Авьяаслаг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл уран бүтээлч нөхдөө тэргүүлэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон тухай мэдээлэл Үндэсний их баяр наадмын өмнө түгсэн. Хөгжмийн зохиолчдын холбооны чуулган даруухан, чимээ шуугиан багатай болсон ч залуусын төлөөллийг тэргүүнээрээ сонгож, өөрчлөлт, шинэчлэлийн салхи сэвэлзүүлсэн нь илхэн. Залуу дарга ажлаа хүлээн аваад удаагүй байхад амралтын өдрүүд залгасан ч хийхсэн гэсэн хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа бололтой. Боломжгүй мэт санагдах зүйлсийг ч болгоно хэмээн итгэлтэй ярьж байгаа энэ залуу 2004 оноос хойш ХБК-ийн хөгжмийн зохиомжийн багшаар ажиллаж буй. Энэ оны эхээр түүний туурвисан “Төгсгөлгүй” танго балет ДБЭТ-ын тайзнаа, ардын хөгжимд зориулан найруулсан “Ариун хаврын тахилга” этно балет нь “Улаанбаатар” чуулгын тайзнаа тоглосон. Жил бүр “Алтан намар” наадамд дээгүүр “давхиж” овоо хэдэн бүтээлээ Улсын санд хадгалуулаад амжсан түүнийг ОХУ-ын Москва хотын Гнесиний академи, СанктПетербургийн Н.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн гэдгээр нь хүмүүс мэддэг. Хөгжим судлаач, хөгжмийн зохиолч мэргэжилтэй хүний хувьд холбооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлэх шинэ санаа өвөрлөн яваагаа бидэнтэй хуваалцлаа.
-Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Уран бүтээлч нөхөд тань итгэл хүлээлгэсэнд баяртай байна уу?
-Монголын хөгжмийн зохиолчдын 13 дугаар чуулган долдугаар сарын 4-нд боллоо. 70 гаруй хөгжмийн зохиолч оролцсон энэ чуулганаар холбооны ерөнхийлөгчөө шинээр сонгосон. Өмн өх удирдлага маань 2007 онд анх сонгогдож, дахин нэг удаа улиран ажилласан учраас энэ удаа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх учиртай байсан юм. Олон нийтийн байгууллага учраас бүгд санал бодлоо солилцож шийдвэр гаргадаг онцлогтой. Тиймээс чуулганд оролцогчдын саналаар хүмүүсийг нэр дэвшүүлснээс, Төрийн шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров багш, гавьяат багш Д.Цэцэрлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од нар нэрээ татаж, “Анир” студийн захирал Б.Алтанхуяг бид хоёр нууц санал хураалтаар өрсөлдсөн. Гишүүдийн 54 орчим хувийн саналаар сонгогдсон.
-Хоёр жилийн дараа 60 насны ойтойгоо золгох баялаг түүхтэй холбооны хэд дэх дарга нь вэ?
-1957 онд Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай Монголын хөгжмийн зохиолчдын товчоо нэртэйгээр энэ байгууллагын тулгын чулууг тавьж 1963 онд Хөгжмийн зохиолчдын хороо болжээ. С.Гончигсумлаа гуай энэ холбоог 26 жил тэргүүлсэн. Би ес дэх дарга нь.
-Төрийн бус байгууллага учраас гишүүдийнхээ татвараар санхүүждэг үү?
-Өнгөрсөн зууны үед яамны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг том байгууллага байсан юм билээ. Хууччуулын ярьснаар бол С.Гончигсумлаа гуай улаан номертой, хар машин унадаг байсан гэдэг. Дуу, дан хөгжим гэхчлэн олон хэлтэстэй байсан бөгөөд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулахад л улсаас шууд санхүүжүүлдэг байсан гэнэ. Тухайн үед Монголын хөгжмийн урлагийн нүүр царай болсон өнөөгийн алдартнууд ЗХУ-д сургууль дүүргэсэн нь хойч үеэ бэлтгэх бодлоготой нь холбоотой. 1989 оноос төрийн бус байгууллагын статустай болсон байна. Одоо байр ч үгүй, түрээсийн байранд, хөрөнгө мөнгө гэх зүйлгүй л ажиллаж байна даа.
-Өмнө нь холбооныхоо ажлыг хөндлөнг өөс хараад өөрчлөхийг хүссэн, бодож санасан зүйлс байсан л байх. Харин одоо танд энэ бүгдээ хийх боломж тохиолоо. Ажлаа юунаас эхлэх вэ?
-Бүтэц, зохион байгуулалтаас эхлээд өөрчл өх зүйл их байна. Уламжлал, шинэчлэлийг хослуулан ажиллана. Өмнө нь байсан дан хөгжмийн секторыг бий болгох зорилготой байгаа. Манай ард түмэн дуунд дуртай учраас энэ төрөл нь илүү сайн нийтэд хүрч байна. Харин дан хөгжмийг ойлгож, сонсох нь тааруу байгаа. Хөгжмийн шүүмж судлал хоцрогдоод байна. Чин шударга, сайн шүүмж байж л хөгжмийн урлаг голдиролдоо орно. Тиймээс холбооныхоо дэргэд Монголын хөгжим судлалын төвийг байгуулна. Мөн Монголын хөгжмийн академийг байгуулж, бодлогын шинжтэй асуудлыг ярилцдаг, мэргэжлийн зөвлөл болгох төлөвлөгөөтэй байна.
Зах зээлийн зарчмаас бид хазайх аргаг үй учраас менежментээ сайжруулах учиртай. Бүтээлийг олон нийтэд сурталчлах, гиш үүдийнхээ эрх ашгийг хамгаалах үндсэн ажлаа хийнэ. Мөн хөгжмийн зохиолчийн мэргэжил эзэмшээгүй ч авьяасаараа туурвиж, бүтээгээд яваа олон залуу байдаг. Тэдэнд зориулсан сургалт явуулж, ХБК болон СУИС-д энэ мэргэжлээр сурч байгаа залууст тоглолт хийх боломж бүрдүүлэхийг хүсэж байна. Санкт-Петербургт Хөгжмийн зохиолчдын холбооныхоо байранд оюутнууд тоглолтоо хийж, бүтээлээ танилцуулдаг. Үзэгчдээ маш сайн бэлтгэсэн учраас хаана ч тоглолт болсон үзэгчтэй л байдаг. Гэтэл жилдээ ганц удаа болдог “Алтан намар” наадмын тасалбарыг худалдахгүй, үнэ төлбөргүй хийхэд ч хүн үздэггүй. Дан хөгжмийн бүтээлийг олон нийтэд хэрхэн хүргэх талаар олон ажил хийх шаардлагатай. Менежмент болон гадаад харилцааны баг бүрдүүлнэ. Эдгээр өөрчлөлтийг гэнэтхэн хийчихгүй. Зугуухан урагшилна.
-Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хөрөнгө, санхүүгийн байдлаасаа шалтгаалж, цөөн хүн ажиллуулдаг байх. Харин таны хүсэж байгаа бүтцээр ажиллахын тулд олон хүн цалинжуулах хэрэгтэй болно. Зөвхөн гишүүдийнхээ татвараар санхүүжилтээ бүрдүүлж чадах уу?
-Манайх 200 орчим гишүүнтэй гэдэг ч надад өгсөн бүртгэлд 170 хүний нэр бий. Гишүүдийнхээ татвараар санхүүжих хэцүү. Манайд зөвхөн хөгжмийн зохиолч биш удирдаач, хөгжимчин, хөгжим судлаач нар байдаг. Жилд 40 мянган төгрөгийн татвар авдаг ч өгдөгөөсөө өгдөггүй нь олон доо. Хөгжмийн зохиолчдын олонх нь чөлөөт уран бүтээлч учраас ажилтай, ажилгүй байх үе бий.
-Заримдаа тэр мөнгийг олчихдог ч, заримдаа хоосон суух нь ч бий.
-Тийм. Надтай адилхан ажил хийнгээ уран бүтээлээ хийдэг нь цөөн шүү дээ. Санхүүжүүлэх хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан өмнө нь цомхон бүрэлдэхүүнтэй ажилладаг байсан байх. Өргөн цар хүрээтэй ажиллахын тулд мөнгө олох ёстой. Уг нь бид хамгийн баян холбоо байх боломжтой юм.
-Хөгжим хаа сайгүй эгшиглэж байна. Тэр хэмжээгээр хураамж, хувиа өгдөг бол ингэж “ядрахгүй” дээ.
-Бидний үеийн болон өмнөх үеийн багш нар, шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг ашиглаж байгаа байгууллага олон бий. Оюуны өмчийг хамгаалдаг байгууллагуудтайгаа үргэлж үүлэн хамтран ажиллах болно. Мөн төрөл бүрийн тоглолт хийж орлого олж болох юм. 1950-1960 оны хит дуунуудыг сонсох дуртай хүн олон. Урын сан арвин болохоор энэ мэтийн олон тоглолт хийх боломжтой.
-Том зохиолчдын эрхийг хамгаалж, тэднийг нэгтгэсэн холбоо нь СТӨ-ний жижиг өрөөнд байрладаг. Өөрийн гэсэн байртай болох боломж бий юү?
-Одоохондоо СТӨ-ндөө л үргэлжлүүлэн ажиллана даа. Шинэ байрны талаар ч бас боломж хайна. Олон төрлийн төсөл, хөтөлбөр байдаг учраас ийм аргаар ч хөрөнгө бүрдүүлж болох талтай. Удахгүй гүйцэтгэх захирлаа Удирдах зөвлөлдөө танилцуулж, саналыг нь сонсоно доо. Манай холбооны дүрмээр гүйцэтгэх захирлыг л цалинжуулж ажиллуулдаг юм. Харин би цалингүй ажиллах ёстой.
-Удирдах зөвлөлд хэн хэн байдаг вэ?
-Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх, Хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал байсан Б.Чулуун, хөгжим судлаач С.Энхбулаг, өмнө нь холбооны Удирдах зөвлөлд ажиллаж байсан Нямдорж нар одоо Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Цаашдаа ч бас дан хөгжмийн хэлтэстээ хүн цалинжуулж ажиллуулахаас илүүтэй залуусыг сэтгэл гарган сайн дураараа ажиллах болов уу гэж горьдож байгаа. Нэг удаа ирж хуралд суучихаад надад төдөн төгрөг өг гээд эхэлбэл манайх хэцүүднэ.
-Та ч бас цалин авахгүй боловч энэ ажлыг үүргээ хэмээн хүлээн аваад байна уу?
-Тийм ээ. Үүрэг мөн. Хөгжмийн урлагийн бодлого алдагдсанаас үүдэлтэй олон асуудал гарч байна. Мөнгө босгоод үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий. Уран бүтээлдээ зарцуулах цаг багасаж болох ч залуусын нуруун дээр хүссэн, хүсээгүй энэ ачаа ирэх байсан. Бид зориглож хийхгүй бол хэн хийх вэ.
-Моно дуурь бичиж байгаа гэж өмнө нь ярьж байсан. Дууссан уу?
-“Ганц цагаан шувуу” сюрреалист моно дуурь бичээд дуусаж байгаа. Санхүүжилтээ өөрөө бүрдүүлэх учраас хэзээ тоглох нь тодорхой бус байна. Баритон хоолойд зориулсан дуурь болохоор Э.Амартүвшинд ноотоо өгчихсөн байгаа. -Одоо хөгжмийн зохиолч мэргэжилтэйгээ, менежерийн ухааныг хослуулж ажиллах нь ээ. -Зах зээлийн зарчмаар ажиллах л болно. Манай нөхцөл байдал, зохиогчийн эрхийн зөрчил гээд олон зүйл бий. Түүний зэрэгцээ хөгжмийн зохиолчид маань өөрсдийгөө далд фронтынхон гэж үздэгээс бүтээлээ үнэлэхгүй, эрхээ хамгаалуулахгүй байна.
-“Алтан намар” наадмын үеэр жил бүрийн улсын санд арваад бүтээл худалдан авдаг хэрнээ тэдгээрийг “авдранд хийгээд л мартчихдаг”. Нийтийн хүртээл болгож болох уу?
-Зүй нь үнэхээр л шилдэг бүтээл гэж сонгосон бол тэдгээрийг тухайн ондоо сурталчилж, телевиз, радиогоор олон нийтэд хүргэх учиртай. Гэтэл одоо бол хэчнээн ч бүтээлийг тэгж “дарж” байгаа юм. Хөгжмийн бүтээлээ түгээх онцгой эрх нь хэзээд хөгжмийн зохиолчид байдаг учраас энэ ажлыг бид хийх боломжтой. Бас үзэгчгүй болдог наадмаа хүмүүсийн анхаарлын төвд аваачмаар байна. СанктПетербургт сургууль төгсөхөд багш маань сайн хөгжмийн зохиолч болоорой гэж хэлээгүй. Харин Монголдоо очоод хөгжмийн боловсрол олгох ажилд анхаарлаа хандуулаарай гэсэн.
ОХУ-д бол хаана ч концерт болсон дүүрэн үзэгчтэй л байдаг. Харин бид жилд ганц удаа шилдэг бүтээлээ шалгаруулахдаа үзэгчгүйгээр бие биеийнхээ зохиолыг сонсож байна. Угтаа бол ямар ч улсын хөгжлийг өндөр байшин, үнэтэй машинаар үнэлдэггүй юм. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын нийслэлд олон шилэн барилга баригдсан ч сэтгэхүй, оюуны шинэчлэл чухал шүү дээ. Монголын хөгжмийн зохиолчид мэргэжлийн том хэмжээний бүтээлээ үзэгч, сонсогчдод хүргэж, үнэлүүлж чадахгүй байсаар олон жилийг ардаа үдлээ. Өнгөрсөн зуунд олон нийтийг зохион байгуулалттайгаар тоглолт үзүүлдэг байсныг буруутгах нэгэн байдаг ч энэ нь үзэгчдээ бэлтгэж, боловсрол олгож байсан үйл хэрэг юм. Харин одоо энэ бүхнийг өөрчлөх цаг болжээ. Залуу хөгжмийн зохиолч энэ үйл хэргийг эхлүүлнэ гэдэгт итгэж байна.