Монголын соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг сэргээн засварлаж, 20 жил энэ салбартаа ажилласан зураачтай ярилцлаа. Түүнийг Г.Соёл-Эрдэнэ гэдэг. Соёлын өвийн төв байгуулагдаад удаагүй байхад ажилд орж 2011 он хүртэл тэндээ ажиллажээ. Харин одоо ӨМӨЗО-ны Хөх хот дахь Орчин үеийн урлагийн төвд сэргээн засварлагч хийж буй. Язгуурын таван бурхан, 21 дарь эх, Марзан Шаравын “Монголын нэг өдөр”, ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” зэрэг олон гайхамшигтай бүтээл түүний гарын ураар он цаг улиран олны мэлмийг баясгаж яваа.
Бүтээж, туурвисан урчууд нь гайхалтай хэдий ч хадгалалт, хамгаалалтын нөхцөл, давагдашгүй хүчин зүйл, цаг хугацааны шалгуураар гайхамшигт олон бүтээл гэмтэх нь бий. Тийм үед л сэргээн засварлагч нарын ур чадвар танигддаг. Соёлын өвийн сэргээн засварлагч Монголд бараг байдаггүй мэт ойлголт төрүүлж, энэ салбар уналтад орж байгаа тухай ярих хүн олон ч хийж, бүтээж яваа нэгнийхээ үйл хэргийг харин анзаардаггүй бололтой.
-Та анх зураач болно л гэж Дүрслэх урлагийн дунд сургуульд орж байв уу?
-Тийм ээ. Би Дархан хотынх. Тэр үед Дүрслэх урлагийн дунд сургуульд хүүхэд элсүүлэх шалгаруулалт тухайн орон нутагт нь болдог байлаа. 200 гаруй хүүхдээс хоёрыг нь л авна гэхэд хэцүү сонсогдож байсан. Урангоо гэдэг охин бид хоёр тэндээс тэнцэж хотод ирсэн юм. Намайг бага байхад бүх нийтээр нь жүжиг, кино их үзүүлдэг байсан болохоор би театрын зураач болно гээд бодчихсон байсан. Гэтэл миний хийсэн ажил, зурсан зургийг хараад “Чи монгол зургийн хүн байна” гэдэг байгаа. Би театрын зураач болно гэж хэсэг гүрийсэн ч бүтээгүй. Монгол зургийн ангидаа хагас жил болоод л учрыг нь ойлгож, бүр энэ мэргэжилдээ дурласан. Ардын зураач Д.Амгалан, ардын зураач Цүлтэмийн охин Нармандах багш нарынхаа ангид суралцаж төгссөн.
-Монгол зургийн анги төгсчихөөд уран бүтээлээ хийлгүй, сэргээн засварлагч болсон нь ямар учиртай вэ?
-Биднийг сурч байхад Соёлын өвийн төв байгуулагдаад удаагүй байлаа. Тэнд нэг сар дадлага хийж бурхны зураг хуулж байсан юм. Манай байгууллага бүх л музейн үзмэрийг сэргээн засварладаг юм шүү дээ. Монгол зураг, уран зураг, зээгт наамал буюу даавуун эдлэл, сийлбэр, дархны бүтээлийг сэргээн засна. Хүсэл сонирхлоороо энэ байгууллагад ажиллаж, ах, эгч нараасаа их зүйл сурсан. Намайг анх энд ажилд орж байхад хүмүүс “Дэмий дээ, чи юм хуулдаг л хүн болно” гэх мэтээр ярьж байсан.
Үнэндээ манай зураач нар ч бас сэргээн засварлалтын талаар сайн ойлголтгүй байсан л даа. Соёлын өвийн төвийг үндэслэн байгуулж, анхны даргаар нь ажиллаж байсан хүнийг Хишигбаяр гэдэг. Энэ чиглэлээрээ Польшт зургаан хүүхэд сурахаар явж, шигшигдсээр ганцаараа төгсөж ирсэн юм билээ. Ирчихээд Дүрслэх урлагийн музейн нэг өрөөнд Монголын анхны Сэргээн засварлах тасгийг байгуулсан түүхтэй. Баяндүүрэн, Буд эгч, Хишигбаяр захирал гурав Соёлын өвийн төвийн тулгын чулууг тавьсан юм. Соёлын төв өргөө баригдсаны дараа нэг хоолойд нь Музейн үзмэр сэргээн засварлах урланг байгуулж, улмаар Соёлын өвийн төв болсон. Би 1992 онд сургуулиа төгсөж, 2011 он хүртэл эндээ ажилласан.
-Социализмын үед музейн үзмэр сэргээн засварладаг байгууллага байгаагүй юм уу?
-Байгаагүй бололтой. Уран зургийг Урчуудын хороогоор дамжуулан зураач нараар сэргээлгэдэг байсан юм шиг байна. Музейн үзмэр засварлаж байхдаа социализмын үед засварласан хэд хэдэн бүтээл харж байсан.
-Соёлын өвийн төвд ажиллахаа болиод Хөх хотыг зорьсон уу?
-Сургууль төгсөөд нэг байгууллагад тууштай ажилласан Тэндээс их зүйл сурч, үзэж харсан. Ажлаасаа гараад хувиараа сэргээн засварлалтаа хийж эхлээд бүр ч их завгүй болчихлоо. Жил гаруйн өмнөөс Хөх хот руу очиж ажиллах болсон доо. Хөх хотын Орчин үеийн урлагийн төв нь хувийн байгууллага. Манай МУЭ-ийн хороотой хамтран ажилладаг. Хятадууд шаазан ваар, төм өр, модон эдлэл сайн сэргээн засварладаг ч танка зургаараа мэргэшсэн хүн цөөтэй юм билээ. Энэ байгууллагынхан намайг нэлээд эртнээс судалсан байсан. Анх уулзаж санал тавиад нэг ажил өгч засуулсан. Нэг ёсны сорилт байсан болов уу. Одоо тэнд нэг сар ажиллаад нутагтаа ирж амраад буцаад явдаг даа.
-Жил гаруйн хугацаанд тэнд хэчнээн бүтээл сэргээн засварлав?
-Харьцангуй их гэмтэлтэй зургуудыг сэргээсэн. Өмнө нь хийсэн ажлаа цэгцтэй нарийн бүртгэдэг байсан ч сүүлдээ тоогоо алдсан даа. Ихэвчлэн төвд, хятадын зураач нарын 30-40 орчим бүтээл зассан. Их тоо л доо.Европ, Америкийн сэргээн засварлагч нар жилдээ 1-2 бүтээл дээр л ажилладаг юм билээ.
-Хуучны зураг сэргээн засварлахад будаг болон материалын олдоц хэр зэрэг байдаг вэ?
-Бүгдийг л өөрийнхөө гараар хийнэ. Шороон болон алтан будгаа бэлдэж сэргээн засаад өнгийг нь гандуулж, эх зурагтай нь дүйцүүлнэ. Бас зурсан технологийг нь алдагдуулахгүй байх ёстой. Зураач хүн өөрийнхөө төсөөллөөс ургаснаа буулгадаг бол сэргээн засварлагч тухайн бүтээлийнхээ эзний бодож, тунгаасныг ойлгож, танин мэдэж, яг тэр дэгээр нь зурах ёстой.
-Соёлын өвийн төвд ажиллаж байсан болохоор Монголын бүх л хосгүй үнэт бүтээлд гар хүрсэн үү?
-Бух музей болон Уран зургийн галерейн үнэтэй, ховор үзмэрүүдэд гар хүрсэн. Жирийн үзэгчдийг бодвол гараараа барьж, эргүүлж, тойруулж үздэг болохоор азтай. Язгуурын таван бурхан, Г.Занабазарын 21 дарь эхийн хоёрыг сэргээсэн байна. Бас Чойжин ламын сүм музейн бүх бурхны мэлмийг нээсэн. Цаг хугацааны явцад нүд нь баларч, мутрынх нь хээ байхгүй болсныг сэргээсэн юм. Гэхдээ манай өвөө, ах хоёр “Өвөг дээдсийнхээ нандин зүйлсэд гар хүрээд байдаг. Чамд хүнддэхгүй юү?” гэж анхааруулж байсан. Харин зарим хүн болохоор буянтай ажил гэдэг юм.
-Монголд сэргээн засварлагч дутагдалтай байдаг болохоор л зарим үзмэрийг гадаадад засуулдаг гэсэн ойлголттой байлаа. Харин таны ярьж буйгаар бол Монголын сэргээн засварлагчдын ур чадвар өндөр юм байна, тийм үү?
-Тийм ээ. Манайханд орчин үеийн багаж, хэрэгсэл байхгүй ч бүгдийг л өөрсдөө бий болгож хийдэг. Соёлын өвийн төвд сэргээн засварлагчдын орон тоог цөөн хүнээр баталчихсан байдаг. Гэтэл ажиллах, хийх зүйл их. Бас дээр нь хортой, хүнд нөхцөлд ажилладаг. Химийн бодисоор цэвэрлэгээ хийнэ шүү дээ. Сүүлийн жилүүдэд манайхан ажилтнуудаа их дэмждэг болсон. Гадаадад мэргэжил дээшлүүлж, харилцан туршлага судалж байна.
Би Соёлын өвийн төвд ажиллаж байхдаа Америк, Турк, Хятад, Солонгост 1-6 сарын хугацаатай мэргэжлээрээ ажиллаж байсан. Монголоос сэргээн засварлагч ирнэ гэхээр тэд анхан шатны мэдлэгтэй л гэж ойлгодог юм шиг байгаа юм. 2-3 зураг бэлдээд, түүнийг сэргээн засварлуулна гээд хүлээж байдаг. Бид тэдэнтэй адилхан л ажиллаад бэлдсэн зургаас нь давж 6-7 бүтээл засварлачихаар гайхширдаг. Манайд зориулалтын барилга, багаж тоног төхөөрөмж л муу байгаагаас биш сэргээн засварлагчдын ур чадвар гологддоггүй. Америкт л гэхэд сэргээн засварлалтын төв нь хотоос зайдуу, байгальтай газар байдаг. Бас хийсэн будгийн үнэр шууд гарахаар маш сайн агааржуулах системтэй.
-Сэргээн засварлах чиг хандлага сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ. Магадгүй хуучнаар байлгах нь үнэ цэнэтэй байх ч юм уу?
-Өмнө нь будгаар будаж, хуучруулдаг байсан бол одоо эх зураг буюу зураг зурахдаа тавьсан хар зургийг нь тодруулаад л орхидог болсон. Аль болох будаг хүргэхээс татгалзаж байна. Хадгалалт, хамгаалалтынх нь горимыг сайн тохируулаад тэр хэвээр нь байлгахыг зорих болжээ. Хувийнхаа эд зүйл болон зургийг засуулж байгаа хүн бол хүссэнээрээ хийлгэнэ л дээ.
-Хадгалалт тааруу байгаагаас л үнэтэй, ховор үзмэр, уран зургууд гэмтдэг байх. Заримдаа хайхрамжгүй байдал ч нөлөөлнө биз?
-Музейд байгаа үзмэр ч механик гэмтэл учруулж, эсвэл зураач нь өөрийнхөө зургийг гэмтээх тохиолдол байдаг. Эсвэл гуулин бурхныг ургамлын тосоор өнгөлчихөөр гоё харагдаж байна гээд хэн нэг хүн ховор бурхнаа тосолчихсон байх жишээтэй. Гэтэл тэр тос өнгийг нь үхүүлж, харлуулахаас гадна тоос татаж бохирдуулдаг. Бурхны мэлмий, нүүр, гарын хэсэг ихэвчлэн будгаар зурсан байдаг болохоор тэр нь гэмтэнэ. Мөн музейн үзмэр харагч нь чийгтэй цэвэрлэгээ хийж байна гээд дураараа арчдаг. Гэтэл тухайн бүтээлд ямар чийг өгвөл гэмтэхгүй байх вэ гэсэн норм байдаг.
Уран зураг сэргээн засварлах нь хүнд ажлын нэг юм шүү дээ. Ялааны баас болчихсон байлаа гэхэд яг тэр тоолонгоор цэг үлдээдэг. Маш их хүчилтэй учраас баасыг нь мэс заслын хутгаар цэвэрлээд авсан ч цагаан цэгтэй болдог. Тэр болгоныг нарийн нягт засварлах болдог. Би 20 жил ажиллачихсан хэдий ч өөрийгөө сурсаар л байгаа гэж боддог. Арван жилийн дараа л өөрийгөө сэргээн засварлаж чаддаг гэж ярина. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа тэрбээр Монголын уран зургийн галерейд сэргээн засварлалт хийсэн аж. Гайхамшигтай олон бүтээл гар хүрэх төдийд бутран унахаар сүйдэж муудсаныг хараад уйлах ч багадсан гэсэн. Бас дараахан нь цахилгааны утаснаас болж гал түймэр гарахад ч хэд хэдэн бүтээлийг сэргээх аргагүй болсон юм билээ. Долдугаар сарын 1-ний үймээний дараа утаа, тортогт дарагдсан олон зураг засварласны дотор Г.Одонгийн “Ажлын дараа” багтжээ.
-Музейн үзмэрүүдийн дахин давтагдашгүй шинж чанарыг та нар сайн мэддэг байх. Ямар нэг байдлаар буруу сэдлээр хуулбарлаж, сольсон байвал мэдэх боломжтой юу?
-Эх зургаа өөр үзэсгэлэнд явуулалгүй төвдөө хадгалж байх зорилгоор нэг төсөл хэрэгжиж, Марзан Б.Шаравын хоёр зургийг 1:1-ээр хуулбарлаж байсан. Гадаадын музейнүүдэд ч тийм жишиг байдаг. Гэхдээ хуулбар гэдгийг нь тодорхой тайлбарладаг. Биднийг тэр хоёр зургийг хуулбарласны дараа ялгахгүй андуурагдах шахаж байсан. Манай дарга хуулбарласан зургийг эх нь гэж тайлбарлаж байснаа “Юу билээ” гээд биднээс асуусан. Маш сайн хуулбар болсон. Монгол зургийн багш Ганзам бид хоёр нэг зургийг нь, С.Дүүрэнтөгс нөгөө зургийг нь хуулбарласан. Түүгээр бурхны зургаа сэргээн засварлуулаад талархал илэрхийлэх хүн олон. Өөрийнхөө зассан зургийг долоо хоногийн дараа дахиад засах болбол би сэргээн засварлагч биш гэж тэр хэлсэн. Олон жилийн настай, удаан хадгалагдах бүтээл болгохын тулд л нэг удаа гар хүрэх нь зүйтэй гэж Г.Соёл-Эрдэнэ үздэг.