“Таньд 50 сая төгрөг, надад найман асуулт байна” гэсэн үгээр нэвтрүүлгээ эхэлдэг эрхмийг “Ням гариг”-ийн зочноор урилаа. Хэн болохыг та хэлүүлтгүй таньсан биз. Олны дунд даруухан, ухаалаг хэмээн үнэлэгддэг “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяртай утсаар холбогдон, зорилгоо хэлэхэд “Надад ярих зүйл байхгүй шүү дээ” хэмээн даруухан загнасан ч манай уншигчдыг хүндэтгэн ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн юм. Тэрбээр асуултад маань ихэнхдээ хоёр талтай хариулсан. Амьдралд туйлын үнэн гэж байдаггүй учраас тэр гэсэн.
-Та хэвлэлд ховорхон ярилцлага өгдөг юм билээ. Хэн нэгэн сэтгүүлч гомдоогоо юу?
-Ярилцлага өгөөгүй байхад гомдооно гэж юу байх вэ. Сүйдтэй ярих зүйлгүй болохоор ярилцлага өгдөггүй юм. Гэхдээ ганц нэг сонины сэтгүүлч ярилцлага авч байсан.
-Арван жилээ төгсөөд л МҮОНТ-д тайз засагчаар ажиллаж байгаад дуу оруулагч болсон. Тайз засагч хийгээгүй, дуу оруулагчаар ажиллаагүй бол жүжигчин болох байсан болов уу?
-Би жүжигчин, эсвэл өмгөөлөгч болно гэж боддог байлаа. Ахлах ангид орсон хойноо аль чиглэлд авьяастай вэ, ямар чиглэлээр явбал амжилтад хүрч болох вэ гэж бодсон. Би аливаа зүйлийг их ухаж ярьдаг. Иймээс өмгөөлөгч болбол, юм хоёр талтай байхад нэгийг нь харлуулж, нөгөөг нь товойлгон, “Үүнээс үнэн зүйл байхгүй” гэж баталж чадахаар санагдсан. Бас жүжигчин болох авьяас бага зэрэг байна уу даа гэж боддог байлаа. Тэгээд МҮОНТ-д ажиллаж, жүжигчин мэргэжлээ сонгосон. Өмгөөлөгч болохоор оролдож ч үзээгүй.
-Жүжигчин болоход тань хэн хамгийн их нөлөөлсөн бэ?
-Элбэгсайхан, Нэргүйбаатар, Цэмпилмаа, Батцэцэг, Наранбаатар гээд МҮОНТ-д кинонд дуу оруулдаг алдартай жүжигчид “Миний дүү жүжигчний мэргэжил эзэмшиж, сургуульд сурах ёстой. Энд дээд боловсролтой хүн ажилладаг юм. Дээд боловсрол эзэмш” гэж зөвлөсөн. Кино драмын жүжигчний ангид шалгалт өгч, тэнцээд, хажуугаар нь ажлаа хийн, сургуулиа төгсөж байлаа.
-Аливаа зүйл хоёр талтай. Энэ мэргэжил танд нэр төр, алдар хүнд өгсөн. Харин таниас юу авсан бэ?
-Надаас авсан зүйл байхгүй. Би л их зүйл авсан.
-Жүжигчин бүрт бүтээхийг хүсдэг дүр байдаг. Таны мөрөөдлийн дүр хэн бэ?
-Одоо ч тэрэнд, энэнд тоглох юмсан гэж бодогдох нь бага болж. Оюутан байхдаа Макбетэд тоглох юмсан гэж боддог байсан. Оюутан ахуй цагтаа тоглосон. Одоо бол тоглохыг хүсдэг дүр байхгүй. Хурдтай хөгжиж байгаа энэ цаг үе, зах зээлийн нийгэмд “Би тийм дүрд тоглоно” гээд сууж байх цаг зав ч алга. Тааралдсаныг нь өөрийнхөө чадах чинээгээр, сайн гаргахыг л оролдож байна.
-Амьдрал дээрх таны дүр хэн бэ?
-Би олон дүртэй. Маш даруухан болж харагдаж чадна. Заримдаа яриасаг болчихсон ч байдаг. Эсвэл нэг их хөгжилтэй хүн хавь ойрынхоо хүмүүсийг инээлгээд явна. Миний сэтгэл зүй, тэр өдрийн темперамент ямар байгаагаас болдог юм уу даа. Гэхдээ би айхтар уурлаад байдаггүй.
-Олон хүн таныг даруухан, ухаалаг гэж дүгнэдэг. Та тэгж харагдахыг хүсдэг болохоороо тийм дүр бүтээдэг үү?
-Үгүй ээ. Миний төрх тэгж харагдуулаад байх шиг байгаа юм. Тэрнээс биш би дав даруухан хүн биш л дээ (инээв).
-Даруухан гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Хэр баргийн зүйлд оролцдоггүй, өөрийнхөө бодол, санааг илэрхийлдэггүй хүнийг хэлдэг байх. Бас бусдыг хэт хүндэлдэг хүнийг хэлдэг юмуу даа. Бусдыг хүндлэх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий их хүндлээд, өөрийгөө хойш нь татаж болохгүй.
-Нас бол тоо, ер юу ч биш гэх нь бий. Таны амжилтад нас хэр нөлөөлсөн бэ?
-Би цаг хугацааг дэмий өнгөрөөгөөгүй. Амьдралын цаг мөч бүхэнд хожиж яваа хүн.
-Гол болон туслах дүрд тоглож, кино зохиол бичиж, найруулж үзлээ. Аль нь илүү хэцүү байх юм?
-Цаг нь тулахаар бүгд хэцүү. Бүтээхэд амархан дүр, бичихэд хялбар зохиол, толгойгоо өвтгөлгүй найруулсан кино байхгүй. Талх барьсан ч хугацаагаа харахгүй бол түлэгдэнэ.
-“Тв коктейль” хамтлагийнхан олон кино хийсэн. Кинонуудаа хэр үнэлдэг вэ?
-Хийсэн кинонуудаа бид үнэлэх нь хаашаа юм. Хүмүүс л үнэлнэ. Тэд янз бүрээр л хэлдэг. Зарим нь “Сайн кино, сайн дүр болсон байна. Баяр хүргэе” гэж байхад нөгөөгийнх нь дурамжхан байгаа нь царайнаас нь харагддаг. Гэхдээ хүмүүс дурамжхан байгаагаа шууд хэлдэггүй шүү дээ. Нилээн мэдрэмжгүй хүн л нүүрэн дээр шууд хэлдэг байх.
-Урлагийн гол үүргүүдийн нэг нь соён гэгээрүүлэх. Гэтэл сүүлийн үеийн монгол кинонуудыг нөгөөгөөсөө ялгарах зүйлгүй, хоосон инээд хөөсөн, бүдүүлэг үг хэллэгтэй болчихсон гэж шүүмжилдэг. Үүнтэй санал нийлэх үү?
-Кино 100 гаруй жилийн өмнө сонин содон зүйл байлаа. Улс төрийн зэвсэг ч болж үзлээ. Урлагийн бүтээл болтлоо ч хөгжлөө. Одоо кино мөнгө олох гэж хийдэг бизнес болсон. Ер нь бол кинонд орлого чухал. Хэдэн төгрөгөөр кино хийх, хэдэн төгрөг олох, хэр зэрэг нэр алдар авчрах юм гэж ярина уу гэхээс биш өөр юм бодоход төвөгтэй. Тийм учраас манай уран бүтээлчид инээдмийн кино их хийж байна. Инээдмийн киног олон хийхээр адилхан юм шиг харагдалгүй яах вэ. Ядахад Монгол маань цөөхөн хэдэн жүжигчинтэй. Тэд нар нь хэдэн кинондоо ээлжлээд тоглодог. Дээхнэ үед гардаг байсан шиг, хөгжилтэй орнуудад хийж байгаа мелодрам, түүхэн чиглэлийн кино, бүтээл хийе гэхээр шатахад хүрээд байна. Баян хүн дуртай зүйлээ хийж, өөрийгөө баясгах зорилгоор ийм кино хийнэ үү гэхээс амьдралаа залгуулах гэж яваа жүжигчид, уран бүтээлчид олон хүн үзэх инээдмийн кино хийж байгаа.
-Таныг юу чимдэг вэ?
-Ёстой мэдэхгүй юм.
-Таны дуу хоолойнд дурлаж байсан хүн байдаг уу?
-Дурласан гэх нь хаашаа юм. Манай эхнэр намайг гоё дуу хоолойтой гэж анх харсан гэсэн.
-Айн Рендийн “Миний худалдаж авсан нөхөр” өгүүллэгийг уншиж байсан уу?
-Үгүй. “Эх сурвалж”, “Атлантын нуруу тэнийв”, “Капитализмыг өмөөрөхүй” зэрэг номыг гарчигласан. Коммунизмын дуу хоолой Максим Горький байсан бол Айн Ренд капитализмынх. Тухайн үеийн капиталист нийгмээ аюулаас аврах гэсэн ухуулагч болохоос зохиолч биш гэж боддог. Зохиолч гэж боддог хүмүүс үүнийг уншвал уучлаарай.
-“Миний худалдаж авсан нөхөр”-т Иринэ гэх бүсгүй нөхөртөө хайртай ч, түүнийг өөр бүсгүйд дурласныг мэдээд, түүнд хайргүй болсон гэж хэлээд салдаг. Миний бодлоор эмэгтэй хүнээс л ийм зориг гарах байх. Эрэгтэй хүнээс ийм зориг гарах болов уу?
-Ер нь эмэгтэй хүнээс л огцом шийдвэр их гардаг. 360 градус эргэсэн ийм шийдвэрийг эмэгтэйчүүд л гаргадаг байх гэж би боддог. Эмэгтэй хүмүүс их тэвчээртэй. Түүнтэйгээ адилхан зоригтой.
-Нууц амрагийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Яг ийм, тийм гэж хэлэхэд хэцүү. Нийгэмд маш олон хүн нууц амрагтай, бас тийм тооны хүн нууц амраггүй байна. Тэр хүмүүсийн алиных нь талд орж ярих вэ. Энэ нийгэмд бүх хүн нууц амрагтай байна уу гэвэл үгүй. Гэр бүлдээ үнэнч, сайхан амьдарч байгаа хүн зөндөө бий. Гэтэл тэр хүмүүсийн хажууд би “Нууц амрагтай байх ёстой” гээд яривал хэтэрхий муухай харагдана. “Хэзээ ч тийм байх ёсгүй” гэж тунхаглавал яалт ч үгүй сэтгэл алдраад, нууц амрагтай болчихсон хүмүүс “Амьдрал дээр өөр байдаг юм” гэнэ. Би энд дүгнэлт хийх хэрэггүй.
-Насаараа нэг хүнийг хайрлах хэцүү биш үү?
-Насны эцэст л хэцүү байсан эсэх нь мэдэгдэнэ.
-Хэрэв цаг хугацааг буцаавал та аль үед очих вэ?
-Би маш олон цаг үед очиж үзмээр санагддаг. XIII зууны монголчуудын байлдан дагуулалт, монгол гэдэг үндэстэн дэлхий дээр буй болж байсан тэр үеийг хармаар байна. Европын сэргэн мандалт, дэлхийн I, II дайн гээд ер нь олон зүйл үзэх байсан.
-Та 2013 онд “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Ерөнхийлөгчийн дүрээр Гэгээн муза хүртсэн. Дараа жил нь соёлын тэргүүний ажилтан болсон. Энэ хоёрын аль нь танд илүү үнэ цэнэтэй вэ?
-Аль алин нь үнэ цэнэтэй. Шагнал, урамшуулалд их, бага гэж байдаггүй байх. Тухайн үед хүнд урам хайрлаж, баярлуулж, сэтгэлийн таашаал өгч чадаж л байвал тэр шагнал.
-Соёлын тэргүүний ажилтан цол танд хэр үнээр олдсон бэ?
-Дээхнэ үеийг бодвол амархан авчихав уу даа гэж боддог. Коммунизмын үед он удаан жил уран бүтээл хийж байж, олны танил болчихоод, ихээ удсан хойноо энэ цол авсан ахмад уран бүтээлч зөндөө байсан. Тэдний хажууд арай эрт авчихсан юм шиг санагддаг. Гэтэл одоо соёлын тэргүүний ажилтанг зарим нь сургуулиа төгс өв үү, үгүй юү, ганц нэгхээн уран бүтээлд оролцоод авдаг болсон байна. Тэдний дэргэд бол манай “Тв коктейль” хамтлагийнхан хожуу авсан санагддаг. Би ер нь юмыг хоёр талтай яриад байна уу?
-Тийм байна. Та хүн бүрт таалагдахыг хүсдэг болохоор тэр үү, эсвэл олон зүйл мэддэг болохоор хоёр талтай яриад байна уу?
-Ер нь амьдралд туйлын үнэн гэж байдаггүй. Би ном хэт их уншсан. Тэр хэрээр мэдлэгийн цар хүрээ тэлдэг. Аливаа зүйлийг амархан ойлгодог, дүгнэдэг болдог. Гэхдээ тэр дүгнэлтээ хэзээ ч ил гаргаж, энэ ийм шүү гэж ярьдаггүй болчихдог юм билээ. Яагаад гэвэл амьдрал олон талтай, баялаг учраас юмыг аль ч талаас нь тайлбарлаж болно.
-Шагнал үнэгүйдсэний шалтгаан юу вэ?
-Үнэгүйдчихээд байгаа юм уу, үнэтэйдчихээд байгаа юм уу. Сайн мэдэхгүй л байна.
-Баян хүн гэж хэнийг хэлэх вэ. Та баян хүн үү?
-Хүмүүс янз бүрээр ярьдаг. Зарим нь байгаа амьдралдаа хангалуун, хүсэл мөр өөдлөө биелүүлж яваа хүнийг, нөгөө нь үр хүүхэдтэй, өнөр өтгөн ам бүлээрээ амьдардаг хүнийг баян гэдэг. Сэтгэлээр, эд баялгаар, мэдлэг чадвараар, найз нөхдөөр баян байх гээд их олон төрөл байна. Би зарим талаараа баян, зарим талаараа ядуу.
-Үр хүүхдэдээ юу өвлүүлэхийг хүсдэг вэ?
-Ухаантай л хүн болгон өсгөж, суурийг нь зөв тавих юмсан гэж боддог. Ухаантай байхад амьдрал болно доо. Ухаантай хүн энэ амьдралыг таньсан учраас үхэхдээ ч харамсдаггүй.
-Ухааныг юунаас олж авах вэ?
-Юунаас ч олж авч болно. Заавал номноос олж авна гэсэн зүйл байхгүй. Амьдралаас, найз нөхдөөс, эргэн тойрноосоо, алдаанаасаа ухаарч болно. Хамгийн гол нь амьдралд нуруутай, ухаалаг, зөв шийдвэр гаргадаг байгаасай. Бүдүүлэг, дээрэнгүй, ухамсаргүй хүн битгий болоосой гэж боддог. Тийм хүн их муухай харагддаг. Ядаж л маш олон хүний хараал идэж амьдардаг.
-“Motive” хамтлагийн Сайнаа та хоёрыг 13-ын автобусны буудал дээр хүмүүсийн гарын үсэг цуглуулаад зогсож байсан гэсэн. Ямар учиртай юм бэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан. Тухайн үед нэр дэвшиж байсан одоогийн Ерөнхийлөгч Элбэгдоржийг дэмжиж байгаа хүмүүсийн гарын үсэг, утасны дугаарыг тэмдэглэж авсан юм. Утасны дугаар авдаг нь баталгаажуулж байгаа хэрэг. Хоосон гарын үсэг хэн ч зурна шүү дээ. Дэмжих нэг нь дэмжиж байсан.
-Энэ таны итгэл үнэмшлээрээ хийсэн ажил уу, эсвэл цалин авахын тулд хийсэн үү? -Хүний итгэл үнэмшил үргэлж хувирч байдаг. Тухайн үед Элбэгдорж Ерөнхийл өгчийг дэмжиж байсан.
-Одоо дэмжихээ больсон гэсэн үг үү?
-Дахиж нэр дэвших байсан бол дэмжихг үй байсан байх.
-Танай хамтлагийн жүжигчин ЦэндАюуш нэгэн ярилцлагынхаа үеэр таныг “Их мэдэх” гэсэн. “50 саяын уналт”- ыг үздэг олон хүн таныг нэвтрүүлэгтээ оролцвол ялагч болно гэж боддог. Гэхдээ та оролцохгүй гэж ярьсан байсан. Мэдлэг биш аз сорьдог болохоор тэр үү?
-Би мэдэхгүй хүний хажууд юм мэднэ. Мэддэг хүний хажууд өчүүхэн хүн. Дээрээс нь аз бас нөлөөлнө. Тэгээд ч хөтлөгч нь нэвтрүүлэгтээ орж болохгүй байх. Муухай шүү дээ. Хөтлөгч нь мөнгө хожих гээд байгаа юм уу, эсвэл өөрийгөө мэдлэгтэй гэж гайхуулах гээд байгаа юм уу. Тэрэн дорвол анх оноогдсон хөтлөгчөө хийгээд явж байсан нь зохистой.
-Та азанд итгэдэг юм байна. Хэр азтай вэ?
-Айхтар азтай хүний хажууд хэлэхэд ичмээр. Тэрнээс биш азгүй хүний дэргэд бол азтай байх. Бас л хоёр талтай хариулчихав уу. Би яагаад ингэж яриад байдаг юм болоо.
-Угаасаа л ингэж ярьдаг юм уу?
-Ер нь ингэж ярьдаг байх. Би аливаа зүйлд ам гардаггүй. Амьдралд юуг ч хэлж мэдэхгүй. Гэхдээ халаасандаа сохор зоосгүй байсан ч халаас дүүрэн алттай юм шиг л инээгээд зогсож байх ёстой гэж боддог.
-УДЭТ-т жүжигчин болох таны мөрөөдөл гэж сонссон. Мөрөөдлөө биелүүлэхээр оролдсон уу?
-Би УДЭТ-т ажилласан. Оюутан байхад театрт орчихвол жүжигчин боллоо гэж боддог байлаа. Тэр хүслээрээ драмын театрт дагалдан жүжигчин хийн, туслах дүрд тоглож, олны хэсэгт гаран, туслах найруулагч ч хийж үзсэн. Эцэст нь телевизээс ажлын санал тавьснаар гарсан. Яагаад ч юм, заавал театрын тайзан дээр жүжиглэх хэрэгтэй юмуу гэж бодогдоод эхэлсэн.
-Та хөлбөмбөг сайн мэддэг. Монгол хөлбөмбөгчдийн ирээдүйг яаж харж байна вэ?
-Монголчуудыг нийтээр нь харахаар соёлгүй, бүдүүлэг хүмүүс. Анзаарвал хүн муутай ч юм шиг. Гэвч тэр дунд маш сайн, авьяаслаг, гайхамшигтай хүмүүс байдаг. Үүнтэй адил Монголоос шилдэг хөлбөмбөгчин төрнө. Харин хөлбөмбөгийн шилдэг баг гарч ирэхэд удах болов уу. Бүхэл бүтэн 11, сэлгээний бүрэлдэхүүнтэйгээ 25 хөлб өмбөгчинтэй, шилдэг баг төрөхөд хугацаа хэрэгтэй.
-Таньтай утсаар ярихад “Бага нас, нутаг ус, гэр бүлийнхээ тухай ярихгүй” гэсэн. Гэр бүлээ бүхний нүдэнд ил байлгахг үй гэсэн хүслийг тань ойлгож байна. Яагаад нутаг ус, бага насаа ярьдаггүй юм бэ?
-Яагаад гэдгийг нь ч хэлж болохгүй байна.
-“Урлаг бол ухамсартайгаар болоод ухамсартайгаар үйлдсэн бүхний гэрлэлт юм” гэж найруулагч, зохиолч, яруу найрагч Жан Кокто хэлсэн байдаг. Таны гэрлэлт хэр удаан настай вэ?
-Энэ амьдрал дуусан дуустал байх. Би зарим хүн хийж байсан ажлаа хойд насандаа ирээд дахин үргэлжлүүлдэг гэж боддог.