Саудын Арабын хаан Салман ибн Абдул-Азиз Аль Сауд Францын Ривьерад өөрийн гэсэн шилтгээнтэй аж. Тэгээд тэндээ амрахаар бараг мянгаад бараа бологчоо дагуулсаар очиж л дээ. Хаан морилох гэж байна гээд зам хаах зэргээр баахан сүржигнэж, иргэдийн бухимдлыг бараад авчээ. Үүнд нь дургүйцсэн францчууд гадаадын ямбатай хааныг эх нутгаасаа хөөчихсөн байна. Үнэндээ бол хөөгдөх өөр нэг шалтгаан байсан нь тэрбээр Францад амрах хугацаандаа өөрийнх нь шилтгээнд ойр наран шарлагын газрыг хаах шийдвэр гаргаж, бас болоогүй тэр хавьд өөрийн дураар лифт барих ажил эхлүүлсэн юм байна.
Энэ бүхэнд дургүйцсэн нутгийнхан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн гэнэ. Энэ хөдөлгөөнд нь цагдаагийнхан нэгдсэн бөгөөд учир нь хааны “өргөөний” хамгаалалтын багт эмэгтэй цагдаа байлгахыг тэрбээр зөвшөөрөөгүй аж. Хүний нутагт ирчихээд “Холоос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх” гэж авирлаад, эцэст нь хөөгдсөн хааны “үлгэр”-ээс бид ч суралцмаар юм.