Сингапурын Ерөнхий сайд агсан Ли Куан Югийн 2010 оны есдүгээр сарын 1-нд “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагч Сэт Миданст өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.
-Удахгүй та 87 нас хүрэх гэж байгаа байх аа. Төрсөн өдрийн мэндийг урьдчилан хүргэе.
-Баярлалаа. Нас ахиад ирэхээр төрсөн өдөр болж байна гэж баярлахаа байчихдаг юм байна. Магадгүй чи ч бас 87 насныхаа төрсөн өдрийг баярлаж угтахгүй байх.
-Үгүй дээ. Та бидний ирээдүйд туулах амьдралыг хэдийнэ үзэж өнгөрүүлсэндээ баярлах нь зүйтэй байх.
-Тэр чинь л миний хувьд зовлон юм шүү дээ. Сүүлийн навч хэзээ тасарч унахыг хүлээж байгаа хөгшин мод шиг.
-Танд навчсаа гүвж байгаа мод шиг санагддаг гэж үү?
-Тийм ээ. Жил өнгөрөх тусам хамаг л эрч хүч, тамир тэнхээ барагдаж дуусаж байх шиг санагддаг. Гэхдээ л энэ чинь амьдрал шүү дээ.
-Ээж минь хэзээ ч битгий хөгшир гэж их хэлдэгсэн.
-Тийм ээ. Хүн өөрийгөө хөгширсөн гэж бодож огтхон ч болохгүй. Байнгын хөдөлгөөнтэй байх хэрэгтэй гэж бодогддог юм. Тиймээс би усанд сэлж, дугуй унасаар л байгаа.
-Бас йогоор хичээллэж, бясалгадаг.
-Тийм ээ.
-Бясалгалынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч.
-Сингапурын хөрөнгө оруулалтын корпорацийн мэргэжилтэн Нг Кок Сонгийн зөвлөснөөр хоёр гурван жилийн өмнөөс бясалгал хийдэг болсон. Би түүнийг бясалгал хийдэг гэж мэдэж байсан л даа. Гэхдээ үр дүн, ач холбогдлынх нь талаар нарийн анзаардаггүй байлаа. Нг Кок Сонгийн эхнэр нас барах үед энэ хүнд үеийг тэр тун тайван, амгалан давсан. Хэрхэн ингэж биеэ сайн барьж байгаа тухайг нь асуутал өдөр бүр бясалгал хийдэг, бас хорт хавдрын улмаас өдрөөс өдөрт эхнэрийнх нь бие доройтож байсан ч сэтгэлээ барьж, тайван байсныгаа яриад, бичлэг ч үзүүлсэн л дээ.
Тэгээд л би надад зааж сургахыг түүнээс хүссэн. Бясалгал хийж эхэлснээр өдрийн ажлын ачаалал, сэтгэлийн зовлон бүгд үгүй болж, нойрондоо ч эрс сайжирсан. Заримдаа бүр ажилдаа ядраад оройн хоолны дараа хундага дарс ууж, нам унтахсан гэж хүсдэг байсан үеэ үгүйлдэг юм. Туршлагатай бясалгагчид цаг гаруй бясалгадаг. Би 20 минут орчим л бясалгал хийж байна.
-Бясалгал хэрхэн хийхийг зааж өгсөн найздаа “Би одоо тайван, амар амгалан байж чаддаг болсон” гэж хэлж чадах уу?
-Түүн шиг тайван болж чадаагүй л дээ. Тэр их олон жил бясалгаж байгаа, бас католик шүтлэгтэн учир бидний хооронд их ялгаа бий.
-Та шүтлэгтэй юү?
-Би агностик буюу бурхны оршин буйг таньж мэдэх, батлах боломжгүй гэж үздэг. Би түүхэн уламжлалаа дээдэлдэг хятад гэр бүлд төрж, өссөн. Аав маань Хятадын уламжлалт баяраар өвөөгийн булшин дээр очиж тахил өргөн, цаасан мөнгө шатаадаг байсан юм. Тэгэхдээ намайг хамт авч явдаг байлаа. Харин би үүнийг нь мухар сүсэг гэж үздэг болсон. Бүр аавдаа “Таныг шатаасан мөнгийг өвөө яаж авах юм бэ” гэж хэлдэг байсан гэдэг. Аавыгаа нас барсны дараа би энэ уламжлалыг дагахаа больсон. Бага дүү минь хожим аавыг христийн шүтлэгтэй болгосон. Дүү минь эмч учир аавын бие чилээрхэхэд гэртээ авчирч, асарч тойлдог байсан юм. Тэгэхдээ өөрийн шашинд урвуулсан байсан.
-Та ч бас христийн шүтлэгтэн болж мэдэхээр байжээ.
-Аавыгаа зөвшөөрсөн гэдгийг би хожим мэдсэн. Харин би христийн шүтлэгтэй болоогүй юм.
-Дараагийн удаа аль шашныхан ирж итгүүлж, үнэмшүүлэх гэж хичээх бол гэж бодож байв уу?
-Дараагийн удаа хэн ирэхийг би таашгүй шүү дээ. Гэхдээ хэн ч шашин сурталчлах зорилгоор надтай уулзаагүй юм. Муслимчууд 70 сайхан бүсгүй ирж шашнаас нь урвуулах гэж оролдсон ч хэн нь ч зөвшөөрөөгүй гэлцдэг.
-Та муслимын шашны талаар яаж ийм сайн мэддэг юм бэ?
-Буддын шашинтнууд хойд төрөл байдаг гэж итгэдэг. Хүн нас барахад сүнс нь дараа төрөлдөө ямар нэгэн амьтны биеийг олж төрнө. Хэрэв энэ насандаа сайн үйл хийвэл дараа төрөлдөө муухай амьтан болохгүй гэж үздэг. Энэ үзэл хэдийгээр хүнийг тайвшруулдаг ч эхнэр бид хоёр үүнд итгэдэггүй юм. Эхнэр минь цус харвасны дараа ярьж ч чадахгүй болж, хоёр жилийн турш хэвтэрт байсан. Гэхдээ энэ хүнд үед би түүний итгэл үнэмшлийг өөрчлөх гэж оролдоогүй. Бусдад ч тийм боломж олгоогүй. Учир нь энэ нь түүний бүхий л насаараа итгэж, үнэмшиж ирсэн үнэт зүйлийг үгүйсгэж байна гэсэн үг. Би яаж өөрийгөө тайвшруулдаг вэ гэхээр бодит байдлыг байгаагаар нь хүлээн авдаг. Заримдаа сонголт хийж, бодит байдалд нөлөөлж чадахгүй үе бидэнд тохиодог шүү дээ. Эхнэр минь хоёр жил хэвтэрт байх хугацаанд би орой ажлаасаа ирээд өдөр болсон үйл явдлын талаар нэг бүрчлэн ярьж, дуртай шүлгийг нь уншиж өгдөг байлаа.
-Ямар ном уншиж өгдөг байсан бэ?
-Хамгийн сүүлд Киплингийн “Ким”-ийг уншсан.
-Та хэдэн жилийн өмнө “Time” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Ноён Кихот”-ыг унших дуртай гэж хэлсэн байсан.
-Тийм ээ. Тухайн үед “Ноён Кихот”-ын шинэ хэвлэлтийг бэлгэнд аваад удаагүй байсан.
-Сонин л юм. Хүмүүс таныг реалист зохиолд дуртай, шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээлд дуртай гэж талцахаар болж байх шиг.
-Өө үгүй дээ. Би уран зөгнөлт зохиолд дурладаггүй. Яагаад “Ким”-ийг сонгосон бэ гэхээр эхнэртээ уншиж өгөхийг хүссэн хэрэг. Эхнэр маань номын шүүгээтэй. Тэнд нь “Алиса гайхамшгийн оронд” тэргүүтэй уран зөгнөлт зохиолууд олон бий. Тэднээс нүдэнд туссан нь “Ким”.
-Эхнэр тань эмнэлэгт хэвтэж байсан уу?
-Гэртээ байсан. Бид гэртээ эмнэлгийн зориулалттай ор авч, түүнийг асруулахаар сувилагч хөлсөлдөг байсан.
-Охин тань энэ талаар нийтлэл бичсэн байсан.
-Чи түүнийг яаж мэдсэн юм бэ?
-Нэг хүн надад зөвлөсөн юм. Тэрбээр нийтлэлдээ “Гэр бүлийнхэн минь бүгд л шаналж байна. Гэхдээ хамгийн их шаналж зовж, ээжийг минь асарч халамжилж байгаа нь миний аав” гэсэн байсан.
-Би үүнээс өөр юу хийж чадах билээ дээ. Би цөхөрч болохгүй. Амьдрал үргэлжилсээр л байна. Би өөрийгөө аль болох завгүй байлгах гэж хичээдэг. Гэхдээ өчүүхэн завсар гарах төдийд л бидний хамтдаа өнгөрүүлсэн сайхан мөчүүд, аз жаргалтай үе бодогдоод байх юм.
-Эхнэртэйгээ хамт байхдаа тэр тухай боддог уу?
-Үгүй дээ. Охин минь хуучны их олон зургуудыг цуглуулж, авсан байсан. Тэднийг хараад би өөрийнхөө ямар азтайг ойлгосон. Бид хамтдаа аз жаргалтай 61 жилийг өнгөрүүлжээ. Хэн нь түрүүлж явахыг мэдэхгүй. Христийн шүтлэгтнүүд гэрлэхэд “Эрүүл өвчтэйн алинд ч, зовж, жаргасан ч үхэх хүртлээ хайр сэтгэлдээ үнэнч байж чадах уу” гэдэг. Энэ их сайхан үг. Тиймээс би эхнэртээ “Би өөрийн чадах хэрээр чинийхээ нэг тал байх болно” гэж хэлсэн. Тэр минь ч ойлгосон.
-Хэт хөгшин болсон юм шиг, дэндүү олон жил амьдарсан мэт санагдаж байсан удаа бий юү?
-Сайн мэдэхгүй юм. Магадгүй л юм. Улс төр гэдэг сэтгэлийн дарамт ихтэй ажил. Нэг эмч надад эхнэрээ одоо явуулах цаг болсон гэж зөвлөж байсан. Хүн л болсон хойно харамсаж гашуудна, санана, гэхдээ л хамаагүй хөнгөрнө гэж билээ. Эхнэр минь хэвтэрт орсноос хойш хэдийнэ хоёр жил дөрвөн сар өнгөрсөн байна. Одоо бол энэ бүхэн надад дарамт зовлон биш миний амьдралын нэг хэсэг л болсон шиг санагддаг.
-Тэр хэдэн настай вэ?
-Надаас бараг гурван насаар эгч. Удахгүй 90 нас хүрэх гэж байна.
-Түрүү жил таны зүрх өвдөж байсныг тод санаж байан. Гэсэн ч та хөдөлгөөний идэвхтэй байсан хэвээр л байгаа хэрэг үү?
-Үе мөч өвддөг ч больж чадахгүй байна. Дугуй унасны дараа үе мөч өвддөг учраас долоо хоног бүр физик эмчилгээ хийлгэж байгаа.
-Хөгшрөлтийн шинж тэмдэг байх даа.
-Тийм ээ.
-Би 64 настай ч хэдийнэ үе мөч өвддөг болчихсон. Үүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй л байна.
-Хэрвээ дасгал хөдөлгөөн хийхээ больчихвол хийснээс илүү өвдөнө. Эмч нар надад тэгж зөвлөсөн юм.
-Тэгэхээр та дугуй унасаар л байх нь ээ?
-Тэгнэ ээ.
-Гүйдэг үү?
-Гүйдэггүй. Хааяа алхдаг.
-Бас усанд сэлдэг.
-Тийм ээ. Өдөр бүр усанд сэлдэг. Намайг тайвшруулдаг юм.
-Өөр нууц бий юү. Таныг халуун ус ууж байхыг харсан, тэр ямар учиртай вэ?
-Би цай их уудаггүй. 1980-аад онд Коммунист намынхантай уулзаж байх үеэр тэдний өгсөн цайг уутал давсаг дороо л дүүрч, гэдсэнд минь битүү ус байх шиг л санагдсан. Хожим нь эмч нар цай шээс хөөдөг гэж тайлбарласан юм. Бас кофенд дургүй. Гэдэс хямардаг. Тиймээс ус л уудаг даа.