Монголын анхны рок поп хамтлаг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гавьяатай уран бүтээлчид бол яалт ч үгүй “Соёл-Эрдэнэ”- ийнхэн. Хойтон 45 жилийн ойтойгоо золгох гэж буй тус хамтлагийг ямар цаг үед уран бүтээлээ туурвиж, ямар саад бэрхшээл туулж, ямар амжилтад хүрснийг, хамгийн гол нь монгол түмний оюун санаанд ямар үнэ цэнэтэй зүйл үлдээснийг мартах учиргүй билээ.
Мартаагүй байгаа гэдгийг ч өнгөрсөн пүрэв гаригт Чингисийн талбайд болсон “Соёл-Эрдэнэ” хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” тоглолтод хуран чуулсан олноос харж болохоор байв. Төв талбайд зассан 1000 хүний суудал тоглолт эхлэхээс цаг гаруйн өмнө дүүрч, үзэгчдийг хүрээлүүлсэн хашааны гадна доторхоос лав хоёр дахин олон хүн гурван цагийн турш зогсоогоороо үзвэр үзэцгээсэн юм.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар рок попын үүсэл хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийг “Алдрын од” шагналаар шагнах шийдвэр гаргаж, анхныхыг нь “Соёл-Эрдэнэ” хамтлагт гардуулсанд талархах хүн олон байсны илрэл энэ гэлтэй. “Соёл-Эрдэнэ”-ийн урын санд байдаг 300 гаруй дуунаас алийг нь сонгох, бас тэдгээрийг хэнээр дуулуулах вэ гэдэг бол үнэхээр “толгой өвтгөсөн” ажил байсныг хөтлөгч, эл тоглолтын ерөнхий продюсер Г.Ганхүү хэлсэн.
Хамтлагийн ууган гишүүдийн нэг, нэрт дуучин Баяраагийн хүү Хонгороор “Хотын гэрэлт гудамж”-ийг дуулуулж, тоглолтын салхийг хагалуулсан нь тун дажгүй сонголт болжээ. Өөрийн гэсэн өнгө төрх, донж маягаа хэдийнэ олсон залуу дуучид болох Тэнүүнээр “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”-г, Чойжоогоор “Нар ингэж инээдэг юм”-ыг, A Cool-ээр “Амин насны урсгал”-ыг, Хишигдалайгаар “Хунгийн дуу”-г дуулуулсан нь ч шинэлэг бас шилдэг сонголт байв.
Араас нь “Lemons”-ын Одноо, “Fire” хамтлагийн Далай гээд энэ цагийн шилдэг залуу дуучдыг сонгохдоо тэр цахим сүлжээгээр хамгийн их эрэлттэй байдаг гэсэн үзүүлэлтийг гол болгосон нь алдаагүйг үзэгчдийн алга ташилт харуулна лээ. Хууччуулаас Алтанцэцэг гавьяат Нандинцэцэг агсныг дурсан “Нислээ шүү дээ” дууг нь, “Харанга”-ын Лхагвасүрэн том Жагаа ахынхаа өөрт нь зориулж зохиосон “Сар шиг холын газар”-аа дуулж, үзэгчдийн цөсийг хөөргөөд авсан. Харин “Нисванис”-ын Амгаа захиргаадалтын үеийг зад егөөдсөн “Хүүш Дамдин”-г нь дуулахад үзэгчид үнэндээ гайхаж орхив.
Үзэж харах, дуулж шүүмжлэх гээд бүх зүйл нээлттэй болсон одоо цагт ингэж байгаа юм чинь социализмын үед “Соёл-Эрдэнэ”- ийнхэн ямархуу “эсэргүүнүүд” байсан нь илт. Гэхдээ л ахас ихсээ хүндэлдэг, даруулгатай хувьсгалчид байсан нь тоглолтын дундуур хөтлөгчийн уншиж сонирхуулсан нэгэн хурлын тэмдэглэлээс харагдана.
-Наранбаатар аа, чи яагаад одоо хүртэл урт үсээ тайруулахгүй байгаа юм бэ?
-Одоо гараад тайруулчихъя аа.
-Танай хамтлагийнхан үсээ тайруулахг үй байгаа нь чамтай холбоотой юу?
-Тийм байх аа.
-Тэгвэл одоо гараад үсээ заавал тайруулна шүү.
-За.
Ийм зүйл дээр хүртэл үзэл сурталддаг байсан 40 гаруй жилийн тэртээх хавчигдмал нийгэмд “Соёл-Эрдэнэ”-ийн залуус Монголын рок поп хөгжмийн үндсийг тарьж, үржүүлэн цэцэглүүлсээр өнөөгийн өнөр өтгөн их айлын гал голомтыг бадраасан түүхтэй. “Алдрын од”-нд анхны хүндэт зочид нь болж нэрээ мөнхөлсөн тус хамтлагийнхан хүндэтгэлийн тоглолтынхоо үеэр алдарт “Цэнхэр залаа”- гаа амьдаар тоглож үзүүлсэн нь гэнэтийн бэлэг байлаа.
Хамтлагийн ууган гишүүн Б.Наранбаатар гэхэд л ятгаа тоглоогүй хориод жил болсон ч үзэгчдийг хүндэтгээд тайзнаа гарахын тулд хоёр хоног өндгөө цэврүүттэл бэлтгэл хийсэн гэнэ лээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль явагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан эл тоглолтыг БНЧУ-ын Парламентын Доод танхимын дарга Ян Хамаачек тэргүүтэй албаны төлөөлөгчид үзэж сонирхсон юм.
Э.Бат-Үүл дарга тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Рок попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүстжил бүрийн долдугаар сарын 30-нд “Алдрын од” тэмдэг олгож, Соёлын төв өргөөний урд талд дурсгалын самбар байрлуулж, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна. Монголчууд биднийг ардчилсан сонгууль явуулж, эрх чөлөөгөө олж авахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс бол рок попынхон юм. Тиймээс хамгийн түрүүнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийнханд хүндэтгэл илэрхийлж байгаадаа баяртай байна” гэв. “Алдрын од” шагналын эздэд жил бүр “Хонхны дуу” цом, 100 сая төгрөг олгож байх бөгөөд “Соёл-Эрдэнэ” хамтлагийнханд энэхүү тоглолтын дараа анхны дээжийг нь гардуулсан юм.