Найруулагч, жүжигчин У.Пүрэвжавтай ярилцлаа.
-КУДС-ийг 1998-2002 онд И.Нямгаваа найруулагчийн удирдлага дор төгссөн ангийнхан 10 жилийн дараа “Гэрэлт медиа” групп байгуулж, багшийгаа АНУ-аас урин “Хязгааргүй”нэртэй уран сайхны кино хийсэн. Сэтгүүлч Жаргалын дүрд найруулагчтаныг сонгов уу, эсвэл танай ангийнхны дунд бяцхан сонгон шалгаруулалт болсон уу?
-Энэ их сонин явдал. Би уг нь туслах найруулагчаар ажиллах байсан юм. Жаргалын дүрд тохирч болох хүмүүсийг багшид шалгуулахад “Энэ биш” гээдбуцаагаад л байлаа. Тэгсээр зураг авах ажилэхлэх ч дөхлөө.
Яг зураг авахын өмнөх өдөр“Сэтгүүлч Жаргалд нөхөр Пүрэвжавыг сонгож байна” хэмээхэд нь их гайхаж, “Бичадах уу багш аа” гэсэн. “Чамайг чадна гэжби сонгож байхад яагаад чаддаггүй юм бэ”гэж чанга дуугарахаар нь “За чадъя” гэсэн.Жүжигт тоглож байснаас кинонд ажиллажүзээгүй, найруулагч маань ч нэлээд өвөрмөцсэтгэдэг, чанга хүн болохоор айдастай байсан.
-Айдас гэснээс нийтлэлдээ баримт цуглуулахаар Жаргал цаазын ял авсан хүмүүстэй хамт хоригдож, өөрөө ч амиа алдах шахдаг. Цаазлуулахын өмнөх сэтгэл зүйг мэдэрч чадсан уу?
-Намайг цаазлах зураг авахын өмнөх шөнө унтаж чадаагүй. Шорон гэхээр дандаа л хар бараан байдаг, нэг удаа ч болох нь ээ, цагаан өрөөнд цаазалъя гэж найруулагч шийдсэн. За цагаан өрөөнд цаазлуулах нь гэж бодож байтал маргааш болъё гэж байна. Найруулагчийн шийдэл яаж ч өөрчлөгдөж болох учир хэрхэн “үхэхээ” мэдэхгүй, элдвээр тааварлаж, хүлээгээд л байлаа.
Зураач, найруулагчид зөвлөлдөж байгааг сонсохоор аймаар, аймаар юм яриад л. Шилэн хоргонд цус дүүргээд намайг унагана ч гэж байх шиг. Юунд бэлдэхээ ч мэдэхгүй байж байтал намайг өргөөд л явж байна. За энэ л цаазлуулах хэсэг нь юм байна даа гэж бодож байтал сэтгэцийн эмнэлэг рүү авч явж буйгаар шийдсэн. Жинхнээсээ үхэх гэж байсан юм шиг л, цаазлуулахгүй гэдгээ мэдээд тайвширч байлаа.
-Сэтгүүлчдийн хүнд ажлын талаар багагүй хөндсөн юм билээ. Таныг “ТВ 9” телевизэд ажиллаж байсан гэж дуулсан. Сэтгүүлчдийн ажлын дарамтыг мэдэрч байсан уу?
-”ТВ 9”-д туслах найруулагчаар ороод уран сайхны албаны дарга болтлоо ажилласан. Сэтгүүлчидтэй ойр болохоор амьдралыг нь сайн мэднэ. Үнэний төлөө явж, нийтэлсэн мэдээллээсээ болж дарамтлуулж байсныг нь ч мэднэ. Тухайлбал, муудсан хүнсний бүтээгдэхүүнд хуурамч шошго нааж зарж байсныг манай сэтгүүлч илрүүлсэн юм.
“Хүн зодох гээд гадаа хүлээгээд байна” гээд ажлаас ч гарч чадахгүй нуугдаж суухад нь би зовлонг нь мэдрээгүй болохоор “Ямар сүртэй юм бэ. Яадаг юм бэ, арай ч гар хүрч чадахгүй” гэж байлаа. Киноны үеэр хоёр булиа нөхөрт зодуулдаг хэсэгт жинхнээсээ зодож, зодуулж зураг авсан. Тэр үед л сэтгүүлчдийг ойлгох шиг болсон.
Зураг авалтын завсарлагаанаар өөрийн хоригддог өрөөнд ороод “Яасан хэцүү юм бэ, Юунд орооцолдчихоо вэ, энэ бүхэн хурдан дуусаасай” гэж цөхрөнгөө барсан. Бид энд тэндхийн шорон гуйж зураг авбал цаг наранд баригдаж чанаргүй болно гэж кинондоо зориулж бүхэл бүтэн шорон барьсан. Тэндээ л хонож өнжөөд байсан учир миний амьдрал яг л кинонд гардаг шигээ болж хувираад байх шиг санагдсан.
-“ТВ коктейль”-ийн Н.Цэнд-Аюуш, сэтгүүлч М.Дорждэрэм гээд л олны мэддэг багагүй уран бүтээлч танай ангийнх юм билээ. Танай ангийнханд зориулж Төрийн шагналт, зохиолч Д.Батбаяр зохиол бичиж байсан гэсэн үү?
-Нямгаваа найруулагч биднийг оюутан байхад Хүүхэд, залуучуудын театртаа авч ирээд шууд жүжигчний шаардлага тавьж ажиллуулсан. Багш Д.Батбаяр гуайтай “Догшин хутагтын сахиус”-аа хийсний дараахан “Надад 10 гаруй оюутан байна. Тэднийг тоглоход зориулж жүжиг бичээд өг” гэсэн юм билээ. Тэрбээр ахлах ангиа төгсөж байгаа хүүхдүүдийн нөхөрлөлийн тухай “Бага нас минь баяртай” жүжиг бичсэн.
Бид уншаад, үгээ цээжилчихлээ, жүжиглэе гээд л муусайн оюутнууд их бардам байж. Найруулагч ирээд бидний уншсанаас тэс өөрийг хийлгэхэд нь зохиолд ийм үг, тийм үйл явдал байхгүй гэж их гайхсан. Тэр жүжгээс л зохиолыг ингэж задалдаг юм байна гэж ойлгосон. Жанчивдорж, Дашхүү нарын тухайн үеийн сайн уран бүтээлчийн буянаар гар, хөлөөс нь зүүгдсээр бид олон ч жүжигт оролцсон доо.
-Жүжигчин болох гэж байгаад найруулагч болжээ.
-Тийм ээ, хоёрдугаар дамжаанаасаа найруулагч болохоор шийдсэн. Хэдийгээр ангийн багш гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг байсан ч ерөнхийд нь удирдаж байсан хүн И.Нямгаваа найруулагч болохоор яалт ч үгүй найруулагч болохсон гэж хорхойссон. Оюутан байхдаа шалгалт шүүлэг, уралдаанаар жижиг үзэгдэл ангиараа тоглоход би аминдаа эвлүүлж, найруулдаг байсан. Тухайн үед киног одоогийнх шиг олноор нь үйлдвэрлэдэггүй, бас театрт хүмүүжсэн болохоор тайзны найруулагч болно гэж бодсон.
Сургуулиа төгстөл телевизэд ажилладаг найзууд салбар руугаа урвуулчихсан. Дараа нь кино хийх мөрөөдөлтэй болж, энэ салбар руу үсэрлээ. Жүжигчний ажил мэдээж хүнд. Жүжигчид найруулагчийн өгсөн даалгаврыг, зохиолын өгүүлэмжийг боловсруулж илэрхийлдэг. Ажилласан нь найруулагчийн боловсруулсанд хүрэхгүй, таалагдахгүй бол хөдөлмөр нь талаар болно. Найруулагч бол зураач, дууны найруулагч, нүүр будагч гээд бүгдэд шаардлага тавьж, өөрийн дотоод ертөнцөө, хүссэнээ илэрхийлдэг. Тэр нь гайхалтай санагдаж найруулагч болохоор шийдсэн дээ.
-Одоо таны мөрөөдөл юу вэ?
-Найруулагч, зохиолч нар хүн харахад зүгээр сууж байгаа юм шиг хэрнээ дотроо үргэлж элдвийг бясалгаж, шаналж байдаг. Миний санаанд нэг бэлэн болсон зохиол байна. Дараагийнхыг нь бас нүдэндээ төсөөлөөд л явж байна. Кино хамтын бүтээл учир сайн баг бүрдүүлж байгаад дайрна гэж бодоод л сууж байна. -“Академи авардс”-ын богино хэмжээний киноны төрөлд таны найруулсан “Уулын эзэн” шагнал хүртсэн. Олон нийтэд цацагдаагүй юм уу, үзэж чадсангүй.
-Бүтсэн түүх нь бас л сонин. Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран “Аргаль” болон “Байгаль дэлхийгээ хайрлая” 10 цуврал баримтат кинонд ажилласан. Тухайн үед Ховд, Увсын уул, хайрхнаар тэнэж явахдаа ирвэс харсан ч зураг авч чадаагүй. Тэгээд зургийг нь авах гэж хоёр жил дараалан очсон. Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан “Гэрэл зураг дарах гэж байхаар нэвтрүүлэг болго” гэж байна. Санасандаа таарсан материал цуглуулж нэг л чадахгүй яваад байлаа. Тэд “Баримтат кино болгооч” гэсэн. Бас л болж өгсөнгүй.
Тэгтэл тус сангийнхан “Бид тусалж дэмжье. Чи гурван жил явлаа. Уран сайхны кино болгочих” гэж санал тавьсан. Учрал, тохироо бүрдэнэ гэдэг их сонин юм билээ. Зураг авч, нэвтрүүлэг бэлдэж, баримтат кино хийх гээд бүтэхгүй байсан хэрнээ уран сайхны кино болгохоор шийдтэл юм бүхэн бүрдсэн. Зөв бодолтой байхад хангай дэлхий хүртэл бидэнд туслах шиг, дэлгэр сайхан зуны улиралд цас оруулж, өвлийн зураг авахуулсан. “Уулын эзэн” ашгийн бус кино болохоор кино театрт гаргахгүй, удахгүй телевизүүдээр цацна.
-Тэр сүрлэг амьтанд ойртоход чухам юу бодогдож байна вэ?
-Өөрийг нь оролдохгүй л бол гэмгүй амьтан. Би их ойртож байсан. Даанч уул хадтайгаа адилхан өнгөтэй болохоор гоё зураг дарж чадаагүй. Камераа үүрээд хажууд нь очиход яагаа ч үгүй. Номхон дөлгөөн хэрнээ бардам, ихэмсэг. Гаднынхан уулын сүнс, савдаг, манайхан цагаан өвгөн, уулын эзэн гэдэг юм билээ. Дэлхийд 6000 орчим байдаг. Монголд маш цөөхөн байдаг энэ амьтныг хайрлаж, хамгаалах нь их хүнд асуудал болсон юм билээ.
Аргаль, янгираар хооллодог. Тэгтэл малчид аргаль, янгирын нутагт нүүгээд оччихоор тэд дайжна. Ингээд ирвэс идэшгүй болж, айлын хот руу дайрдаг. Малчид алж чадахгүй ч хорлоод, хавх тавьж, сөргөөр нөлөөлдөг. Ирвэс муурын төрлийнх болохоор хараалтай амьтан. Дээхнэ үед ирвэс мал барихад ард түмэн “Уулын эзэн авах юмаа авлаа” гэж хүндэлдэг байж. Одоо залуу малчид үүнийг мэддэггүй. Киногоо гадаадад уралдаанд оролцуулахаар англи орчуулга хийж байгаа.
-“Амьдрал богино тул муу кино, зохиолыг орхиж сур. Муу хүмүүсийг ч бас” гэж фэйсбүүктээ бичсэн байсан. Амьдрал богиныг юунаас илүү мэдэрч байна вэ?
-Зүгээр л хүмүүсээс мэдэрдэг. Амьдрал богиныг мэдэхгүй байсаар насыг барж, нас барж байгаа хүмүүс байна. Аль багаасаа амьдралыг мэдэрч, мэдэж шунаж яваа залуус ч байна. Залуу насаараа л баримжаа авдаг даа. Залуу нас нүд анивчих зуур л үгүй болно. Идэр насандаа л хүн чөлөөтэй, галзуу байх хэрэгтэй. Дэмий зүйлд цаг үрэх хэрэггүй.
Таалагдахгүй номыг заавал дуусгах гэж өөрийгөө хүчлэх учиргүй. Хүн бүрт таалагдах албагүй шүү дээ. Амьдралд дараа болдог хүнээс зайгаа барьж, хамраа өргөн, халаасандаа гараа хийж, өөртөө хайртай, итгэлтэй, өөдрөг амьдрах нь зөв гэж боддог. Тиймдээ ч хүмүүсийг өөдрөг, цоглог байлгах хөгжилтэй зүйлүүдийг фэйсбүүктээ бичдэг.
Тэртэй тэргүй нийгэм бухимдалтай байхад энэ бүхнийг зүгээр хараад л суувал амьдрал хурдан дуусна. Арай хөгжилтэй талыг нь олж харан, өөрийгөө баясгаж байх хэрэгтэй болов уу. Хүмүүс 30, 40 нас хүрэхээрээ л хөгширч байна гэдэг. Японы найруулагч Акира Күрасава 90 нас хүрчихээд кино хийж байсан гэхээр мундаг байгаа биз. Гэтэл манайхан 50 нас хүрээд л автобусанд сандал булаацалддаг. Би залуу байна, суухгүй гэж хэлж, тархиа аль болох залуу байлгах хэрэгтэй. Намайг Японд метронд явж байхад нэг эмээд залуу суудал тавьж өгөх гэтэл суусангүй. Орчуулагчаас юу гэснийг нь лавлахад “Суу, унтаад ав. Чи ажил хийгээд ядарч байгаа. Би яах вэ, тэтгэвэртээ гарсан хүн. Амраад, маргааш эрч хүчтэй ажиллах хэрэгтэй шүү дээ” гэсэн юм билээ.
-Тэгвэл тань шиг өөдрөг хүн юунд гутардаг вэ?
-Гудамжинд унтаж байгаа хүмүүс, багачууд, бусдаас юу ч гуйхгүй, хүүхдээ тэврээд лааз түүж байгаа ээжүүдийг харахаар өр өвдмөөр. Гуравхан сая хүнээс тал нь хөдөө, гадаадад байна. Ганцхан сая хүнээс цөөнгүй нь гудамжинд амьдарч байгаад нь гутардаг. Би ядуу байгаадаа гутардаг. Хэрвээ би баян байсан бол тэднийг шууд мөнгөөр тэтгэж, хооллож ундлахгүй. Тэд мэдээж зэрлэгшсэн байгаа. Хүслээр болдог бол ажил хийлгэж, арай өөр амьдрал руу хүчээр оруулах байсан. Би нийгэм, улс төрийн талаар ярих дургүй.
Гэхдээ нүдэнд харагдаад байна шүү дээ. Одоо цагт хүмүүс их сонин харилцаатай болж. Учир юунд гэвэл, эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхэд цаг гаргалгүй, зөвхөн хоолтой байлгахын тулд ажиллаад завгүй байдаг. Тархины биш, ходоодны хоолонд анхаарч байна. Ядаж ногоон гэрлээр, гарцаар зам гардаг гэдэг ойлголтыг ч толгойд нь суулгадаггүй. Энэ цаг үед амьдарч байгаа муу хүмүүс дууссаны дараа, арай чадалтай, тэнхээтэй нь хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж байж нийгэм цэвэршинэ.