Хүн байгалийн хүйн холбоо, амьтан хайрлах ухаан, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах монгол ухаан, малчин хүн чоно хэмээх араатныг агнаж авлахын зэрэгцээ, хэрхэн найзалж нөхөрлөж чаддаг тухай өгүүлэх Зохиолч Зян Рунын “Чонон сүлд” роман 2004 онд Хятадад хэвлэгдэн гарсан даруйдаа шуугиан тарьж, магтаалын болон сөрөг шүүмжлэлд дарагдаж байсан юм.
Дэлхийн томоохон хэвлэлийн газрууд уг романыг орчуулан хэвлэх эрхийн төлөө уралдацгааж байсан бөгөөд “Пингвин хаус” англи хэл рүү орчуулж өрнөдөд таниулсан билээ. Энэ нь Хятадын утга зохиол анх удаа өрнөдийн хэдэн сая хүнд хүрч буй анхны тохиол байсан юм.
Харин Монгол хэлнээ орчуулах ажлыг Д.Болдбаатар 2006 онд хийсэн бөгөөд монголчуудын хамгийн их уншсан номын жагсаалтад зүй ёсоор тооцогдох болсон юм.
Тэгвэл өнөөдөр монгол үндэстний зан заншил, уламжлалт ахуй амьдралыг дэлхийд таниулж буй "Чонон сүлд" романы зохиолч Зян Руныг “Дэлхийн Монгол” зохиолчдын холбооны "Бичгийн мэргэн" цол тэмдгээр шагналаа.
Зохиолч өөрийн биеэр ирж чадаагүй ч түүний дотнын анд, бие төлөөлөгч Чэнь Зи Цюнь, Хятад улс даяар хамгийн алдартай том хэвлэлийн групп болох "Хөх Мөрөн" хэвлэлийн хорооны ерөнхий редактор Ань Гун Шүнь нарт уг шагналыг гардуулсан юм.
Энэ үеэр “Дэлхийн Монгол” зохиолчдын холбооны ерөнхийлөгч Ц.Хулан “Хүн төрөлхтөний ёс зүй, хүмүүжилд үр нөлөөгөө хүртээж буй зохиолчдыг тодруулан, ард түмэнд таниулах нь зөв билээ. Зохиолч Зян Рун монголын тал нутагт 11 жил амьдарч, монгол ахуй, монгол сэтгэлгээ, монгол чононы тухай нэлээд их зүйлийг судлан байж энэхүү романаа бичсэн гэдэг. Монгол ахуй соёлыг зохиолоор дамжуулж дэлхийд хүрч буйг сайшааж ийнхүү урамшуулж байгаадаа их баяртай байна.” хэмээн ярилаа.
Түүнчлэн Чэнь Зи Цюнь “Зохиолч Зян Рун бол амьдралаараа чонотой нөхөрлөж, монгол ахуйн соёлд суралцсан хүн. Тиймдээ ч энэ зохиолын уугуул иргэд болох монголчууд та бүгдэд үнэлэгдэж чадсан байх гэж бодож байна. Романы нутаг болох Монголд ирсэндээ баяртай байна”гэлээ.
Дашрамд дурдахад, Өнгөрсөн хавар уг зохиолоор Чонон сүлд уран сайхны киног бүтээж, гол дүрд нь Монгол жүжигчин Р.Анхням тоглосон юм. Харин “Дэлхийн Монгол” зохиолчдын холбооны “Бичгийн мэргэн” дээд шагналыг 4 жилд нэг удаа олгох аж.