримдаа өөрөө баяжуулаад зохиодог. Интернэтээс олон төрлийн дасгалын бичлэг үзэж, хийж байгаад үр дүн сайтайг нь сонгож боловсруулдаг.
-Төрөхдөө хэр их жин нэмсэн бэ. Хэдий хугацааны дараа хэвийн хэмжээндээ очсон бэ?
-Охин маань одоо ой гарантай. Жирэмсэн байхдаа байж болох хэмжээнд л жин нэмсэн. Төрсний дараа хэвийн жиндээ хүрэх нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй байдаг. Би 7-8 сарын дараа л өмнөх жиндээ хүрсэн.
-Өөрийн гэсэн фитнесс клубтэй юү?
-Энэ бол миний мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаж байна. Одоохондоо тусгай анги, танхим байхгүй ээ.
-Таны дүрс бичлэгийг хэн хийж өгдөг вэ. Нөхөр тань тусалдаг уу?
-“V” студийн залуус дүрс бичлэгийг маань хийж өгдөг. Тэдэндээ энэ завшааныг ашиглан баярлаж явдгаа хэлмээр байна. Мөн ханьдаа маш их баярлалаа. Сэтгэл санаа болон бүхий л зүйлээр намайг дэмжиж, хайрладаг чамдаа би хайртай. Үргэлж чин сэтгэлийн зөвлөгөө өгч, дэмждэг хамтлагийнхаа хоёр найздаа ч бас баярлалаа.
-“Свийтиймоушн” хамтлагийнхан сүүлийн үед ямар уран бүтээл хийж байгаа вэ?
-Бид Чинбаатайгаа нийлээд “One music” продакшн байгуулсан. “Шинэ дэлхий” телевизтэй хамтарсан нэг том төсөл эхлүүлээд байна. Ирэх намар бидний шинэ уран бүтээлүүд үзэгчдэд хүрнэ.