Сармагчин, зөгий, шоргоолж зэрэг зарим амьтан, шавьж нийгмийн зохион байгуулалттайгаараа хүнтэй адил. Тэдгээр амьтан удирдагчаа үг дуугүй дагаж, нийгэмд тогтоосон журам дэглэмээс гажина гэж үгүй. Тэр дундаа сармагчин бол бараг хүн гэсэн үг. “Сармагчин галзуураад хүн болчихсон” гэдэг хошин үг байдаг даа. Заримдаа хүн бид яг л галзуу сармагчин шиг болдог нь гарцаагүй үнэн. Тэгвэл сармагчин ч хүн шиг галзуурах нь цөөнгүй. Үүний нэг тод жишээ нь, Гвинейн Босса хэмээх нутгийн сармагчингуудын “архидалт” юм. Тус газарт олон жил судалгаа хийсэн эрдэмтэд сармагчингуудын дунд “архинд” донтох явдал цөөнгүй тохиолддог гэжээ. Архи гэдэг нь үнэндээ спиртийн агууламжтай жимс, ургамал юм байна. Түүнийг идсэн сармагчин яг л архи уусан мэт согтдог. Тэгээд үйлчилгээ нь гарахаар бас хүмүүс шиг шартдаг болохыг тогтоожээ. Тэр ургамал, жимсэнд эрэгчингүүд илүү дурлаж, иддэг гэнэ. Тэгээд зогсохгүй донтож, архи хайж, энэ тэрүүгээр доншуучилдаг байна. Яваандаа “архинаас” хамааралтай болж, гэр бүл, сүргийнхэндээ согтуурхан, агсамнаж, зодоон цохион ч хийдэг аж. Эрдэмтдийн онцолсноор архинаас хамааралтай болсон “эр нөхрөө” аргадан, энд тэнд нь бөндгөнөх эмэгчингүүд яг л хүний амьдралыг санагдуулам гэнэ. Боссагийн шимпанзенуудын хэд хэдэн сүргийн амьдралыг сүүлийн 15 жил судлахдаа эрдэмтэд “архидан” согтуурсан 51 тохиолдлыг бүртгэн авчээ. Тэдгээрээс 31 нь эрэгчин, үлдсэн нь эмэгчин шимпанзе байсан бөгөөд тэд согтохоороо бүгд адилхан “хүнээ” байдаг. Тэдний дунд атаман бий. Бас нэгэн төрлийн далдуу модны шүүс буюу “архиар” биеэ үнэлнэ. Тэгээд зогсохгүй нэгнийхээ олсон архийг хулгай хийж, бөөн самуун дэгдээх нь ч байдаг гэнэ.