Театрын тухай асуугаад очиход юу мэддэгээ бүгдийг нь хэлж өгөөд, ирсэн хүнийг дайлж цайлаад суудаг энэ буурайгийнд очих сайхан байдаг юм. Цаг хэрхэн өнгөрснийг умартан үлгэр, домог шиг ярианд нь автчихсан суудаг. Гэхдээ сүүлийн гурван жил шахам хугацаанд Лха.Долгор гуайнд нэг ч очоогүй явжээ. Өнөө жил 93 нас зооглож буй энэ буурай Монголын театрын урлагийн “амьд толь бичиг” болж дээ. Зовлонг даах хэмжээгээр нь хүнд үүрүүлдэг гэж нэгэн ухаантан хэлсэн удаатай. Бараг нэгэн зууныг элээж байгаа түүнийг ямар олон бэрхшээл, зовлон дааж явааг нь хүмүүс мэднэ байх аа. Холоо одсон хоёр хүүгээ дурсаж, тэднээс нь үлдсэн “бяцхан” ач охидоо үгүйлэн, зургийг нь харж, “эрхлүүлэн” суугааг нь бодохоор зүрх шимширмээр. Жаахнаар нь төсөөл өөд байгаа хоёр ач охин нь 30 гарч, 40 шахсан насны хүмүүс. Өөрийгөө бодсонсон бол тэднийгээ дуудаад гарынхаа үзүүрт зарж суух байсан биз. Харин Лха.Долгор гуай “Тэднийгээ ирүүлэхгүй ээ. Нөхрийнх нь ажил төрөл, хүүхдүүдийн сургууль, соёл яах билээ. Ноднин 15 жил уулзаагүй ач охинтойгоо Бээжинд очиж уулзсан. Америкаас энд ирэх зардал их болохоор ойрхон ирснийг нь далимдуулан би очсон юм” гэж ярих аж. Энэ удаа гавьяат жүжигчин Лха.Долгор баяртай суусан. Гурван жилийн өмнө УДЭТынхан 90 насны ойг нь тэмдэглэж өгсний зэрэгцээ “Оролмаа эх” жүжгийнхээ гол дүрээр дахин тайзнаа гарч, Төрийн шагналт Д.Намдагийн нэрэмжит шагнал хүртжээ. Гурван жилийн өмнө олгосон шагналаа авч чадахгүй байсаар жилийн өмнө л гардсан аж. Энгэртээ зүүж гангараагүй ч Э.Оюун гуайн нэрэмжит тэмдэгтэйгээ зэрэгц үүлээд нандигнан хадгалчихжээ. Харин манай сонины уншигчдад зориулж хоёр тэмдгээ нэг дор зүүчихсэн нь энэ. Театрт нэг үе таван Долгор байсан учраас түүнийг Лха.Долгор хэмээн ялгах болсон юм билээ.
-“Театрын өндөр ээж” хэмээх нэгэн сайхан ном өнгөрсөн жил гарсан байна. Та бусдын тухай л дурсан ярьдаг ч өөрийнхөө түүхийг тэр бүр дэлгэдэггүй. Харин энэ номоос олон түүх уншлаа. Одоо та минь ганцаараа гэж яваа ч хайж, олоод уулзвал харин ч өнөр өтгөн айлын хүн юм аа даа.
-Миний ээж ах дүү 14-үүлээ боловч ээжийн эгчийн ганц хүү бид хоёр л байна даа, одоо. 100 хүрсэн өвгөн бий. Ахдаа очиж золгож чадаагүй л явна. Манайхаас автобусны нэг буудлын зайтай юм. Хөл муудчихаад ганцаараа явж чаддаггүй. Энэ хүү минь хүргээд өгье л гээд байгаа.
(Биднийг очиход Доогоо тэтгэврээ авчихаад хижээл насны нэг хүнтэй ирсэн нь түүний хүргэн гэж болохоор хүн. Эднийхэн л хөгшнийг эргэж, тойрч, анхаарч халамжилж явдаг юм. Хожим нь учир нь тайлагдах тул Баярсайхан хэмээх энэ хүний тухай дараа өгүүлье)
-Таны ээж өндөр насалсан уу?
-Ээж минь 60 нас арай л хүрээгүй байхдаа өөд болсон доо. Бага хүүг минь дөрвөн настай байхад юм аа.
-Ээжийн тань тэр олон ах дүүсээс холбоотой үлдсэн өөр хүн байхгүй юү?
-Дээр үед Туул голоор нутгаа хоёр хувааж, голын арын, урд талынх л гэж ярьдаг байжээ. Голын хойд талынхан нь Булган зүг рүү сэтгэлтэй, урд талынх нь говийн айл болж таарах нь. Ээжтэй минь голын хойд талын хүн суух болж, ирж гуйсан гэдэг. Эмээ минь өгөөгүй гэсэн. Баян айлын өргөмөл ганц хүү байсан гэж хүмүүсээс дуулсан. Ээж минь 19 настайдаа намайг төрүүлээд, өөр хүнтэй суугаагүй, дахиж хүүхэд ч төрүүлээгүй, би ганц охин нь юм. Эмээ олон малтай, ажил ихтэй болохоор охиноо хүнд өгч явуулъя гээгүй юм билээ.
Өмнө нь 11 хүүхэд төрүүлснээс хөвгүүдийг нь хүмүүс өргөөд авчихсан юм байж. Хүү төрөхөөр нь л “Тооноо түшүүлнэ” гээд хэдэн хонь тууж ирээд аваад явчихдаг байсан гэнэ. Тэгсээр байгаад тав, гурван настай хоёр хүүтэйгээ л үлдсэн гэсэн. Тэр 11 хүүхдийнх нь аав мориноос унаад өөд болчихож. 1000 хоньтой, түүнийгээ маллаж дийлэхгүй байхад хүүхдийг нь авсан хүн мал өгнө гээд туугаад л ирдэг.
Эмээ сүүлдээ “Үгүй ээ, зүгээр л аваад яв” гэдэг болсон юм билээ. Хамгийн сүүлд гурван настай хүүг нь хүн гуйгаад байхаар нь бэлчээр дээрээсээ өгөөд явуултал ах нь жигтэйхэн харамлаж уйлсан гэсэн. Тэр өргүүлсэн хүү сүүлд Гамингийн тэрэг хөтөлж байгаад Барон орж ирэхэд Яармагийн тэнд айлын хашаанд нуугдаж үлдсэн гэж яригддаг юм. Ингээд ганц хүүтэйгээ байж байхад нь гурван настай хүүг нь өргөж авсан айлын хүн ирээд “Манай гадаа нэг хүн бий. Олон малтай ядарсан бүсгүй ганцаараа байгаа бол малыг нь хариулалцъя гэж байна” гэж. Эмээ ч “Яах юм бэ, би хар хүнтэй болохгүй. Дахиад хүүхэд төрүүлэхгүй” гэж цааргалсан байгаа юм.
Нэг өдөр ганц хүү нь “Нүүдэл ирлээ, ээж ээ цайгаа чанаарай” гээд гүйгээд иржээ. Нээрээ л холоос нүүдэл ирж явахаар нь цай бэлдээд гарах гэтэл тэднийхийг чиглэсээр яваад хүрээд иржээ. “Танайтай айл бууж болох уу” гээд хоёр үхэр тэрэг хөтөлж, хэдэн мал туусан хүн ирэхэд нь буурь зааж өгөөд хоёр жил хань бараандаа амьдарчээ. Удаан хамт байгаад бие биедээ дасаж, нэг гэртээ ороод гурван охинтой болсны нэг нь миний ээж юм. Хоёр эгчийнх нь нэг нь цахар хүнтэй сууж, өнөөх нь наймаа хийж ирж очсоор заримдаа ямар ч малгүй, заримдаа багтахгүй их малтай болдог байжээ. Эмээ тэр үед уурлаад “Би танай энэ нөхөртэй байж чадахгүй нь, тусдаа байя” гээд хэдэн малаа тасалж аваад ээжтэй хамт Зайсангийн хавьд ирж буусан гэсэн.
-Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул гэж таны намтарт бичсэн байна. Хүрээтэй ойр нутгийнх болохоор тэгж явсаар хотод ирсэн үү?
-Хүрээ гэдэг чинь айхтар газар. Хятад хүнтэй суувал тэгээд л мангас болдог гээд хүмүүс их айлгаж байсаан. Би 11 настай хүрээнд ирсэн байх. Гэхдээ тэр үед бараг Улаанбаатар гэдэг нэртэй болчихсон байсан байх аа. Хотод ирээд эхлээд түлээ хөрөөд өж сурлаа.
Хамар хашааны хүн түлээ хөрөөдөхийг зааж өгсөн. Манай нутагт мод байхгүй, би түлээ хөрөөдөж үзээгүй байсан хэрэг. Нэг жил хэртэй хөрөөдсөн. Мөнгө төгрөг авч байснаа санадаггүй. Харин надтай мод хөрөөдөж байсан тэр хүн ээжид минь өгчихдөг байсан юм билээ
. Тэр өвөл манай хорооны нэг хүүхэд “Гал могой ташууртай, галзуу чонон хөлөгтэй” гээд уншаад явна аа. Надад их сайхан санагдаж би түүнийг дуурайж, нөгөөх маань ч надад сурсан бүхнээ заах боллоо. Ээж минь “Чи юу уншаад байна аа” л гэж байна. Ийм сайхан юм байна аа. Би сурмаар байна гээд жигтэйхэн дурлаж ярьтал ээж дургүйцээд тэднийд оруулахаа байчихлаа. Юм суръя гээд байхад яаж байгаа юм бол доо гэж бодоод л байлаа.
Хааяа нууцаар нөгөө хүүхэдтэйгээ хонины хотонд уулзана л даа. Нэг хашаанд 4-5 айл байсан санагддаг юм. Манай хорооны Цэдэн зайсан гэдэг бичиг ном мэддэг хүн байсан юм. Намайг тэр хүний шавь болголоо. Цагаан сарын дараахан байх аа, даалимбан дээл өмсгөөд, тавагтай ааруул, домботой цай, алга дарам цаас, жижиг харандааны өөдөс бариулаад явлаа. Надад ээж хадаг өгөөд “Та миний багш болооч” гэж гуйгаарай гэсэн.
Хүүхэд юм болохоор юугаа мэдэх вэ. Хэлснээр нь хийсэн. Намайг тэр хүн мэддэг бололтой “Уг нь сэргэлэн байрын хүүхэд байсан. Урд айлын хүүхэдтэй юм уншаад л явдаг юм” гэж ярьтал ээж “Бөө, удганы үг бололтой” гэхэд “Тэгвэл тусгүй ээ. Хүнд эрдэм заахад буруу нь юу байх вэ. Буян болно” гээд надад ном заалаа. Их амархан юм аа, эхний өдөр долоон үсэг бичээд өгсөн. Энэ нь шүд, ацаг, шилбэ гээд хэллээ. Зураг зурж байгаа юм шиг сонирхолтой санагдаад нөгөө тал цаасан дээрээ ар, өвөргүй бичээд очсон.
Толгойг минь илээд болж байна шүү гэснээ нөгөө үсэгнүүдийг ард нь нэг юм нэмээд “амь оруулж” байна аа. Ма, ла өөр юу билээ. 3-4 өөр гийгүүлэгчтэй холбоод, тэгж явсаар хавар нь бичиг сурчихлаа. Тэр хүнээр захиа уншуулах гэж ирсэн хүнд намайг зааж өгч явуулаад, нэг мэдэхэд би захиа уншдаг хүн болсон.
-Яаж яваад Холбооны сургуульд орсон бэ. Тэр сургуулиа орхиод дараа нь урлагийн хүн болсон байх аа.
-Тийм ээ. Би ч их хөгтэй түүхтэй хүн дээ. Сүүлийн гурван жил гэртээ ганцаараа суухдаа л энэ бүхнийг эргэцүүлж байна. Миний том хүү надтай хамт байж байгаад гурван жилийн өмнө өөд болчихсон юм. Би хүүгээ ирнэ гээд л хоол аягалаад хөргөгчиндөө хийчихдэг, ирдэггүй ээ. Ингээд байж байтал нэг хүн ирээд “Танай хүү айлд нас барчихжээ” гэсэн. Хачин юм аа, гээд хөргөгчөө нээгээд үзтэл зургаан аягатай хоол байсан.
Миний хүү яаж яваад ч тэгдэг юм. Үгүй мөн хэцүү юм аа. Би ямар үйлийн үртэй хүн болоод ингэж явдаг юм бэ.
(Сэтгэлийн шаналлыг нь хөндөхгүй аль болох өөр сэдвээр ярихсан гэж бодтол яалт ч үгүй холбогдчихлоо. Аягатай хоолоо дуугүйхэн халбагадаад, яриаг нь өөр тийш эргүүлэх учраа олохгүй сандарч байтал Доогоо маань овоо тайвшрав. Хоолой нь нэг зангирч ирээд зүгээр болсон. Энэ бол яах аргагүй агуу тэвчээр. Төрүүлсэн хоёр хүүгээ цаг бусаар алдаж, гурван охиноо багад нь эндэхэд ч харж чадалгүй явуулчихсан болохоор яаж сэтгэл нь тавтай байх билээ. Их сайн ханьтай байсан тулдаа энэ бүхний ард гарсан биз. Харамсалтай нь хань нь ч бас бага хүүгээсээ хойш гурван жилийн дараа бурхан руу одчихсон.)
-Надтай түлээ хөрөөддөг байсан хүний эхнэр нь ээжийг гутлын ул наадаг ажилд оруулж, би тэр хүний эгчийнд үлддэг болсон. Нэг өдөр хорооны дарга орж ирээд “Танай хүүхэд бичиг мэддэг гэнэ. Энэ хорооны авгайчуулд бичиг заалгана аа” л гэнэ. Ээж намайг чадахгүй байх гэж хорьсон ч би саваагүйтээд чадна гэчихсэн юм. Нэг муу хар гэр дотор хичээл заадаг болов оо.
Эхний өдөр хоёрхон л үсэг заав. Түүнийг нь бичиж ирдэг хүн байдаггүй ээ. Хоёр дахь өдөр нэг хүн уухилж байгаад унаад өглөө. Нас барж байгаа нь энэ юм байх гээд би гараад гүйх гэтэл бусад хүн “Багш аа, битгий гараарай. Энэ хүн ингэж унадаг юм. Удахгүй босоод ирнэ” гэсэн.
Ус хийж өгөөд босож суулгаад сэргэсэн. Уг нь дандаа залуухан хүүхнүүд байсан хэрнээ дараагийн өдөр нь гурван хүн яг тэгж ойчоод, би тэрнээс нь айгаад дахиж очоогүй. Хорооны дарга намайг асууж ирэхэд нь ээж өмөөрөөд “Тэр хүмүүс чинь хүүхэд айлгаад, ухаан алдаад байна” гэж хэлсэн гэсэн. Тэд бичиг заалгах дургүй болохоороо л тэгж муурч унадаг байсан юм билээ.
-Жаахан хүүхэд айлгаад, муухай хүмүүс юм аа.
-Би бас нэг төвд хүнээс их айсан. Ээжийн эгчтэй зах дээр явж байтал нэг хүн миний гар дээр дарчихаад тавьдаггүй. Би айсан гэж жигтэйхэн. Тэр нь төвд хүн гэсэн. Сүүлд баривчлагдаад байхгүй болсон.
-Тэр үед төвдүүд олон байсан уу?
-Байсан, байсан. Төвдийн хурал гэж байдаг байлаа. Төвд эмэгтэйчүүд гэхээрээ л дээлийнхээ хормойг сөхөж, өмднийхөө халаасанд мөнгөө хийдэг. Тэр нь их сонин харагддаг байж. Хотод ирээд хоёр жил болж овоо газар мэддэг, хүнтэй уулздаг болоод Холбооны сургуулийн тухай мэдсэн дээ. Төв шуудангийн цагтай өндөр байшинд л холбооны сургууль байсан юм. Хойхно талд нь буюу одоо энэ Засгийн газрын ордны цэцэрлэг хавьцаа Бөмбөгөр ногоон байсан болов уу. Би ээжтэйгээ тэнд “Залуу эх Замбага” гэдэг жүжиг үзэж байсан. Д.Ичинхорлоо гуайн зохиол юм. Тэр цагтай байшингийн хоёрдугаар давхарт очиж Холбооны сургуульд шалгууллаа.
Намайг 14 настай гээд авсангүй. Гэртээ ирээд энэ тухай ярьтал надтай хамт түлээ хөрөөддөг байсан нөгөө ах Холбооны монтёр болчихсон байж таараад намайг дүүгээ гэж хэлж, бас 16 настай гэж хэлүүлснээр би тэр сургуульд орсон. Намайг бичиг мэддэг гэхээр их олзуурхсан. Өмнөх өдөр нь 14 настай гэж хэлэхийг сонссон хэрнээ л тэр хүн “Ахаараа заалгаад сургуульдаа ирээрэй” гэж хэлэхэд нь их гайхсан.
Манай сургууль Улсын драмын эрдмийн театр байгаагийн тэнд байсан. Би дотуур байранд сууж хичээлдээ явдаг болсон. Хагас цэрэгжилтийн байдалтай хичээл зааж, орой бүр бидний тоог бүртгэдэг байлаа. Нэг гэрт амьдардаг эгч нар миний хувцсыг хасаж, янзалж өгсөн. Цамц нь гэхэд шилбээр татсан урт байсан гээд бод доо. Намайг бэлтгэл ангид оруулчихсан байхад захирал багш орж ирээд “Энэ хүүхэд бичиг мэддэг. Дэвшүүлэн сурга” гэв. Дээд талд нь нэгдүгээр анги байхгүй учраас хоёрдугаар ангид нь оруулсан. Таван жил сурч төгсдөг техникум юм билээ л дээ.
-Таныг Холбооны сургуулийн улаан дээлт гэдэг байсан гэж өмнө нь ярьж байсан байх аа. Та дандаа улаан дээл өмсдөг байсан юм уу.
-Ээж бид хоёр гоёлд өмсдөг ганц дээлтэй л хэрэг. Майн 1 болохоор л ээж тэр дээлээ өмсдөг. Би урлагийн сургуульд орохдоо гоёх санаатай тэр дээлийг өмстөл Дугарсанжаа (Гавьяат жүжигчин Н.Дугарсанжаа, Лха.Долгор гуай хоёр насан багаасаа нөхөрлөж, өтөл болтлоо хамт байсан хүмүүс. Тиймдээ ч яриа бүртээ л найзынхаа нэрийг дурдах дуртай байдаг юм) намайг “Холбооны сургуулийн улаан дээлт” гэж хочилчихсон юм. Би Холбооны сургуульд байхдаа дуулалт жүжигт тоглож, Шинэ жилээр циркийн үзүүлбэр хийсэн. Бас овоо юм сурах хүүхэд гээд морз хүртэл зааж өгсөн байгаа юм.
Намайг хичээлийн дараа дуудаж уулзаад “Улаан” Нямаа гэдэг хүнтэй хамт циркийн үзүүлбэр хийлгэсэн хүн нь Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган байсан. Нөгөө хүн доошоо суугаад хоёр гараа нийлүүлж барихад би алган дээр нь нэг хөл өөрөө зогсож, нөгөө хөлөө, хоёр гартайгаа өргөдөг байсан. Жижиг биетэй болохоор намайг хийчихнэ гэж онцолсон байх. Тэр шинэ жилээр харандаа, цаасаар шагнуулсан.
"ЦОГТ ТАЙЖ" КИНОНД ТОГЛОСНООӨӨРӨӨ Ч МЭДЭЭГҮЙ
Бас л Л.Ванган гуайн дуудсанаар тайзан дээр жүжигт тоглож 16 настай хэрнээ хүний авгайн дүрд гарсан. Дараа нь Майн 1-ний жагсаалд оролцож, дан өмд цамцтай талбай дээр гимнастик хийж байгаад өвдөөд эмнэлэгт хэвтсэн. Ингээд хоёрдугаар ангиа төгсөж чадсангүй. Эмнэлэгт хэвтэж гараад ээж миний сүлдийг дуудуулсныг санаж байна. Гурван өндгийг орой дээр нь нүхэлчихээд л дээрээс нь ус асгаад байсан.
Зүүний сүвэгч шиг нүхэн дээр нь ус тогтоодог учиртай бололтой. Тэгж байгаад, нэг, хоёр, гурав гэж тоолоод “За одоо боллоо. Энэ гурван өндгийг чанаж идүүлээрэй” гэлээ. Ээж минь өндөг чанахыг мэдэхгүй болохоор тогооны талаар ус хийгээд нөгөө өндгөө хагалж хийгээд буцалгасан. Тэр нь тогоо дүүрэн л юм болж, аяганд хийж аваад жигтэйхэн өмхий үнэртэй хачин юм идэх гэж зовсон доо. Хажуу айлын хүн орж ирээд биднийг тийн хөглөж байгааг хараад бүтнээр нь чанадаг учиртайг хэлсэн.
Сургуулиа дуусгаж чадаагүй ч намар эргээд Холбооны сургуульд орно гэж байтал нэг хашаанд хамт байсан эгчмэд охин Урлагийн сургууль байгуулагдах гэж байгааг хэлээд, өөрөө очиж шалгуулна, хамт явах уу гэлээ. Хийх юмгүй болохоор дагаад л очлоо. Дагаж явсаар Бөмбөгөр ногоон руу яваад орчихлоо. Арваад хүн байна. Өндөр хамартай орос хүн гарч ирлээ. Тавцан шиг юман дээр томоо гэгчийн хар хайрцаг тавьчихсан байна. Гаднаа гялалзсан шар хүүхэн орж ирээд орос хүнтэй юм ярьж зогслоо. Тас хар дээл, малгайтай хүн байх юм. Бүгдээрээ гараад ир гэж дуудаад хүүхдүүд цөм гарлаа.
Би шалгуулах гэж биш харах санаатай ирсэн болохоор ард нь хоцорлоо. Гэтэл нөгөө шар авгай “Та наашаа гараад ир” гээд л нэг муухай хашгирлаа. Айсан гэж жигтэйхэн. Надаас өөр хүн байгаагүй болохоор айхдаа тайз руу гүйж гарах гээд ойччихсон. Хүүхдүүдийг “Аа” гэж дуугаргаад, юм цохиулж, хэмнэлийг нь шалгаад авсан. Морз сурчихсан болохоор тэр хэмнэл нь амархан санагдаад хэлснээр хийчихлээ.
Тэгсэн шалгалтын дараа хэдэн хүний нэр хэлтэл минийх байна аа. Би ч өөр сургуультай гэж хэлэлгүй гараад явчихсан. Дагуулж явсан охиндоо л би өөр сургуультай шүү дээ гэтэл “Аа танай муу тэр Холбооны сургууль яадаг юм. Цэргийн л сургууль биз дээ” гээд л хоёулаа дараа дуудсан өдөр нь ирнэ шүү гээд буцлаа.
Маргааш нь монтёр ахтайгаа очиж сургуульдаа бүртгүүлнэ гээд байж байтал нөгөө охин дахиж дуудаад “Өнөөдөр чи бид хоёр Урлагийн сургууль руу очих ёстой юм байна” гэв. Өнөөдөртөө хийх юмгүй болохоор хамт яваад очлоо. Арав гаруй хүүхдээс тав, зургаа нь тэнцэж. Хоёр эмэгтэй хүүхэд, нэг намхан хүү, хэлхийсэн нөхөр байж байна.
Тэр хэлхгэр нь манай Дугарсанжаа. Биднийг маргааш 09.00 цагт ирээрэй гээд л явууллаа. Намайг Урлагийн сургууль руу урвуулсан Түмэндэлгэр маань хөгжимчин болсон. Монтёр ахтай “үзэлцэж” байгаад намайг авч явсан даа. Нөгөө ах “Чамайг сургууль хаялаа гэж ээжид чинь хэлнэ шүү” гээд л хоцорсон. Холбооны сургууль хичээлийн тохилог байртай байсан бол урлагийн сургуулийнхан нэг том хар гэрт, ширээн дээрээ шахалдан суудаг байв.
Би ч ямар сургуулиа орхиод энд ирчихэв дээ гээд л эргэлзсэн. Монгол хэл, тоо гээд одоогийнхоор бол дунд сургуулийн хичээл зааж байлаа. Тэр үед бидэнд урлагийн чиглэлийн хичээл заагаагүй ээ. “Сүхбаатар” киног хийх гээд хамаг жүжигчнээ Орос руу явуулчихаад сургуулийн хүүхд үүдээ театртаа аваачиж жүжигт тоглуулснаас болж анги нь бүрдэхээ болиод нэмж хүүхдүүд авсан юм билээ.
-Та хамгийн анх ямар жүжигт тоглосон бэ?
-“Урлал” гэж Дундад Азийн жүжиг байсан юм. Анаит гэдэг гүнжийн дүрд тоглосон. Манай Дугарсанжаа хааны хүү болсон. Биднийг Урлагийн сургуульд байхад хичээл заахаас илүүтэй “Үүнийг хараад сууж бай” гээд жүжиг үзүүлдэг байсан. Тэгж жүжиг үзэж суугаад гэрүүдийн дундуур хэсэж явтал гэнэт Гитлер гарч ирээд, би зугтаж гүйж байж нэг авгайд хөөгдөөд гадаа хоёр цаг суусан. Дайны үе байсан болохоор Гитлерийг шоглосон жүжиг их тоглодог байжээ. Бид 1943 онд сургууль төгсөхдөө САА-д очиж тоглолт хийж, мэргэжлээ хамгаалсан түүхтэй.
-Дайны хүнд хэцүү үеийг та нар мэдэрсэн үү?
-Бид дайн болсныг мэдээгүй ээ. Урлагийн сургуульд эхлээд хоол өгдөг байснаа дараа жил нь больчихсон. Яав гэтэл дайн болсон л гэсэн. Би тэр үед дайнд явахсан гэж хүсдэг байлаа.
-Та жүжигчдээс хэнийг дуурайдаг байсан бэ. Онцгойлж хичээл заагаагүй болохоор хэн нэгнийг дуурайдаг л байсан болов уу?
-Дуурайсаан. Д.Ичинхорлоо гуай их сайхан санагдсан. Ө.Рэнцэнноровыг дуурайх гэж хичээнэ. Хүмүүс заримдаа “Та хоёр их адилхан юм аа” гэхээр нь би ичээд нүүрээ дараад л гүйчихнэ.
-“Цогт тайж” кино дэлгэцэнд гарсны 65 жилийн ойгоор та манай редакцид зочилж байсан. Л.Цогзолмаа гуайн дэргэд ингээд би сууж байх гэж санаа зовмоор юм гээд их л хүндэтгэлтэй хандаж байсан санагдана. Та хөгжимчин охины дүрд тоглосон бил үү?
-Би өөрөө ч тоглосноо мэдээгүй явж байхад Германд байсан нэг хүн надад хэлсэн. Би итгээгүй. Харин дараа нь үзээд бүр гайхсан. Цогт тайж дайнд явах болоод ижийгээсээ салаад доош буухад хэдэн хөгжимчин сууж байгаад нэг нь араас нь гүйж гардаг шүү дээ. Тэр нь би.
-“Элбэг дээл”, “Толбот хивс” гээд цөөхөн л кинонд тоглосон байх юм. Театрын ажлын хажуугаар амждаггүй байсан юм уу?
-Хоёр, гуравхан л юм бий. Кинонд тоглох хувьгүй байх аа. Нэг юманд оръё гэхээр л ямар нэг юм болчихдог юм. Борын тухай гардаг “Нөмрөг хадны цуурай”-д ээжийнх нь дүрд намайг тоглуулах гээд Цэрэндорж бид хоёр тохирчихсон байлаа. Архангайд очиж арав хоног зураг авах байсан юм.
Би тэднээс арав хоногийн өмнө гарч аймаг, сумаар жүжгээ тоглоод, яг хугацаагаа тохируулчихсан байтал дахиж гурав хоног жүжиг тогло гэдэг юм байна. Таяа даргад учир байдлаа хэлтэл “Чи театраас цалин авдаг уу, Кино үйлдвэрээс авдаг юм уу” гэсэн. Тэгээд би явж чадалгүй Бадамгарав тоглосон. Цэрэндорж маань надад гомдоод сүйд болсон.
-“Жаргалант эх Оролмаа” жүжиг таны уран бүтээлийн жагсаалтын нэлээд дээгүүрт бичигдэх үү?
-Миний Оролмаа муу болсон байх аа.
-Та өөрийгөө дандаа л голж, дарж байх юм.
-Ингээд л хүн болгон намайг загнах юм. Лха.Долгор гуай хааяа гадуур гарч олонтойгоо хамт явъя гэж боддог ч гурван жилийн өмнө сандлаас унаж сүрхий бэртсэнээс болж хөл нь нэлээд мууджээ.
Бас хавдар болж, нүдний хагалгаанд орсноосоо хойш тайзан дээр гарахаасаа жийрхэх болж. Уг нь Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай “Эртний сайхан” чуулгадаа хүрээд ирээч гэж дууддаг байсан гэнэ. Тэд бие биедээ их санаа тавьдаг бололтой. Удаан холбоогүй байхгүй, дандаа биенээ эргэж тойрдог аж.
Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай Шинийн нэгэнд хамгийн түрүүнд ирж Доогоотой золгодог гэнэ. Өмнө нь ардын жүжигчин Л.Жамсранжав гуай 09.00 болов уу, үгүй юү ороод ирдэг байсныг Лха.Долгор гуай дурсан ярьсан. Авьяас нь халгисан эдгээр хөвгүүдээ магтан ярих үгээ олж, ядан баясах юм билээ, тэр. -Манай Жамсранжав сайхан жүжигчин, сайхан хүү. Жамсранжавтайгаа олон ч жүжигт орсон доо.
Хүнийг дандаа өөд нь татаад явчихдаг юм. Гантөмөр ч гэсэн цул авьяас. Манай хоёрын гэр нэг зүгт болохоор ажил тараад хамт алхаж явснаа гэнэт гудамж руу эргээд дуугарах ч үгүй алга болоод өглөө. Би гайхаад яасан юм бол гэтэл дүрийнхээ тухай бодож яваад бүр хүнтэй дуугармааргүй болж л дээ.
-Тэгтлээ дүрдээ ордог байх нь ээ?
-Жүжигчин хүн тоглох дүрээ ерөөс өө их бодно шүү. Зүүдэлнэ, ганцаараа ярина. Галзуу хүн шиг л болж байгаа юм. Мэдэхгүй юм даа, эсвэл би муу жүжигчин болохоороо тэгдэг юм болов уу?
-Яалаа гэж дээ. Тэгж л дүртэйгээ хамт амьдардаг байх. Та энэ амьдралынхаа хамгийн баяр жаргалтай үеийг хэзээ байсан гэж боддог вэ?
-Би ээждээ эрхэлж, дараа нь ханьдаа эрхэлж явсан хүн. Бага залуудаа надад ганцхан ээж л байдаг болохоор аавгүй, ах дүүгүй гэж гутардаг байсан юм болов уу даа. Би Миний ээж их өрөвдмөөр хүн байсан. Одоо бодох нь ээ, ижийтэйгээ байхдаа л хамгийн жаргалтай байжээ. Гэхдээ би олон түмнийхээ буянд жаргаж байна аа. Амьд байгаа би яасан ч гэж зовох юм. Жаахан өвчин тусамтгай л болж дээ.
-Энэ их бодрол, аливааг олон талаас нь харах ухааныг хэн танд бий болгосон юм бол?
-Театр надад хүмүүжил өгсөн. Тэр олон сайхан хүнээс айж, сурч явжээ. Би өдий хүртэл хэнтэй ч муудалцаж үзээгүй юм байна.
-Дургүй хүрээд, муухай аашилмаар бол яах вэ?
-Дуугүй явж байгаад жаахан уйлчихаар зүгээр болчихдог юм. Намайг 40 гарсан хойно “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Мильфордод тоглуулах гээд сүйд боллоо. Шалгалт ирээд хамаг залуусаа халчихсан. Би авахыг хүсээгүй болохоор шууд хэлээгүй ч дуугүй л яваад байлаа.
Дүрээ ч бичиж авсангүй. Хорь хүрээгүй жаахан охины дүрд би яаж гарах вэ дээ. С.Гэндэн багш найруулж байсан юм. Бас л дуугүй явж байснаа нэг өдөр намайг өрөөндөө дуудлаа. Олны нүдэн дээр загнаагүй, өрөөндөө дуудаж загнах нь дээ гээд яваад ортол “Би чамд сонин юм ярих гээд ээ. Би чамайг бага байхад харж байсан.
Гэрийн хаяанд суугаад биднийг харж байсан тэр жаахан охин намайг сургууль төгсөөд ирэхэд жүжигчин болчихсон байлаа” гээд ярьж эхлэнгүүт нь би санаж байгаа юм. Мод хөрөөдөж байх үед манай хашаанд ижил дээл, малгайтай нэг сайхан хос байдаг байсан юм. Саарал дээлтэй, их гоё малгайтай. Ийм гоё эмэгтэй болохсон гэж бодмоор шүү.
Хүний бага насны сайхан дурсамжийг ингэж ярихаар хүн “үгүй” гэж хэлж чадахааргүй болдог юм билээ. Тэгснээ С.Гэндэн багш “Чи одоо энэ дүрийг ав мэдэв үү. Ичинхорлоод өгөх үү, Цэрэндуламд өгөх үү, Долгорсүрэнд өгөх үү” гэсэн. Жүжгийн өмнө би их шүүмжлүүлсэн. Харин дараа нь бол магтуулсан.
-Дүр болгон түүхтэй, дурсамжтай, таны амьдралын нэгэн үеийн төлөөлөл болон тодордог болохоор та өөрийнхөө түүхийг театрын тайзнаа мөн ч сайн бичиж дээ.
-Би Э.Оюун багшийнхаа ачаар л энд сууж байна. Бөмбөгөр ногоон маань хайлсны дараа (театраа шатсан гэж хэлэх дургүй юм билээ. Харин хайлсан гэж эерүүлэх аж) Д.Намдаг гуайн “Залуу үе” жүжгийг Элдэв-Очирын нэрэмжит кино театрт тоглолоо. Би хойт ээжийн дүрд гардаг юм. Нэг өдөр жүжгийн дундуур “Муухай ээж , эндээс явуул” гээд хүүхэд хашгираад байлаа.
Таван настай дүүгээ дагуулсан дунд сургуулийн хүү жүжиг үзэж байтал дүү нь тэгж хэлсэн байсан. Үйлчлэгч тэднийг загнаад гаргасан манаач өвгөн буцааж оруулаад үзүүлжээ. Жүжгийн дараа талбай хажуугаар алхаж байтал жижиг чулуу намайг онолоо. Эргэж хараад хүн харагдахгүй болохоор нь манайхан надаар тоглож байна гэж бодоод алхтал хэд хэд шидлээ шүү.
Эргээд харсан хоёр хүүхэд зугтаад л гүйж байна. Би тэр хүүгийн дургүйг хүргэсэн муухай ээжийн дүрд тоглосон болохоор тэр л дээ. Өнгөрсөн жил Хужиртад сувилуулахаар очтол 30 орчим насны нэг хүн “Би таныг танина аа” гээд яваад ирсэн. Гэтэл тэр нь намайг чулуугаар шидсэн таван настай хүү байсан.
-Таны хамгийн том шагнал нь энэ гавьяат жүжигчин цол тэмдэг биз дээ. Яагаад зүүдэггүй юм бэ?
-Хүмүүс бас тэгдэг юм.
-Хэдэн онд авлаа?
-1971 онд авсан. С.Гэндэн багш бид хоёр хамт авсан. Би ч юу хийсэн ч гэж авч байгаа юм. Харин С.Гэндэн гээд зарлахад манай театрын шал нарх нарх нарх гэж доргиод л хүмүүс хөлөө дэвсэлж, алгаа зэрэг ташиж байсан. Хүн тэгж шагнал авдаг бол яах вэ. Мөн ч сайхан.
Амаа цангатал ярьж суулаа хоёулаа гэж хөхөрсөөр өнөөдрийг тун зугаатай өнгөрүүлсэндээ баярлаж суусан даа, Доогоо маань. “Дараа ирж бай л даа. Ингээд ярьж суух сайхан байдаг юм” гэсээр намайг үдсэн. Лха.Долгор гуайг Цам харайсан өдөр төрсөн гэж эмээ нь хэлж байжээ. Тэр үед ээжийнх нь нэг эгч Цам харайсан өдөр төрсөн болохоор ноён аваад явах байх даа гэж хэлээд эмээдээ загнуулсан гэнэ. Өөрөө энэ тухай дурсахдаа тэгээд л би урлагийн хүн болсон байх гэсэн шүү.
Эмээ нь олон хүүхдээ хүнд өргүүлсэн боловч охиноо тулах, түших үр хүүхэдтэй байг гээд Долгор охиныг хүнд өргүүлээгүй гэсэн. Олон ч айл гуйж, хадаг барьж, хонь тууж ирсэн ч эмээ нь татгалзсаар байсан аж. Амьдралын учрыг эс тайлсан ч алгуурхан өнгөрсөн он жилүүдийн уртыг саравчлан суугаа энэ хүн юу эсийг бодож, өдрийг өнгөрүүлдэг бол доо.
Хорвоод хайрлаж өсгөсөн хоёр сайхан хүүгээ алдсан энэ ээжийг өдгөө бага хүүгийнх нь эхнэр асарч явдаг юм билээ. Ярилцлагын эхэнд дурдагдсан Баярсайхан болбоос түүний бэрийнх нь хань юм билээ. Бага охиноо таван сартай байхад хүү нь өөд болж, Доогоо бэрийгээ хоёр охиноо аваад явчих болов уу гэж гол нь зурагдаж байхад амьдын хагацал үзүүлэлгүй хоёр ачтай нь амьдруулсан их ухаан түүний бэрийнх. Энхсайхан хэмээх тэр бүсгүйн тухай сайн үгсийг харамгүй хэлэхээс яах билээ.