Монголын эзэнт гүрний тав дахь хаан Хубилайн мэндэлсний 800 жилийн ой энэ онд тохиож байгаа боловч хэнд ч анзаарагдахгүй байсаар жилийн хагасыг үдэв. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр хаврын чуулган завсарлахын өмнөхөн ой тэмдэглэх комисс байгуулсан ч хөрөнгө, мөнгөгүйн улмаас ажил нь гацжээ. Өндөр гэгээн Г.Занабазарын ойг тэмдэглэн хоёр ч удаа даншиг наадам хийж байгаа хэрнээ ийнхүү их хаанаа үл ойшоож байгаад гайхширмаар. Энэ талаар тодруулахаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал Р.Чулуунтай холбогдлоо.
-Сайн байна уу. Өнгөрсөн долоо хоногт Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх улсын комисс хуралдах байсан. Хурлын үеэр юу ярьсан бэ?
-Хурал болсон. Дэвшүүлсэн саналыг дэмжинэ гэсэн. Гэхдээ одоо таг чимээгүй л байна.
-Энэ ойг тохиолдуулан танай хүрээлэнгийн эрдэмтэд Хубилай хааны үеийн ордныг судлах байсан бил үү?
-Тийм ээ. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дахь Хубилай хааны үеийн ордны судалгааны ажлыг төлөвлөөд байлаа. Мөнгө байхгүй учраас ажил эхлээгүй л байна. Гэтэл урд хөрш маань гурван жилийн өмнө Хубилай хааны туурийг ЮНЕСКОгийн соёлын өвөөр бүртгүүлчихсэн. Бид их хааны нутгийнхан хэрнээ ийнхүү хоцорч байна шүү дээ.
-Судалгааны ажилд хэдэн төгрөг хэрэгтэй вэ?
-40 сая төгрөг. Манай 20 гаруй судлаач сарын турш судалгаа хийх юм.
-Хубилай хааны ойг тэмдэглэх ажлын хүрээнд өөр ямар үйл ажиллагаа төлөвлөсөн бэ?
-Эрдэм шинжилгээний хурал есдүгээр сарын 20-23- нд болно. Манайх нэг каталог эрхлэн гаргах учиртай. Гэсэн ч санхүүжилтгүй учраас юу ч хийгээгүй байна. Бусад ажлын талаар би мэдэхгүй. БСШУЯ-ныхан л мэдэх байх.
-Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач нар энэ зун ямар ямар аймагт малтлага, судалгаа хийж байгаа вэ?
-32 экспедиц ажиллаж байна. Тэр дундаа Хүннүгийн анхны хотыг малтаж байгаа. Мөн Өндөр гэгээний уран бүтээлийн ордон Сарьдгийн хийдэд судалгаа хийж байна.