“Тэр “Нүгэл буян” киноны Тоохуар хэмээх Насанжаргалын дүрд тоглохдоо ухааныг голлон жүжиглэсэн учраас зарим үед өрөвдмөөр, зарим үед жигшмээр, ерөнхийдөө уянгалаг дүр бүтээсэн байдаг билээ. Түүний охин Мядагмаа, Ловон лам, Найдан гэлэн, хүрээ Нямжав, хөдөө Шагдар зэрэг хүмүүстэй харилцаж байгаа хэсэг, багын явдлаа бодоод охиноо явуулж байгаа зэрэг нь үнэхээр нүгэл, буян хоёрыг ялгасан эхийн шинж мөн билээ” хэмээн Б.Равдан, Б.Шаравнямбуу нарын “Урлаг соёлын зүтгэлтэн II” номын “Дүр урлах ухаан” нийтлэлд тэмдэглэжээ. Монголын кино урлагийн 80 жилийн түүхийн хуудаснаас тодрох гоц дүрүүдийг онцлон бэлтгэж байгаа цувралынхаа энэ удаагийн хойморт Тоохуар буюу ардын жүжигчин Дашзэвэгийн Ичинхорлоог онцолж байна.
Ичинхорлоо гуайн тухай олон тэмдэглэл дурсамжид түүнийг дотоод сэтгэл, дүрслэн бодох ухааныг хослуулан жүжиглэдэг хурц ухаантай, уран авьяастай жүжигчин байсан хэмээжээ. Түүнчлэн жүжиглэлтэд нь дорно дахины жүжгийн гоё хээнцэр хэм хэмнэл, жигд хөдөлгөөн голлох боловч гадаадын жүжгүүдэд энэ намба төрхөө эвдэж тоглодог байсан гэнэ.
“Нүгэл буян” кино 1963 онд үзэгчдийн хүртээл болжээ. Энэ киноны зохиолыг Төрийн шагналт Д.Намдаг бичиж, ардын жүжигчин Д.Чимэд-Осор найруулсан. Харин зураглаачаар Ч.Цэнджав, зураачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Гоош ажиллажээ. Энэ киноны дууг мэдэхгүй хүн үгүй. Ард түмний сэтгэлд үүрд дурсагдаж, кинотойгоо хамт алдаршсан хөгжмийг нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д.Лувсаншарав бичсэн байна.
“Нүгэл буян” киноны гол дүрийн жүжигчид
Тоохуар-Д.Ичинхорлоо
Мядагмаа -Д.Дуламсүрэн
Найдан-С.Бужгар
Ловон-Л.Тэрбиш
Нямжав-Ц.Цэгмэд
Шагдар-Г.Гомбосүрэн
Галдан-Р.Дамдинбазар
Д.Ичинхорлоо гуай Архангай аймгиин Их Тамир сумын уугуул хүн. Нийслэл хүрээнд 11 настайдаа ирж, бага сургуульд орж, Сүхбаатарын клубт монгол ший гардгийг мэдээд урлаг уран сайхан сонирхох болжээ. Улмаар ааваасаа зөвшөөрөл авч Д.Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт сайн дураараа орсон түүхтэй. 1926 онд бага сургуулиа дүүргэж, төмөр утасны сургуульд (тээвэр, холбооны курс) орж, хичээлийнхээ чөлөөгөөр клубтээ “Хандармаа” дууг дуулж, жижиг үзэгдэлд тоглож, 1928-1929 онд Ховдын Монголтрансын өртөөнд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллахдаа Ховдын клубт жүжиг, концертод оролцдог байжээ.
“Монголтранс”- т ажиллаж байхдаа “Монголтранс” дууг зохиосон гэдэг. Энэ тухайгаа тэрбээр “… Хувь нийлүүлсэн Монголтрансын ерөнхий хорооноос Тамсагбулаг дахь цэргийн 15 дугаар хороог шийплэн авах ажил зохиогдож тэнд ажиллаж байсан авьяастай хөгжимчин улаан Жамбал, нарийн хоолойт Нацаг, хөгжимчин Чимэд, дуучин эмэгтэй Нямсүрэн, шанзчин Цэрэндулам бид нар тэрхүү шийпийн ажилд явалцах болж, концертын номеруудыг бэлтгэх ба тэрхүү цэргийн хорооны дарга, байлдагч нарт бэлэглэх, бүрэн хувцас болон соёлын зүйлүүд маш ихийг төхөөрч, гурван том ачааны машинд ачиж, Тамсагийн замд гарч, явах замдаа “Хувь нийлүүлсэн Монголтранс” гэдэг дууны үгийг бичиж, ардын дуу “Хулсан ташуур”-ын аялгуунд
Хувь нийлүүлсэн Монголтрансаас хөө
Хувьсгалын харилцааг байгуулахаар
Хурдан тэргийг хэрэглээд бидний биесээ
Хурц улаан тугаар баярыг хүргэе
Аж үйлдвэрийн Монголтрансаас
Ариун улаан цэргийнхээ
Арван тавдугаар хороотой бидний биесээ
Ажлынхаа холбоог бататгав аа нөхөд өө
Хатуу үйлдвэрийн Монголтрансаас
Гавшгай ажилчны өмнөөс нөхөд өө
Хамгаалах улаан цэргийн хороондоо
Бидний биесээ хөө Халуун баярыг хүргэе хөө… гэж аялан дуулав. Тэгээд замд тохиолдсон Хэнтий, Дорнод аймгийн Баянтүмэн сумын айлуудаар концерт тоглож дөрөв хонож Тамсагт очиж шийпийн ажлыг хийж, дарга, байлдагчид тоглолтоо үзүүлж, авчирсан бэлгийнхээ зүйлийг хүн нэг бүрт өгч, ихээхэн дотно элэгсэг, маш өргөн холбоо байгуулж, харилцан бие биедээ баяр хүргэж, бидэнд ч бэлэг сэлтийг өгч, дарга Лувсандоо бид хоёрыг 15 дугаар хорооны хүндэт цэрэг болгон, цэргийн бүрэн хувцсаар хувцасласанд, би маш их баярлан, цэрэг хувцас өмсөх эрхтэй болсон тул, хотод ирж цэргийн хувцсаа өмсөж, үеийн залууст гайхуулан онгирч ч явлаа” хэмээн бичиж үлдээсэн тэмдэглэл нь Монголын театрын музейд байдаг аж.
“Тайзны хатан хаан” хэмээн урлагийнханд хүндлэгдсэн энэ эрхэм авхай Улсын төв театрын дэргэдэх курст суралцаж төгсөөд театрт жүжигчинээр ороод анх “Уушаандар” жүжгийн охины дүрд тун чадварлаг тоглосноор уран бүтээлийн замнал, жүжигчний гараа нь эхэлжээ.
Түүнээс хойш 50 шахам жил Монголын театр урлагт жинтэй хувь нэмэр оруулсан гайхамшигтай жүжигчин, авьяаслаг хөгжимчин, дуучин хүн байлаа. Тэрбээр “Би биш”, “Харанхуй засаг”, “Харц Дамдин, хатан Долгор”, “Үнэн”, “Амарсанаа”, “Учиртай гурван толгой”, “Итгэж болно” зэрэг жүжиг, дуурь, “Монгол хүү”, “Цогт тайж”, “Нүгэл буян” киноны дүрээрээ ард түмэндээ хүндлэгджээ. Уран бүтээлч хүнд байх биеийн өгөгдөл, сайхан бүсгүйн намба төрх, ухаалаг зан түүнд бүгд цогцолсон байсан гэдэг.
Гэр бүлийн амьдрал нь харин тайзан дээрх шигээ амжилттай байсангүй. Хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр түүнийг ч бас дайрч, асар их тэвчээр, сэтгэлийн хатаар энэ бүхний ард гарсныг нь алтан үеийн зарим жүжигчин дурсамждаа дурдсан байх нь бий. Тухайлбал, “Нүгэл буян” киноны зураг авалтын үеэр Тоохуар охиноо явуулаад уйлж байгаа хэсгийн зураг нэг л болж өгөхгүй байж л дээ. Хэд хэдэн удаа үзээд болохгүй болохоор нь найруулагч Д.Чимэд-Осор гуай зураглаачдаа хандан “Би Ичинхорлоотой юм ярьж байгаад ирнэ. Чи бэлэн байгаарай. Намайг дохихоор зургаа авна шүү” гэжээ.
Тэд ярилцаж явсаар камерт дөхөж ирээд найруулагч зураглаач руугаа дохиж, тэр үед амжиж зургаа авчээ. Зургийн дараа Д.Ичинхорлоо гуай “ЧимэдОсор минь, чи миний сэтгэлийн шархыг хөндөж яах нь вэ дээ” гээд тэврээд уйлж байсан гэдэг. Энэ тухай хожим нь Д.Чимэд-Осор гуайн шавь ардын жүжигчин Д.Жигжидсүрэн дурсан ярьсан удаатай. Тэр хэсэгт ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуайн “Энэ хүрээ эрээн мяраан, эд мөнгөний өрсөлдөөн. Тэр мөртлөө бүсгүй хүний гоо үзэсгэлэнд ухаангүй ховдог.
Энэ бүхнийг би өөрийн биеэр үзэж туулсан хүн. Тийм ч учраас ганц охиноо өөрийнхөө энэ замаар явуулах гэж боддог байлаа. Тэгтэл охин минь ариун зам, саруул амьдралыг эрэн зугтлаа. Энэ нь зөв өө. Би эх болсон хүний нинжин сэтгэлийн үүднээс баясан үдэх ёстой” гэсэн монолог тун ч нийцтэй хосолж, сэтгэл тайтгаруулах шиг болдог. “Нүгэл буян” киноны дууг Д.Ичинхорлоо гуайн амьдралаас эхтэй, эзэнтэй дуу ч гэдэг.
Гоолингоогийн тухай ам дамжсан домог, түүхэнд ч түүний амьдралыг шигтгэсэн юм уу гэмээр дүрслэлүүд бий. “...Бяцхан тасалгааны бараг баганхи талыг эзэлсэн өргөн ханз орон дээр хэвтэж байгаа эмэгтэй хүний хар эмжээрт улаан торгон хөнжил хөдөлж, эцэнхий гар алгуур гарч ирснээ дээш огшсон хөнжлийнхөө захыг доош татаж, шургасан толгойгоо гаргав. Энэ бол Тоохуар гэгч, багын нэр нь Насанжаргал. Насныхаа залууд одоогийнхоо охинтой юутай адил байсан бол гэхүйц шинж тэмдэг тодорхой байвч мах мариа алга.
Өнгө зүс үхэнги, олон жил хүнд өвчинд нэрвэгдсэн болов уу гэлтэй. Гэвч тийм биш, дэрний хажууд ширээ, ширээн дээр нь бүдүүн голт ширмэн цөгц, хар тамхины ганс байгаагаар бүх хэрэг тайлбарлагдана” хэмээн Д.Намдаг гуайн “Нүгэл буян хоёр” (1961 он)кино туужид өгүүлдэг. Зохиолчийн дүрслэлийг бодит болгож, түүнээс хойших 50 гаруй жил Д.Ичинхорлоогийн урласан Тоохуараар энэ киног төсөөлж байгаа нь агуу авьяаслаг жүжигчний илэрхийлэл буюу.