Жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер, зураач, багш. Жеймс Франко ийм олон гуншинтай. Зарим хүний хувьд 37 настай хүнд хэтэрсэн ачаалал мэт санагдах ч, өөрт нь бол огт тийм биш гэнэ. Тэрбээр үүнээс ч ихийг хийж, амжуулахыг хүсэж, цагийн зүүтэй уралддаг гэсэн. Орос, еврей, португал, швед гээд олон үндэстний холимог цустай ийм нэгэн хүнийг “Esquire” онцолжээ.
Хүн бүр дутуу, түүхий төрдөг. Тэгээд амьдралын явцад дутуугаа гүйцэж боловсордог.
-Хүмүүс намайг хэдэн удаа ижил хүйстний дүрд тоглов гээд тоолоод суудаг юм шиг ээ. Хэд байх нь хамаагүй л дээ, уг нь. Үнэндээ цэнхэр залуугийн дүрд тоглох гарцаагүй сонирхол, шалтгаан, мэдэхийг хүссэн зүйл надад бий. Тэгээд л татгалздаггүй юм. 1920, 1950, 1960 онд амьдарч байсан, нэг үгээр хэлэхэд үе үеийн цэнхрүүдийн дүрийг би бүтээсэн. Тэр цаг үеүдэд ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрч, ил цагаан амьдрах нь маш хэцүү байсан. Чухамхүү тэр байдал нь надад юу юунаас илүү сонирхолтой санагдаж, хүрээлэн буй орчин, нийгэмтэйгээ үргэлж зөрчилддөг тийм хүмүүс ер нь ямар байдгийг мэдэрч, харуулахыг хүссэн юм. Эсвэл хүмүүсийн хэлдгээр би өөрөө үнэхээр цэнхэр юм болов уу?
-Хүмүүсийн сонирхлыг татахыг хүсэж байна уу? Тэгвэл өөрөө сонирхолтой бай.
-“Оскар”-ын ёслолын үед намайг мансуурчихсан байсан гэж ярьцгаасан. Тэр ч ёстой худлаа л даа.
-Надад амралт ер хэрэггүй. Тэр бүү хэл, би унтах ч дургүй, айдаг гэх үү дээ. Сэрснийхээ дараа шөнөжин зүүдэлсэн элдэв хачин зүйлийн тухай, ямар учиртай зүүд байсан нь бодогдоод салдаггүй юм.
-Энэ амьдрал ингээд нэгээрээ дуусахгүй гэж итгэхийг хүсэж байна. Үгүй бол юу ч хийж, юуг ч амжуулж чадахгүй, тийм л богино санагдаж байна.
-Би ажлын хэнээтэй, махруу хүн шүү. Нэг зүйл санаанд орлоо. Миний тоглосон анхны кинонд нэгэн хүү үхсэн гэдэг бодит байдлаа хайртай алтан загас нь амьсгалахгүй болсон тэр цагт мэдэрдэг юм. Тэгээд аав, ээждээ ингэж хэлдэг, “Би үхмээргүй байна” гэж. Хариуд нь тэд “Айх зүйлгүй. Чамайг хязгааргүй цаг хугацаа хүлээж байгаа” гэдэг ч хүү тайтгарч чадахгүй. Тэрбээр яг одооноос эхлэн бүхнийг хийх хэрэгтэйг ойлгодог. Тэгээд хөршийнхөө охинтой гэрлэж, ажил хийж, гэр бүлээ авч явдаг.
-Би юм юм л оролдохыг хүсдэг. Тэгээд нэгэн зэрэг олон зүйл хийх дуртай. Зүйрлэн хэлбэл, хуруу шилэнд химийн бодис хийгээд хэрхэн урвалд орж, яаж өөрчлөгдөн идэвхжиж байгааг нь харахтай адил юм уу даа.
-Дунд сургуулийн ахлах ангид байхдаа би байсхийгээд л цагдаагийн хэлтэст дуудагддаг байж билээ. Граффит зурсан, машин эвдэлсэн, хулгай хийсэн гэхчлэн жижиг сажиг шалтгаанаар.
-Би хоол хийх дургүй. Хоол бол урлаг шүү дээ. Тэгэхээр тэр урлагийг үгүй хийхийг хүсэхгүй байна.
-Муу бүтээл, харахад эвгүй байх хоёрын дунд хол зай бий. Хэрэв би хүмүүсийн сэтгэлд эвгүй санагдаж, харахыг хүсэхгүй зүйл хийж чадсан бол баярлана.
-Хүмүүс миний жүжигчний карьераар шүлгийг минь үнэлэхийг хүсвэл би татгалзахгүй л болов уу.
-Би хүүхдэд зориулсан ном бичихийг хүсдэг. Огт хийж үзээгүй зүйл болохоор тэр байж магадгүй л юм.
-Дэлгэцийн бүтээл болоогүй гайхалтай, сайхан романууд бий. Ер нь сайн ном бүр кино болох албагүй л дээ. Харин хоёрдугаар зэрэглэлийн ном, зохиолыг агуу кино болгох нь арай хялбар байх. Жишээ нь, “Загалмайлсан эцэг” байна.
-Нью-Йоркийн их сургуульд жүжиглэх урлагийн хичээл заах боломж олгосонд би их баярладаг. Өөрийн мэдэж, сурснаа бусдад заах нь өөрөө дахин суралцана гэсэн үг гэдгийг ойлгосон.
-Намайг аз жаргалтай болгож чаддаг тэр л ажлаа сонгодог насандаа би ирсэн байна. Ингэж бодоод, эргээд харахад одоо барьж аваад, хийж байгаа бүхэн минь намайг жаргалтай болгодог.
-Өмнө нь би ямар харагдаж байгаа бол гэдэгтээ маш их санаа тавьдаг байлаа. Одоо бол ёстой сонин биш. Магадгүй, өөрийнхөөрөө байх нь сайхан болохоор тэр байх. Хүн өөрөөрөө байх нь сайхан гэдгийг ойлгосон учраас ч байж болох юм.
-Би Жеймс Франкогоос өөр хэн ч байж чадахгүй. Өөрөөрөө байх хэцүү ч гэсэн, өөрөөсөө зугтаах нь жинхэнэ солиорол байх.
-Би порно жүжигчдэд гүн хүндэтгэлтэй ханддаг. Нэлээд залуу байхдаа би нэг удаа нэгэн бүсгүйтэй загас наадуулан, бичлэг хийсэн юм. Тэгээд үзлээ. “Дахиж хэзээ ч битгий ийм зүйлээр оролд” гэж өөртөө хэлсэн. Хүссэн хүн бүрийн хийж чадах ажил биш гэдгийг ойлгосон.
-Би үхмээргүй л байна шүү. Хийх зүйл өчн өөн байхад үхнэ гэж бодох ч хэрэггүй.
-Тийм шүү, би робот. Яг л робот шиг цуцахыг мэдэхгүй ажиллахыг хүсдэг.