Монголын урчуудын эвлэлийн танхимд “Фонд-1” үзэсгэлэн дэлгэжээ. Тал дүүрэн бэлчих таван хошуу мал, талаа даган халиурах өвс ургамал, уул ус, ухаа толгод энэ танхимын зураг бүхэнд амилсан учраас дотно санагдана. Яг л амьд мэт санагдах эдгээр бүтээлийг хараад л зогсооод баймаар.
Их хотын шуугиант амьдралд автсан бидэнд хөдөө нутгийн аж амьдрал, сайхан байгалийг түр ч атугай мэдрүүлэх эдгээр бүтээл 1967-1996 оны хооронд монгол зургийн төрлөөр туурвигдаж Монголын урчуудын эвлэлийн урын сан хөмрөгт хадгалагдаж буй. Урьд нь дэлгэж байгаагүй бүтээлүүд гэдгээрээ онцлогтой юм билээ.
Үзэсгэлэнд Ц.Даваахүү, Ц.Дорж, Л.Наранцацралт, Б.Чинтогтох, Ц.Байды, Я.Туяа, С.Мижиддорж, Д.Бадам нарын 30 гаруй уран бүтээлчийн монгол зураг, торгон зургийн дээжис гээд нийт 82 бүтээл дэлгэжээ. Танхимд холхих гадаад, дотоодын олон зочны харааг нэгэн сүрлэг бүтээл татаж байлаа. Энэ бол “Богд эзэн хаан” хэмээх зээгт наамал юм. Уг наамалд Эзэн Богд хийгээд түүнийг тойрон хүрээлэх албат, ноёд, хатдыг дүрслэн амилуулжээ.
Нэгэн цагт ертөнцийг эзэлж явсан дэлхийн хүнийг ингэж дүрслэхээс ч өөр яах вэ хэмээн бахархан омогших сэтгэл өөрийн эрхгүй төрж зогсов. Уртаашаа 10, өргөөшөө таван метр урт уг бүтээл 38 хүний дүрс бүхий нийт 5000 гаруй хэсгээс бүрдсэн аж. Наамалд алтан шаргал өнгө давамгайлсан нь сүр жавхлантай харагдуулж байв.
1990-ээд оны эхээр М.Бүтэмжийн эх зургаар, Засгийн газрын захиалгын дагуу есөн хүн уг бүтээлийг урлажээ. Тус бүтээлийг урлахад хоёр жил хагасын хугацаа зарцуулсан гэнэ. “Эзэн богд хаан” наамалтай холбоотой бусад нарийвчилсан судалгааг энэ жилээс хийхээр төлөвлөсөн байна”.