“Тамын хүү”, “Монте Карло”, “Эрагон”,” Хатуу самар”, “47 Ронин”, “Айрис” зэрэг кинонд оролцсон орлон тоглогч Н.Цогтсайханы ярилцлагыг бид өмнө хүргэж байсан. Тэгвэл түүнтэй фэйсбүүкээр холбогдож, сүүлийн үеийн сонин сайхнаас нь сонслоо.
-Ойрын үед дахин кинонд орлон тоглогчоор ажиллав уу?
-“XX зуун фокс”-ын бүтээл “Ангараг”-т ахмадын туслах, хятад нисгэгч болсон. Ангараг дээр амь үрэгдсэн гэж тооцогдсон нисгэгч жилийн дараа дэлхийтэй холбоо барьдаг. Түүнийг аврах ажиллагааны тухай өгүүлдэг кино. Олон улсын хамтын ажиллагааны аврах багт буй хятад нисгэгчийн дүрд тоглодог юм. Гэхдээ хоёр үг л хэлдэг. Холливуд ойрхон байгаа ч том дүр авах амаргүй юм. Надад өөрийгөө хөгжүүлэх шаардлага их байна.
-“Марко Поло” киноны зураг авалт таны амьдардаг улсад буюу Унгарт болж байгаа гэсэн. Та оролцож байна уу?
-Олны болон тулаант хэсэгт тоглож байна. Монгол, Хятад, Казахстаны орлон тоглогчид оролцож байгаа. Тулааны хэсэгт оролцсон бүх жүжигчин нь орлон тоглогчтойгоо ирсэн юм билээ. Гуравдугаар улирлынх нь зураг авалтыг мөн Унгарт хийнэ гэсэн. Тэр үед л дүр авах гэж хичээнэ дээ.