Нью-Йорк хотын 102 давхар “Empire State Building” цамхаг ховор ан амьтныг хамгаалах хөдөлгөөнд нэгдлээ. Америкийн байгаль хамгаалагчдын “Oceanic Preservation Society” байгууллагаас энэ сарын 2-нд зохион байгуулсан арга хэмжээний үеэр тус цамхгийн хананд устаж алга болох дөхөж буй нэн ховор амьтдын дүрсийг лазераар гаргаж, тэднийг хайрлан хамгаалахыг дэлхий дахинд уриалсан байна.
“Empire State Building” цамхгийн хажуу талын байшингийн дээврээс 40 прожектороор гэрэл тусгаж, энэхүү гэрлийн лазерийн шоуг бүтээжээ. “Oceanic Preservation Society” байгууллагын захирал Луис Сайхойос “Энэ амьтад устан алга болбол эх дэлхийд ямар хохирол учрахыг харуулах гэж бид зорьсон. Бусад байгууллага, ард иргэд ч бидний жишээгээр ийм арга хэмжээ зохион байгуулаасай” гэж ярьжээ. “Empire State Building” цамхгийн хананд гэрлэн шоу хийх зөвшөөрөл авах гэж тэд гурван жил зарцуулсан гэнэ. Нийт зардал болох нэг сая ам.долларыг олон нийтийн хандивын мөнгөөр бүрдүүлжээ.