Япон, британичууд их саваагүй гэмээр хүмүүс байх юм. Өөрийн авсыг сонгох моод япончуудыг нэг хэсэг “өдөөж” байсан бол британичууд нас барсан хамаатан, ойр дотнынхныхоо шарилыг өөрийн амьдардаг газартаа шилжүүлэн, дахин “оршуулдаг” болсон гэнэ. Тус улсын Хууль зүйн яаманд хамаатан садныхаа шарилыг шилжүүлэн суурьшуулахтай холбоотой өргөдөл долоо хоногт дунджаар 25 ирдэг болсон талаар албаны хүмүүс нь мэдээлжээ. Ийм шилжилт хөдөлгөөний асуудалд татгалзах аргагүй ч “Талийгаачдыг тавилга шиг зөөж, өөрийн хүсэлд тохируулж байгаа үйлдэл бараг моод болж байгаа нь харамсалтай” гэж сүм хийдийнхэн байр сууриа илэрхийлжээ.