Ангараг гариг дээр ажиллаж буй Америкийн станцууд Улаан нүдэнгийн талаар гайхалтай мэдээлэл, зургууд дамжуулж буй. НАСА-гийн мэргэжилтнүүд болон сансрын уудам дахь амьдралыг сонирхон судлагчид тэдгээр зургийг олон талаас нь задлан шинжилж, боловсруулж, элдэв мэдээллийг тайлан уншдаг. Үүнээс гадна түвэгтэй, олон дамжлагатай судалгаа хийлгүй бага зэрэг томруулахад л энгийн нүдэнд харагдах сонирхолтой дүрсүүдийг тэд олон нийтэд цацаж, мэдээлдэг. Энэ удаа маш тодорхой харагдах ийм нэгэн зургийг НАСА албан ёсны сайтдаа байршуулжээ. Ангараг гаригийн гадаргуу дээгүүр бөмбөлөг хэлбэртэй биет нисэж байгааг “Curiosity” станц дурандаа буулгаж, дэлхийд дамжуулсан байна. Тус гаригийн Шарп хэмээх уулархаг бүсэд ажиглагдсан эл биетийн талаар НАСА тайлбар хийгээгүй бол уфологичид олон янзын таамаг дэвшүүлсэн байна. Нэг хэсэг нь бөөрөнхий чулуу, эсвэл амьтан гэж байгаа бол нөгөө хэсэг нь мэдээж, харийнхан гэсэн байна. Юутай ч, Ангарагийн хөрснөөс хөндийрсөн бөмбөлөг хөдөлгөөнтэй байгааг тэр орчмын чулуунууд болон тухайн биетийн сүүдэр харуулж байгаа аж.