Олон сарын өмнө фэйсбүүк хэсэж байгаад Билгүүн Ариунбаатар хаягтай, 60 гаруй мянган лайктай хуудас харсан юм. Хэр баргийн монгол жүжигчдээс ч олон дагагчтай, зүс үзээгүй үл таних залуугийн хуудсыг ахиулан үзэхэд микрофон барьсан, кинонд тоглож байгаа, тайзан дээрээс үзэгчидтэй сэлфи хийсэн зэрэг олон сонирхолтой зураг анхаарал татав. Хайлтын системээс нэрээр нь хайхад “Википедиа” тольноо 1986 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн, Польшийн шоу хөтлөгч гээд л хуудас дүүрэн танилцуулга гарч ирсэн. Түүнтэй холбоо тогтоох гэж олон удаа захидал илгээсний дараа, сая нэг цахимаар ярилцах боломж олдсон юм.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулнауу?
-Ариунбаатарын Билгүүн гэдэг. Ээж минь Польшид эмэгтэйчүүдийн эмчээр ажиллах болсноор би есөн настайгаасаа 19 дэх жилдээ энд амьдарч байна. Ээжийн захиасаар багаасаа л эмч болохыг хүсээд анагаахын сургуульд орсон ч тэр мэргэжлийн сайхныг нь мэдэрч чадаагүй. Хоёрдугаар дамжаанаасаа өөрийнхөө хүслээр маркетингийн чиглэлээр суралцах болоход ээж минь жаахан гомдсон доо. Ази хүн сурталчилгаанд тоглуулах хэрэг хааяа энд гарахад надад санал тавьдаг байсан юм. Нэг удаа чукчагийн дүрд тоглох уу гэсэн.
Оросын алдарт хөтлөгч Шимон Маевскийн шоуны дундуур цацагддаг реклам л даа. Зураг авч дууссаны дараа шоуны найруулагч “Чи сая сайн байлаа. Шоу бизнест хүч үзмээр байна уу” гэхэд нь дуртайяа зөвшөөрсөн. Хоёр сарын дараа надтай холбоо барьж, туршилтын бичлэг хийсэн юм. Надад лав тэр бичлэг сонин санагдаагүй байхад дарга нар нь үзээд инээгээд л байна. “За, за иймэрхүү зүйлд польшуудын инээд хүрдэг юм байна” гээд л тэр өнцг өөс нь наргиан хийдэг болсон доо.
-“U1 Bator” нэртэй нэвтрүүлэг хөтөлдөг байсан юм билээ. Ямар зорилготой нэвтрүүлэг вэ?
-Тийм ээ. TV N сувагт алдарт хөтл өгч Шимон Маевскийн шоуны дундуур Монголоос ирсэн сурвалжлагч болж, польш оддыг цаашлуулдаг хошин шогийн булан хөтөлдөг байсан юм. Тэгэхэд л польшууд надад хайртай болж эхэлсэн. Шимон Маевскийтэй дотно танилцаж, HDW3D сувгаар түүний продюсерлэсэн шоугаар улстөрчдийг элэглэх болсон. Дараа нь “Ододтой бүжиглэе” шоунд оролцож, хөгжилтэй маягаар үзүүлбэр үзүүлсээр хоёрдугаар байрт шалгарсан. Тэр үеэс л польшууд намайг анзаарах болсон.
Польшид “Евро 2012” болоход Шимонтой хамтран “Европт тавтай морилно уу” нэртэй хошин шогийн хөтөлбөр хийсэн. Нэвтрүүлгээрээ бусад орны хүмүүсийг Польш руу урьдаг байсан юм. Тэр нэвтрүүлэгт хүмүүс их дуртай. Шимон томоохон банкны рекламнаас их мөнгө авсан нь телевизийн удирдлагуудын дург үйцлийг төрүүлж ажлаас нь халж, би ганцаараа хоцорсон. Яахаа мэдэхг үй хэсэг сандарч, “Puk puk to my” нэртэй, польшуудын гэрт очиж, аж амьдралыг нь харуулдаг инээдмийн нэвтрүүлэг хөтөлсөн юм.
Дараа нь “Вива” сувагт Монголын “Танайд хоноё” шиг шоу хийсэн ч найруулагчтай сайн ойлголцоогүй. Миний бодлоор тэр онцгүй нэвтрүүлэг болсон. “Полсат” сувагт “Your face sounds familiar” нэртэй, дэлхийн болон Польшийн эстрадын оддыг дуурайн дуулдаг нэвтрүүлэг хийсэн юм. Тэр үед мэргэжлийн багшаар заалгаж, дуулах авьяасаа нээсэн. Дараа нь “Ододтой бүжиглэе” шоунд хөтлөгчөөр ажилласан.
-Улстөрчдийг элэглэдэг шоу хийсэн гэлээ. Ямар нэгэн дарамт ирж байв уу?
-Үгүй. Гэхдээ сүүлд улстөрчидтэй танилцаж, хөөрөлдсөн юм. Сангийн сайд асан Ян Винсент Ростовский “Чи уг нь анх хөгжилтэй, хөөрхөн байсан. Харин улстөрчдийг элэглэсэн нэвтрүүлгүүд чинь сонирхолгүй байсан. Миний дургүй хүрээд байсан шүү” гэсэн.
-Таны хөтөлбөрүүдийн үзэгчдийн тоо хэд орчим байв?
-Олон сувагт ажиллаж байсан тул үзэгчдийн тоо янз бүр. Дунджаар хоёр сая гаруй байх. Польшийн оддын нэг Куба Воеводскийн хөтөлдөг ток шоунд зочноор оролцоход тухайн улиралдаа хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болсон.
-Монголоо хэр сайн сурталчилж байна даа?
-Хүмүүс намайг андахгүй, “Нөгөө хөтлөгч байна” гээд зургаа хамт авахуулах гэдэг. Энэ нь заримдаа энгийн амьдрахад түвэгтэй санагддаг. Гэхдээ нөгөө талаар сурталчилгааны компаниуд надад дуртай байдаг. Польш оддыг Монголд урьж хөтөлбөр хийе гэж нэг хэсэг боддог байлаа. Жишээлбэл, польш эрэгтэй одыг бөх барилдуулж, монгол эр хүн ямар байдгийг үзүүлж, шалгалт авах гэж байсан. Даанч тэр үед Польшийн телевизүүдийн ивээн тэтгэгч багасаж, төлөвлөгөө талаар болсон. Дауны синдромоос болж монгол гэдгийг зарим хүн тэнэг гэдгээр ойлгодогт жаахан дургүй хүрдэг.
-Польшууд танд дуртай байдгийн шалтгаан юу вэ?
-Мэдэхгүй юм даа. Би жаахан хөгжилтэй юм байлгүй. Уг нь аймаар сонин содон юм хийдэггүй, өөрийнхөөрөө л байдаг.
-Хоёр улсын ард түмний хошин шогийн мэдрэмжийн ялгаа юу вэ?
-Польшууд тоглоом даадаг, нэгнээ шоглох дуртай.
-Нэвтрүүлгийн үеэрх сонин содон явдлаасаа хуваалцана уу?
-Янз бүрийн л инээдэмтэй явдал тохиолдоно. Айлуудаар зочилдог нэвтрүүлгийн үеэр зарим хүн нохойгоороо хөөлгөж, бүр буугаар сүрдүүлж байсан тохиолдол ч бий. Нэвтрүүлгийн үеэр аз сорьсон зүйл бас их хийдэг. Нэг удаа залуурт шүхрээр ниссэн юм. Тэр үед тэнгэр муудаж, одоо ингээд л үхлээ гэж бодоод биеэ сул тавьсан. Аз болж онгоц өвсөн дээр буусан.
-Энэ олон нэвтрүүлгийг хөтөлж, олны танил болсны дараа ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Сүүлийн үед ихийг ойлгож, шоу бизнесээс татгалзаж байгаа. Продюсер, найруулагчид надаар хүссэнээ хийлгэж, өөрөөс минь тэс өөр хүн шиг байлгах гэдэгт дургүйцэж байна. Илүү мэргэжлийн урлагийн чиглэлээр өөрийгөө бүтээмээр байна. Жүжигчин Матеуш Банасюктэй хамт “Лавина” нэртэй рок хамтлаг байгуулж, дуунуудаа бэлдээд л байна. Би дуучин, Матеуш бөмбөрчин, бас хоёр гитарчин залуу бий. Мөн Польшийн алдарт жүжигчин Кристина Яандагийн “Оch” театрт орсон. Польшуудын сэтгэхүйн талаар театрын зохиол бичиж байгаа. Польшид гадаад хүн анх ирэхэд их амаргүй байдаг. Польшуудын хуучинсаг үзлийг шоглон драмын талаас үзүүлмээр байна.
-Польшид танаас өөр ази олны танил хүн байдаг уу?
-Реклам, олон ангит кинонд тоглодог Хираки Мүраками, нэг хөтөлбөрт оролцож байсан Наталиа Нгуен гэж вьетнам охин бий.
-Кинонд тоглох санал ирж байв уу?
-Жилийн өмнө Болливудын “Бангистан” нэртэй инээдмийн кинонд тоглосон. Энэ сарын 14-нд нээлтээ хийнэ. Олон улсын хурлын үеэр тэсрэх бөмбөг тавьж буй хинди, исламын шашинт хоёр гэмт хэрэгтний талаарх кино. Польшийн жүжигчин Каролатай хамт хэнэггүй, бүтэлгүй цагдаагийн дүрд тоглосон. Би сайн жүжигчин биш, кинонд тоглох надад их хэцүү. Гэхдээ боломж гарвал тоглоно. Саяхан надад санал тавихад продюсертэй нь ойлголцож чадаагүй учир татгалзсан.
-Та аль улсын иргэн бэ?
-Хүмүүс илүү боломжтой амьдрах гэж иргэншлээ сольдгийг ойлгодоггүй. Надад Польшийн иргэн болох санал тавьж байсан ч хүсээгүй. Хэн бэ, хаана төрсөн бэ гэдгээ мартаж болохгүй. Сонгууль л өгч болохгүйгээс өөр ялгаа угаасаа байхгүй. Польшийн сонгууль надад чухал биш шүү дээ.
-Гэр бүлтэй юү?
-Хоёр улсын соёлын ялгаанаас болоод ч тэр үү, миний хувьд Польшид ханиа олох хэцүү. Польш найз охинтой, бүр хамт амьдарч байсан үе бий. Би олны танил эмэгтэй найз олонтой болохоор тэдэнтэй их харддаг байсан. Уг нь би их үнэнч л дээ.
-Монголдоо хэзээ ирэх вэ?
-Энэ жил очих бодолтой байсан ч амжсангүй. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө очсон. Монгол хэлээ мартаад байгаадаа жаахан харамсдаг.