БСШУ-ы сайд Л.Гантөмөр, Монголын зураачдын эвлэлийн тэргүүн П.Цэгмид нарын урилгаар БНХАУын зураачид манай оронд зочилж буй. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гаригт Уран зургийн галерейд “Хятадын орчин үеийн урлаг 2015” үзэсгэлэн нээв. Хоёр орны ард түмний найрамдал, соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой уг арга хэмжээг 2013 оноос жил бүр зохион байгуулах болсон. Хоёр дахь удаагийн үзэсгэлэнд дэлхийд данстай 12 хятад уран бүтээлчийн 40 гаруй шилдэг бүтээлийг тавьсан байна.
Эдгээр бүтээлээс тухайн улсын дүрслэх урлагийн орчин үеийн хөгжлийн чиг хандлага, үзэсгэлэнт байгаль, өв соёл, хүн ардын аж байдал, сэтгэлгээг харж болох юм. Хятадын уран зургийн бүтээл нь уг зургийнхаа санааг тодотгосон дагалдах тайлбар шүлэг, зураачийн овог нэр бүхий тамгатай байдгаараа ихээхэн өвөрмөц. Тиймдээ ч дэлхий дахинаа “Зураг доторх шүлэг, шүлэг доторх зураг” хэмээн алдаршжээ. Үзэсгэлэнгийн бүтээлүүдээс ч энэ онцлог харагдаж байлаа. Мөн агуулгын хувьд хүн, уул ус, цэцэг шувуудын гэсэн гурван төрөлд хуваажээ.
Зураач Ү Туанляны “Цасан дахь нүүдэлчид”, “Цасан дахь тэмээ”, “Цаст нутаг” зэрэг цасан шуургыг морин дэл дээр сөрж зогсох малчин ардыг дүрсэлсэн зураг онцгой харагдав. Магадгүй нүүдэлчин ахуйтай ойр санагдсан учир тэр биз. Үзэсгэлэнд зураач тус бүр 3-4 бүтээл толилуулсан. Эдгээр нь тус бүрийн онцлог, өнгө төрхөөр ялгарч байв. Тухайлбал, зураач Ян Шиаоянын усан будгаар зурсан бүтээлүүд этгээд санагдав. Зургийг зэрвэс харахад чухам юу дүрсэлсэн нь тодорхойгүй, эмх замбараагүй мэт.
Харин тогтож ажваас мод, цэцэгсийн дүрс дурайх аж. Эл зургийн учрыг тайлахаар хүмүүс нэлээд тогтож харж байлаа. Фан Шиаолун бүтээлүүддээ өнгө будгийн гайхамшигт зохицлоор байгалийг дүрсэлсэн бол зураач Чэнь Шианжүн цэцгийг олон янзаар зуржээ. Ингэхдээ цаг улирлын байдлыг цэцгээр илэрхийлэхийг зорьсон мэт. Энэ мэтчилэн зураач тус бүр тодорхой нэг сэдвээр дагнан бүтээлээ урласан байв. Эдгээр уран бүтээлч үзэсгэлэн гаргахын зэрэгцээ манай орны байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, монгол зураачидтай туршлага солилцох гэнэ.
Ж.СУВДМАА